|
Видео

Шинэ мэдээ

13-11-2019, 13:37

The Week: Монгол дараагийн том тоглогч болох уу?

АНУ-ын Пентагоны шинэхэн тэргүүн Монголд айлчилсан нь олон улсын анхаарлыг  ихэд татаж байгаа юм. Хөрш орнууд , тэр дундаа ОХУ-ын хэвлэл мэдээллүүд энэ айлчлалтай холбоотой төрөл бүрийн нийтлэл, мэдээлэл, тэр дундаа АНУ-ын Монгол дахь ашиг сонирхол ямар байх талаар таамаглал, тойм гаргаж байсныг өмнө нь бид тоймлон оруулж байсан бол энэ удаад Их Британи, АНУ-д хэвлэгдэн гардаг The Week долоо хоног тутмын сэтгүүлийн цахим хувилбар дээр "Монгол улс дараагийн тоглогч уу?” гэсэн нийтлэл гарсныг товчлон хүргэж байна. 

Монгол улсад АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд анхны айлчлалынхаа үеэр Монголд саатсан нь Вашингтон бүс нутагт ямар ашиг сонирхолтой байгаатай холбоотой олон асуултыг араасаа дагуулсан юм. 
Долоодугаар сард энэ албан тушаалд очсон Марк Эспер Монголын нийслэлд өндөр албан тушаалтнуудтай уулзан, энэ уулзалтын өмнө "Манай хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэх төрөл бүрийн арга замыг харах боломжтой болж, та бүхэнтэй энд хамт байга нь надад ихээхэн нэр төрийн хэрэг ” хэмээн мэдэгдэж байлаа. 

Монголын тал АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдыг найрсгаар хүлээн авч, морь бэлэглэсэн юм. 

Гэхдээ Трампын захиргаа мориноос илүүтэйгээр Монголтой илүү нягт харилцаа эрэлхийлж байгаа бололтой. Вашингтон Хятад болон Оросы дунд байх Төв Азийн орныг бүс нутаг дахь стратегийн гол холбоотон гэж харж байна. 

1990 онд авторитар коммунист дэглэмээс салсныхаа дараа энэ улс дэлхийн бусад том гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэн, Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хоригийг шийдэмгий дэмжин, нэгэнтээ АНУ-ыг "гуравдагч хөрш” хэмээн нэрлэж, Хятад болон Оросоос хамааралгүй байхаар хичээж байлаа. 

Гэтэл Вашингтон Улаанбаатартай нөхөрсөг харилцаа хэдийнэ байсан юм бол АНУ, Монгол хоорондоо саяхнаас гэнэт "зузаарах”-ын учир юу вэ? 

Монгол, Хятадын харилцаа ямар байгаа вэ? 

Хэдийгээр газарзүйн байрлалын хувьд ойр ч гэлээ Монголын эрх баригчид Москва болон Бээжингээс холхон байхын тулд ихээхэн хичээдэг. 

Заримдаа "Монголын Трамп” гэж нэрлэгддэг, бизнесмен Халтмаагийн Баттулга 2017 онд "популист, зарим тохиолдолд Хятадын эсрэг үзэл”-ийн суурин дээр ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон нь энэ улсад "Бээжин бүс нутагт ноёлох байдал нь улам бүр нэмэгдэж байгаад” таагүй ханддагийн нэг илрэл гэж Ройтерс бичжээ. 

Түүнчлэн, Foreign Policy сэтгүүлийн бичснээр Монгол улс газразүйн байршлаасаа болж урьдын адил хүндхэн нөхцөлд байгаа хэвээр бөгөөд худалдааных нь 90% Хятадаар дамжиж байгаа юм. 

Блүмберг мэдээлэхдээ, "Монгол улс экспортын гол бүтээгдэхүүнүүдийхээ нэг болох ноос ноолуураа түүхийгээр нь Хятад руу гаргахын оронд үүнийгээ боловсруулахад тусламж авах зэргээр худалдааны боломжит зам, үйлдвэрлэлийн аргуудыг хайж байгаа ” гэжээ. 

Түүнчлэн Монгол улс АНУ-тай цэргийн ажиллагаанд нэгдснээр Хятадын дургүйцлийг төрүүлэх эрсдэлтэй нүүр тулсан бөгөөд Эспер айлчлалынхаа үеэр "Монгол улс Афганистан дахь ажиллагааны найдвартай оролцогчийн дээр энэ улсад АНУ-ын цэргүүдийг эрс тэс уур амьсгалд сургах гайхалтай боломж бий” хэмээн онцолж байв. 

