|
Видео

Шинэ мэдээ

"Оюутолгойн гэрээг би эсэргүүцэж байхад Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж байсан"

 

"Оюутолгойн гэрээг би эсэргүүцэж байхад Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж байсан"

 

УИХ-ын хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ–ын гишүүн Ц.Даваасүрэн:

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хууль зөрчиж, хоёр асуудлыг зөрчсөн байдаг юм. Нэг нь, Эрдэнэтийн 49 хувийг мөн УИХ-тай зөвшилцөхгүйгээр шийдчихсэн. Дубайн гэрээ мөн адил. 4.7 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөхгүйгээр Дубайд очоод байгуулчихсан. Гэтэл орж ирсэн энэ тогтоолын хоёрт нь хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулсан гэсэн байна. Оюутолгойн гэрээг би анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг нь. Одоо ч гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Ингэлээ гээд надад ямар ч хариуцлага оногдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүнийг алдааг би хэзээ ч зөвтгөж чадахгүй.

"Turquoise Hill Resources” Монголын баялгийг барьцаалж, хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгочхоод, тэр мөнгөө буцаагаад манайд зээлүүлчихсэн. Энэ чинь луйвар биш өөр юу юм. Өнөөдөр энэ зээлд төлж байгаа хэмжээ нь манайд татвар төлж байгаа төлбөрөөс нь өндөр. Хэрэв шударга шүүх гэж байдаг бол энэ нь цэвэр дээрэм.  Гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй, энийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан учраас айлын талд одоо алдах юм байхгүй. Цаг хугацаа тэднийг шүүнэ. Оюутолгойн асуудлыг гадаад талаас айж шийдэж болохгүй. Цэвэр луйврын хэлэлцээр болсон.

УИХ–ын гишүүн Б.Баттөмөр:

Оюутолгой орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулж байгуулсан. Тус ажлын хэсэг 86 дүгнэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Үүний дараа нь буюу 86 дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг надаар ахлуулж, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрөгч зургадугаар сарын 03-ны өдөр байгуулсан. 86 дүгнэлтийн хүрээнд бид ажилласан. Нийт есөн төрлөөр тогтоолын төсөл боловсруулж, ес дахь хувилбарыг УИХ-д өгсөн. Мөн Засгийн газар, ҮАБЗ-ийн саналыг аваад дахин оруулж ирсэн. Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй. Тогтоолд нийцүүлэн сайжруулах гэж бий. Сайжруулах гэдэг үгийг ярилцаж байгаад авч болно. Төсөл хэрэгжээд 10 жил болж байна. Төслийг сайжруулах чиглэлд явах болов уу гэж бодож байна. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах, дагалдах элементийн асуудлыг авч үзээд ТЭЗҮ-ийг дахин хийх саналыг Оюу толгойгоос Засгийн Газарт өгсөн юм билээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Бидэнд алдаатай зүйлс бий. Гишүүд энэ асуудалд өөрсдийнхөө сул талыг бага ярьж алдааг яаж засаж сайжруулах уу гэдэг талаас нь яриасай гэж хүсч байна. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш Рио-Тинто компанийн талаас уулзъя гэж маш олон удаа и-мэйл болон таньж мэдэх хүмүүсээр дамжуулж утсаар ч холбогдсон. Би нэгэнтэй нь ч уулзаагүй. Бид нэг цонхны бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол бидний ярьсан зүйл дээр айлын талаас ажиллаад байгаа тал байна шүү. Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талаас гурван хүн ажилладаг. Энэ хүмүүс маш муу ажиллаж байгаа. Тэдний идэвхтэй байр суурь нь ажиглагдахгүй байна. Би энэ төслөөс хувь хүртэх бус сүүлдээ өрөнд орж байна. 34 хувийг эзэмшдэгийнхээ төлөө өрөнд орж болох уу. Мөн сая шүүх дээр юу болов уу. Засгийн газрын итгэмжлэгч төлөөлөгч нь үүнд тайлбар өгөөч.

