|
Видео

Шинэ мэдээ

Ц.Нямдорж: ҮАБЗ-ийн гишүүд “Оюутолгой” төслийг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

Ц.Нямдорж: ҮАБЗ-ийн гишүүд “Оюутолгой” төслийг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

 

"Оюутолгой” төсөл, "Дубайн гэрээ”-г тойрсон асуудал ойрын өдрүүдэд халуун сэдэв болж байна. Энэ сэдвээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс "Дубайн гэрээ”-тэй холбогдохуйц шийдвэр гаргасан. Энэ асуудлаас болж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун та хоёрыг маргалдсан гэсэн мэдээлэл түгсэн. "Оюутолгой”-н асуудалд та ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Эхлээд УИХ-ын гишүүдийн эрх, үүргийн тухай асуудал яригдах ёстой. Гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ баримттай, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гишүүд хов ярьж, гүтгэлэг, хардлага тарааж болохгүй. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд "Оюутолгой” төсөлтэй холбоотой гүтгэлэг, ташаа мэдээллийг УИХ-ын гишүүд л гаргаж байна. "Оюутолгой”-н гэрээний тухайд, 2009 онд УИХ 57 дугаар тогтоол гаргаж, Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрлийн дагуу Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр ч сайд байсан. Энэ бол барууны орон Монголд өмнө нь хийж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том гэрээ. Мөн  ганц үйлдвэрийн биш, улсын аюулгүй байдал, бүрэн эрх, тусгаар тогтнол, гадаад харилцааны асуудал. Олон давхар үр дагавартай гэрээ болсон шүү. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрч байна. Энэ хугацаанд асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогоор ес орчим тэрбум ам.доллар, манай улсын ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Эзгүй талд  Монголын Засгийн газраас нэг ч төгрөг авалгүйгээр бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр боссон. Одоо далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байна. Газар дор 1300-1500 метрийн гүнд бүхэл бүтэн хот шиг бүтээн байгуулалт хийгдэж буй. Энэ ажилд "Рио Тинто” компани болон түүнийг дагасан компаниуд, сүүлийн "Дубайн гэрээ”-гээр 15 банк оролцож байгаа. Үүн дотор ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг бүх томчууд бий. Хамгийн сүүлийн мэдээллээр "Оюутолгой”-д 15 мянган хүн ажиллаж багаа. Үүний 95 хувь нь монголчууд. Энэ төслийг тойрч 20 гаруй мянган аж ахуй нэгж ямар нэг байдлаар бизнес эрхэлдэг. Ийм том төсөл шүү дээ.
2017 онд намайг ХЗДХ-ийн сайдаар очсоноос хойш "Оюутолгой” болон Монгол Улсын Засгийн газар хооронд гурван асуудал яригдсаар ирсэн. Нэгдүгээрт, танай УИХ "Оюутолголой”-н гэрээг  зогсоох шийдвэр гаргах гээд байна. Олон удаа ажлын хэсэг гаргаж, манай ажлыг шалгалаа. Энэ танай улсын байр суурь мөн үү, хоёрдугаарт, Захиргааны хэргийн шүүхэд "Дубайн гэрээ”-г хүчингүй болгох маргаан явуулж байгаа нь Засгийн газрын байр суурь мөн үү гэж асуусан. Гуравдугаарт, татварын шалгалт оруулж, акт тавьсан, үүнийг эвийн журмаар шийдье, арбитрын шүүхэд хүртэл явахгүй байя гэсэн. Манайх албан ёсны хариу өгөөгүй. Ийм байдалтай хоёр жил болсон.
Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа гэнэт л нэг өдөр нийслэлийин Захиргааны хэргийн шүүх Ч.Сайханбилэгийн захирамжуудыг хүчингүй болгосон. Мөн "Дубайн гэрээ”-г хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав” гэсэн УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Ерөнхийдөө "Оюутолгой” төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьсан. Монголд ирж болох эрсдэл, бид цаашид ямар замаар явах, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг ярьсан. Тэгээд ямар ч байсан УИХ-аар дахин ярилцаж, шийдвэр гаргахаар болох шиг боллоо.
"Оюутолгой”-н хувьд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Нэг талаас Монгол Улс ашиг хүртэхгүй байна, энэ гэрээг хүчингүй болго гэж, нөгөө талаас хөрөнгө оруулагчид нь бид есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хариуд нь та бүхэн хувьцаа эзэмшигчид нь юу өгсөн бэ гэсэн байдлаар шахаж байгаа.
Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ингэхээр намайг хамгаалж байна гэж хэлээд байгаа юм. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдөлж байж "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Энэ бол нэг төслийн тухай яриа биш, Монгол Улс Европын холбоо, АНУ, Австрали, Англи, ОУВС, Дэлхийн банкаас эхлээд дэлхийн хамгийн том банкуудаас харилцаагаа таслах учраас би санаа зовж байна. Үүнээс гадна, төслийг зогсоох юм бол Монгол Улс дааж давшгүй маргаанд орно. Үүнд ялагдал хүлээх магадлал маш өндөр. Маргаанд ялагдаж, маргааны зардлыг төлөх, хөрөнгө оруулалтуудыг буцааж төлөөд үйлдвэрийг зогсоож,  үйлдвэр цаашид яах нь тодорхойгүй болох эрсдэл бий. Маргаанд ялагдвал энэ компаниуд ирээдүйд олох ашгаа хүртэл нэхнэ. Лондоны олон улсын шүүхэд очно. Ийм хууль зүйн үр дагавар яригдаж байгаа учраас улсыг ийм байдалд оруулж болохгүй гэж үзэж байгаа.
-"Дубайн гэрээ”-г цуцлах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байгаа. Энэ тухайд?
-"Дубайн гэрээ”-г шүүмжилж буй хүмүүстэй би ижил байр суурьтай байдаг. Ч.Сайханбилэг гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Ч.Сайханбилэг гэдэг хүн тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Ерөнхий сайд захирамж гаргаж, энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт өгсөн нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 15 банкнаас хөрөнгө босгож, дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бас үнэн. Хүний юм авчихаад, бид аваагүй гэж зугталтай биш, одоо яах юм бэ.  Ёстой л "Бандан тас” гэдэг нь 2015 онд болсон. 2015 онд манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. У.Хүрэлсүх Шадар сайд, Ж.Эрдэнэбат Сангийн сайд байсан. Үүнийг худлаа гэж зугатах уу.
Ийм байдал бий болсон учраас асуудлыг тун нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын үед хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хурал болж, энэ төслийг цааш явуулах, эсэх асуудлыг ярилцахаар төлөвлөчихөөд байхад Монголд Захиргааны хэргийн шүүх ийм шийдвэр гаргаж, УИХ төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэчихвэл цаашид юу болох вэ. Асар их өртөгөөр боссон үйлдвэр, тэнд ажиллаж байгаа 15 мянган иргэний амьдрал, тэнд үйл ажиллагаа явуулж буй 20 мянган аж ахуйн нэгж юу болох вэ. Монгол Улс олон улсын шүүхэд ялагдаж, дааж давшгүй өрөнд орвол хэн хожих вэ. Хамгийн аюултай нь, Монгол Улс ганцаардвал яах вэ. "Рио Тинто” хүчин чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг компани. Энэ компанийн ард Английн хатан хааны гэр бүлийг дагасан улсууд, Англи, Австрали, Канад, АНУ, Шинэ Зеланд, Европын холбоо бий. Дэлхийн томоохон банкууд бүгд бий. Ийм хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орж, сөхрөх аюул нүүрлэж буй учраас үүнээс болгоомжлох ёстой. Энэ бол үндэсний эрх ашгийн асуудал.
-Гэхдээ гэрээ үнэхээр манайд ашиггүй, хүлээн зөвшөөрөхөд бэрх болчихсон юм биш үү?
-"Оюутолгой” тойрсон хардлага, сэрдлэг байж болох хэмжээнээс давсан. "Оюутолгой”-н гэрээг байгуулсныхаа төлөө сайд нар хоёр тэрбум ам.долларын авлига авсан. С.Баяр нэг тэрбумыг нь, үлдсэнийг нь гарын үсэг зурсан бусад дөрвөн сайд хувааж авсан гэх яриа гараад олон жил болж байна. Бүлгийн хурал дээр асуудал хурцадсан шалтгаан ийм ярианаас үүдэлтэй. Хоёр тэрбум ам.долларын хахууль авсан гэсэн яриа гарахаар нь "Баримтаа гаргаж ир. Одоо ийм яриагаа зогсоо. Жирийн иргэд захиалгаар тараасан үндэслэлгүй ярианд итгээд цуурч байвал өршөөж болно. УИХ-ын гишүүн хүн ийм юм ярьж болохгүй. Үнэхээр тийм зүйл байгаа бол баримтаа гаргаад, тэр хүмүүсээ шоронд хий” гэснээс болж бүлгийн хурал дээр маргасан. Анх хоёр тэрбум ам.долларын тухай яриа гарах үед би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. "Дөрвөн тэрбум ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөв баталчихаад хоёр тэрбумыг хахуульд авна гэж юу байх вэ. Ийм мөнгө авсан юм бол хуваалц, аваагүй юм бол олон нийтийн өмнө гарч мэдээллээ өг” гэж байхад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонсоод сууж байсан. Ийм гүтгэлэг, хардлагаар ард түмний тархийг угаагаад байгаа юм.