АНУ юу хийх вэ?

Монгол улс Бээжингээс худалдааны хараат бус байдалтай байхыг эрэлхийлж байгаа, түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга "гурав дахь хөрш”-үүдээсээ хөрөнгө оруулалт хайж байгаа гэдгээ ойлгуулсан Вашингтон худалдааны салбар дахь орон зайг нөхөхөөр хичээж байгаа бололтой. АНУ Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаа ,  "дайн”-ы оролцогч талууд дэлхин холбоотнуудтайгаа харилцах харилцаагаа бэхжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаа энэ үед АНУ Монгол руу хөрөнгө оруулалт хийж магадгүй. Хятад болон Орос улс Номхон далай, Зүүн Өмнөд Азийн өмнөд хэсгүүд, Африк, Ойрхи Дорнод руу хөрөнгө оруулалт хийж байхад Монгол улс Төв Ази дахь дийн засгийн гол холбоотон болж АНУ-ын хувьд стратегийн эргэлт болж болох юм. 

Гэхдээ эдийн засгийн ийм түншлэлээс Монгол улс үнэхээр хожих эсэхэд зарим шинжээчид эргэлзэж байна. 
Сөүлийн улс төрийн судалгааны хүрээлэнгийн цахим хуудсанд хэвлэгдсэн  Кардиффын их сургуулийн судлаач Сергей Радченкогийн нийтлэлд"АНУ, Монголын худалдааны харилцаа 2017 онд 100 сая доллар ч хүрээгүй. Харин 2017 онд Монголын экспортын 87,8% нь Хятад, импортын 41,8% нь Хятадад ноогдож байгаа.” хэмээжээ.

Монгол хүчирхэг гүрэн болж чадах уу? 

Магадлал багатай ч энэ нь боломжтой.  Монгол улс байгалийн нөөц баялаг ихтэй, 2000-аад оны ихэнх хэсгийг  1849 онд Калифорнийг дайрсан шиг алтны халуурал дунд өнгөрүүлсэн. Энэ улс түүнчлэн нүүрс, зэс гэсэн Хятад болон Орост шаардлагатай нөөцүүдээр баялаг. 

Монгол улс ашигт малтмалаа идэвхийлэн олборлох болсон нь 2020 он гэхэд энэ улсыг дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засгуудын нэг болно гэж 2010-аад оны эхээр шинжээчид таамаглаж байлаа. 

Гэвч ийм зүйл болсонгүй, эсрэгээрээ энэ улсын өр өсч, валютын өртөг эрс унаж, харин улсын төсвийн хомсдол нэмэгдэж , эдийн засгийн өсөлт бараг л зогссон гэж 2017 онд Блүүмберг мэдээлж байлаа. 

Ийнхүү уналт болсон нь 2010-аад оны дунд үеэр эдийн засаг нь саарсан Хятад улсаас худалдаа болон ашигт малтмалын олборлолт нь ихээхэн хамааралтай байсантай холбоотой гэж Блүүмберг үзсэн бөгөөд мөн ийм шалтгаанаар Монгол улс бусад улстай худалдааны харилцаа тогтоохыг хүсч байгаа юм. 

Хүчирхэг гүрэн гэсэн статусыг батлахад саад болж буй өөр нэг асуудал нь олон улсад харагдаж буй Монголын байр суурь гэж Кардиффын их сургуулийн шинжээч Радченко үзэж байгаа аж.  Монголын өмнөх засгийн газрууд Баруунтай дипломат харилцаагаа гүнзгийрүүлэх гэж нэг бус удаа оролдсон ч "дорвитой үр дүн өгөөгүй” гэж тэрбээр бичжээ. 

Радченкогийн үзснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Дональд Трамптай уулзах анхны уулзалтыг зохион байгуулах саналыг Улаанбаатар гаргасан ч Сингапур сонгогдон, энэ саналыг үл хэрэгссэн нь монголчууд өөрсдийгөө олон улсын нөлөө бүхий гэж "хэтрүүлэн үнэлсэн” гэдгийг харуулсан юм. 
 

Г.Бямбасүрэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.