ЗГХЭГ–ын дарга Л.Оюун–Эрдэнэ:

Асуудалд нэг цонхоор харах гэдэгтэй санал нэг байна. Гишүүд айлын талаас уулзъя гэсэн санал болгоныг хүлээж аваад дээр, дооргүй уулзаж, тал талаас утасдахаа болих хэрэгтэй. Өнөөдөр УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газар ажлаа хийх боломжийг олгох ёстой. Өнгөрсөн хэдэн сард хэлцэл хийх боломжгүй нөхцөл байдалтай явж ирсэн. Нэг цонхтой холбоотой асуудлыг цаашид хаана хаанаа бодох ёстой. Албаны хүмүүс, Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарт ч би анхааруулсан. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол болон захирамжийн шинжтэй байж болно гээд заачихсан. Гэхдээ Засгийн газрын явж ирсэн өмнөх нийтлэг жишгээр өндөр дүнтэй гэрээ, хэлцэлтэй холбоотой аль эсвэл хөрөнгө шийдэгдэхтэй холбоотой асуудлууд Засгийн газрын тогтоолоор албажих ёстой. Бүх яамнаас санал авах ёстой. Энэ процедургүйгээр Дубайн гэрээг байгуулсан гэж үзэж болохоор байгаа. Шүүхийн шийдвэр нь ч гарсан. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авна. Үүний дараа ярилцаж байгаад цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ.

Оюутолгой ХХК–ийн ТУЗ–ийн дарга Ц.Түмэнцогт:

Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүний хувьд ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу Эрдэнэс Монгол компаниас удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, эрчим хүчний асуудал, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашгаар авахаар байгаа. Тиймээс гэрээнд заасан өгөөжөөс гадна Монголын талын өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алсдаа нэмүү өртөг шингээх төслүүдийг яамтай хамтран хийж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд бид анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг "Эрдэнэс Монгол" барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.

УИХ–ын гишүүн А.Сүхбат:

Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Усны хэрэглээ дээр ямар бодлого барьж байна вэ?

"Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал Ц.Түмэнцогт: 

Оюутолгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргуугийн усыг ашиглахад бэлэн байгаа. 

БХБ-ын сайд Х.Баделхан:

Оюутолгойн төсөвт оруулах мөнгө нь "Эрдэнэт"-ээс бага байгаа. Үүнийг олон түмэн мэдэж байгаа. Тиймээс энэ гэрээг засч сайжруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гадаадын үндэстэн дамнасан том компаниуд жижиг орныг, дээр нь улстөрчид нь ашиг сонирхлын зөрчилтэй ийм улсуудын урьд нь ороод хөтөлчихдөг юм билээ. Гар хөлүүд нь хуульд эвтэйхэн шургуулчихдаг. Яаж одоо урьд гарах уу гэдгийг ярих ёстой. Баялгийнхаа эзэн болоход юунаас нь айгаад байдаг юм бэ. Хайгуулын зардалд 150 сая ам.доллар тохиорсныг нь 750 сая ам.доллар болгоод биччихсэн байх жишээний. Далд уурхайн бүтээн байгуулалтад дахин хөрөнгө шаардлагатай болсон.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан. Явцдаа байгуулсан нийт есөн гэрээнээс хоёр нь мөнгө зээлсэн гэрээ. Хамгийн сүүлд Дубайн гэрээг аваад үзэхэд Монгол Улс 2041 он гэхэд үлдэж байгаа 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Хувьцааны санхүүжилт, зээлийн санхүүжилт гэж хоёр зүйл бий. Хувьцааны санхүүжилтэд дандаа зээлээр хийгдсэн байдаг. Дэлхийн 15 том банкнаас зээл авсан. Засгийн газар айлын талтай сайн ярилцах ёстой. Баталгааны шимтгэл авч байгаа нь мөн асуудал. Монголын талын төлөх өр лайбертайгаа нийлээд 9.2 хувийн хүүтэй төлөх өр нь өссөөр байгаа. ТЭЗҮ таван жил тутамд шинэчлэгдэх учиртай. Жилд 5500 тонн зэс гаргана гэвэл үндсэндээ 70 жилийн нөөц байна гэсэн үг. Энэ нөөц өсөх магадлал өндөр бий. Жилд 20 тонн алт гаргана гэвэл 2015 оны ТЭЗҮ-ээр 1100 тонн гэж үзэхээр 55 жил ашиглах нөөц байна. Мөн нэмэгдэх магадлалтай. Ирэх 2020 онд ТЭЗҮ-г шинэчлэх үүргийг Засгийн газарт өгч байгаа. Дубайн гэрээнд зургаан тэрбум ам.долларыг босгоно гэж заачихсан. Үүнээс 4.3 орчим тэрбум ам.доллар зарцуулагдсан гэсэн мэдээлэл бий.