-ҮАБЗ энэ асуудал дээр ямар байр суурь баримтлах талаараа санал нэгдсэн болов уу. Танд мэдээлэл байна уу?
-Шуудхан хэлэхэд, ҮАБЗ-ийн гишүүд энэ төслийг зогсоож болохгүй гэдэгтэй ижил саналтай байгаа шүү. Монголын нуруунд дааж давшгүй төлбөр, хохирол дагуулаад, ард нь дэлхийн тавцанд Монгол ганцаардаж, их гүрнүүдийн хайчинд хэрчигдэх аюул бодитойгоор нүүрлэнэ гэсэнтэй санал нэгдсэн. Жижиг улсууд хэцүү шүү дээ.
УИХ, Засгийн газар өөрсдөө зөвшөөрч, хөрөнгө оруул гэчихээд, хөрөнгөө оруулж, үйлдвэрээ босгохоор нь зайл гэж хөөж болох уу. Гэрээн дотор бол сайжруулж, засах зүйл яах аргагүй бий. Хоёр талаас ярилцаад, өөрчлөх ёстой. Би 2017 онд сайд болсноосоо хойш уг компанийн төлөөлөлтэй гурван удаа уулзсан. Тэгэхдээ "Дубайн гэрээ” гэдэг зүйлд ард түмэн шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийгээ өөрчил. Хөрөнгө оруулалтын хэмжээ чинь хардлага, сэрдлэг дагуулаад байна, шалгаж учрыг нь олъё. Та нарт эрх ашиг бий бол бидэнд ч байгаа” гэж хэлсэн.
Сая манай улсыг саарал жагсаалтад оруулсан нь энэ асуудалтай холбоотой шүү. Зогсоох гээд байсан учраас саарал жагсаалтад оруулж, сануулга өгсөн. Үүн дээр Австрали, Англи, Канад гурав маш идэвхтэй ажилласан. Гадна талдаа хөрөнгө хураагаагүй, хэрэг шийдээгүй гэх мэт жижиг зүйл байгаа ч цаанаа гадаадын хөрөнгө оруулалт дээр та нар дэлхийн жишгээс гажсан шийдвэр гаргах гэж байна гэсэн сануулга өгсөн. Ингээд л саарал жагсаалтад оруулсан. Бүр дамшиглаж байгаа юм шиг, "Та нар маш сайн ажилласан байна. Баярлалаа. 44 заалтаас 40-ийг нь биелүүлсэн байна. Эрчимтэй хяналтын зэрэглэлээс ердийн хяналтын зэрэглэл рүү шилжүүллээ” гэсэн бичиг ирүүлчихээд хэдхэн хоногийн дараа саарал жагсаалтад оруулсан. Дэлхийн улс төр ингэж явж байна.
-2048 онд Монгол Улс ашгаа хүртнэ гэж байгааг дэмжиж байгаа юм уу, та?
-Би дэмжих биш, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа бие даан шийдвэр гаргасан. Манай шүүх шийдвэр гаргана гэдэг дотоод асуудал. Гэхдээ наад асуудал чинь Лондоны арбитрын шүүхэд очно. Бид зогсоох, хүчингүй болгох тухай биш, засаж, сайжруулах тухай асуудал ярьж байгаа.
-Таныг "Оюутолгой”-г хамгаалж байна гэж шүүмжлээд байгаа?
-Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. Шүүхийн маргаанаас болж Монголыг дахин хорлож болохгүй. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс сонгуульд ялагдаад, өөр өөрийн замаар явна. 15 мянган хүн ажилгүй болбол энэ хүмүүс ажилд авч, цалинг нь өгөх үү, есөн тэрбум ам.долларыг эд нар төлөх үү. Үгүй шүү дээ. Монгол Улс, ард түмэн л төлнө. 250 сая ам.долларын хахууль авсан гэж яриад байгаа гишүүд тэр хүнийхээ нэрийг тодорхой болгож, АТГ-т өгөх хэрэгтэй. Тэр эх орноо худалдсан сайд С.Баяр, Д.Зоригт, Ц.Нямдорж, С.Баярцогтын аль нь юм бэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын Засгийн газар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газартайгаа нийлж байгуулсан, Монголын төрийн бүх институт оролцсон гэрээ.
-Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэлэлцээр хийж, асуудлыг шийдэж болоогүй юм уу?
-УИХ яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч шийдвэр гаргахгүй байхад яаж хэлэлцээр хийх вэ. Хэлэлцээр хийгээд л яваа боловч хоёр талаасаа ойлголцож чадахгүй байна. Энэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа "Оюутолгой” компанийг "Гэрээнд тавигдсан цахилгаан станц барих шаардлагыг биелүүл” гэж шахаж байгаа. Яриа хэлэлцээрүүд тасралтгүй хийгдэж байгаа.
-"Оюутолгой”-д бараа нийлүүлэх нэрийдлээр хоосон чингэлэг оруулж ирсэн гэх мэдээллийг гишүүд өгч байгаа. Энэ талаар?
-Янз янзын үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байдаг. Хоосон контейнер оруулж ирсэн, эсэхийг АТГ шалгаж байгаа. Ер нь бол зардал өссөн гэдгийг бид хэлсэн. Хэрэв тийм зүйл байгаа бол шалгах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг ордныг хов живээр дүүргэдэг хүн биш шүү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.