Ажлын хэсэг:

Анхны ил уурхайн бүтээн байгуулалт дээр ТЭЗҮ-р орсон зардал нь 1 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Таны анх хэлсэн өссөн дүн гэж байгааг нарийвчлан тодруулаад танд бичгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Тогтоолын төслийг дэмжиж байна. Оюутолгойн нөөц дуусах хүртэл бараг 100 жилийн мөнхийн хэрүүл болох нь л дээ.

УИХ, Засгийн газар алдаа завхралыг засч залруулж, цаашид зөв голдрилд нь оруулах эрхэм үүргийг хүлээлээ. Бид дутуу дулимаг хийх юм бол цаашид үргэлжлэх попролтын сэдэв болно. Тогтоолын төсөл харьцангуй сайн болсон гэж үзэж байна. ҮАБЗ хуралдсан. Хуралдаанаар Оюутолгойн төсөлд Монгол Улсын баримтлах байр суурийг зөв, оновчтой чиглэлд өгсөн байна. Тогтоолын төслийн гуравдугаар зүйл дээр хоёр тал тохиролцоод анхны Оюутолгойн гэрээг засаж сайжруулах боломж байна гэсэн дээр би анхаарч байна. Бид үүн дээр фокуслаад алдааг нь засах хэрэгтэй. Бид үндсэндээ нэг тэрбум ам.долларын өртэй. Үүндээ 34 хувиа өгөөд эргүүлээд гэрээнд өөрчлөлт оруулаад онцгой рояалти таван хувийг нэмээд үндсэндээ рояалтийг 10 хувь болгох боломж байна. Тэгэхээр тухайн үеийн Лондонгийн биржийн ханшаар бодож, авбал жилд үйл ажиллагаанд  хугацаа алдахгүйгээр  70-80 хувийн ашиг хүртэх боломж байна. Ингэж л асуудлыг шийдвэрлэхгүй бол хэрүүл хэзээ ч дуусахгүй. Засгийн газар энэ чиглэлд анхаарал хандуулахыг хүсье. ТЭЗҮ-г хэн ч хянаж чадахгүй байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Анх Оюутолгой төслийн гэрээ байгуулагдахад Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн талхны зурагтай рекламууд нь тавигдсан. Энэ талхны 70 хувь нь Монголчуудад очно, 30 хувь нь хөрөнгө оруулалтын талынх гэсэн том реклам гарч байсныг бүгд санаж байгаа байх.Гэрээ зурагдаад 10 жил боллоо, талхны 70 хувь бидэнд ирсэн эсэхийг харах хэрэгтэй. Тоонуудыг бодитоор харж бид хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь болсон.  Монголчууд 1.4 тэрбум доллартай өрөнд орсон. Өдөр бүр өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсон байна. Уг нь бол хувьцаа эзэндээ ногдол ашиг авчирдаг байх ёстой. Гэтэл хувьцааны эзнээ өдөр бүр өрөнд оруулдаг ийм хувьцааны эзэд яагаад бид болчхов гэдгийг яримаар байна.

Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартай тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин ихсээд 11.1 тэрбум ам.доллар болчхоод байна.  Хамгийн том хөрөнгө оруулагчтайгаа татварын маргаанд орсон. 2010-2012 онуудын санхүүгийн тайланд 3.2 тэрбум ам.доллартай тэнцэх санхүүгийн зөрчил гарсан байна гээд ажлын хэсгээс дүгнэлт гаргасан. Мөн менежментийн төлбөрийн асуудал. Монголчуудын талд энэ төлбөр нь маш сөрөг нөлөө үзүүлж байгаа.  Энэ нь цаашид 2 тэрбум ам.долларт хүрэх юм билээ. 2023 онд хүртэх байсан бидний ашиг хүртэх хугацаа 2041 он болж хойшлогдчихсон. Хэрэв хөрөнгө оруулалт нь нэмэгдэх юм бол хугацаа улам хойшилно. Хөрөнгө оруулагч тал гэрээгээ огт биелүүлэхгүй байгаа. Жилд 130-140 сая долларыг зөвхөн эрчим хүчинд төлж Хятадад алдаж байна. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр аль хэдийн эрчим хүчний станцаа барьчихсан байх байсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бид тоотой ярих ёстой гэдэг нь үнэн. Чээжнийхээ бангаар олон юм ярьж хэрэггүй. Тоотой үндэслэлтэй ярих ёстой. 11.1 тэрбум ам.долларын өнөөдрийн өрийг авч үзвэл 2041 онд Монгол Улс 16 хувийг нь л худалдаж авна. Хэрэв цаашид хөрөнгө оруулалт нь нэмэгдвэл 2018 он болж хойшлогдоно. 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл энэ заалтаа дунд нь хүчингүй болгоод мөнхийн урд хөршөөс эрчим хүч худалдаж авахаар болгосон. Өнөөдөр анхны гэрээний заалт хэвээрээ. Жилд 200 гаруй сая долларыг эрчим хүчинд зарцуулж байгаа. Сүүлд энэ мэдээллийг тодруулж асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр Оюутолгой компани цахилгаан станц барихад 1 тэрбум доллар хэрэгтэй, зөвхөн станцын шугамыг барихад 300 сая ам.доллар ингээд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр цахилгаан станц барих юм байна лээ. Гэтэл адилхан тэнд нь  1.3 дахин бага үнээр буюу 500 сая доллараар станц барих саналаа Монголын компани өгсөн байсан. Татварт мөн асуудал их байгаа. Жил бүр татварын маргаан гардаг.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Ажлын хэсэгт орж ажилласан. Нийт 86 төрлийн үүрэг, чиглэл бүхий дүгнэлттэй танилцаж санал байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын төслийн тавдахь заалтад говийн бүсийн гүний уурхайг ашиглах нөхцөлийг харгалзан тогтооно гэсэн асуудал тогтоолын төслийн хамгийн чухал нь гэж харж байна. Газрын доорх ус, говийн газрын доорх ус нөхөгдөшгүй том баялаг. Алт эрдэнэсээс илүүтэй. Цаашид уул уурхайн компаниуд говийн бүсэд үйл ажиллагаа явуулахад нэн түрүүнд анхаарах ёстой асуудал нь говийн гүнийн ус.  Мөн төслийн долдугаар хэсэгт байгууллагын чадамж болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх талаар тусгагдсан нь маш зөв. ОТ төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Монголын шилдэг сэхээтнүүд ажиллаж байгаа. Бид дэлхийн тавцанд томоохон уул уурхайг удирдан ажиллах боломжийг өнгөрсөн 10 жил  бүрдүүлж чадсан. УИХ-ын даргаас тодруулж асуухад тухайн үед буюу 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахад та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед гишүүн байсан хүмүүс 34 хувьтай холбоотой мөн 57 дугаар тогтоолтой холбоотой асуудалд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайн үед УИХ-ын байр суурь ямар байсан юм бэ. УИХ-ын дарга та тэр үед ямар байр суурьтай байсан бэ, одоо байр сууриндаа хэвээр үү гэдгийг асуумаар байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 4-5 заалт байсан. Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж боловсруулах зэргийг тусгасан тогтоол байсан. Тиймээс би 40-р тогтоолыг дэмжиж байсан. Харин 57 дугаар тогтоолыг батлахад нь би дэмжээгүй, оролцоогүй. Энэ тогтоолоор Оюутолгойн гэрээг батлах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн. Энэ гэрээ алдаатай, бодитой бус байна гэж үзсэн учраас тогтоолыг батлахад оролцолгүйгээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэр тогтоолыг батлахад оролцсон гишүүд болох Ц.Даваасүрэн, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар дэмжиж оролцсон байдаг. Нэгэнт байгуулагдсан гэрээний үр ашгийг сайжруулах агуулгаар  2008 онд захирамж гаргасан байдаг. Одоо хэлэлцэж буй энэ тогтоол нь Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг сайжруулах, дөрөв, гурав, хоёрдугаар заалтуудыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх чиглэлд том ахиц болсон ажлын хэсгийн дүгнэлт орж ирсэн гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.