| |
Пхеньяны талаарх Монголын хандлага
ВАШИНГТОН. /InternationalPolicyDigest/. Энэ оны тавдугаар сарын 23-нд Умард Солонгос болон АНУ-ын албаны хүмүүст нийслэл хотдоо уулзах боломжийг Монгол Улс олгосон.
Умард Солонгосын цөмийн хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн АНУ-ын Төрийн департаментын албаны хоёр хүнтэй 2009 оноос хойш бүрэн зогсонги байдалтай буй зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлыг хэлэлцэхээр уулзсан байж магадгүй.
Дайсагнагчидтай нь Пхеньяны таагүй харилцааг хэвийн болгож, эдийн
засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нь Зөвлөлтийн үеийн энэ холбоотондоо
туслах гэж Улаанбаатар чармайсаар байна. Энэ маягаар, Пхеньяны зан
байдлыг аажмаар засах боломжтой өөр хувилбарын стратегийг Монгол Улс
гаргасан юм.
Зөвлөлтийн дагуулын хувьд Монгол нь Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн
хоёр дахь улс бөгөөд Солонгосын дайны дараа 200 гаруй өнчин хүүхдийг
хүлээн авч байсан билээ. Ардчилалд шилжсэнийхээ дараа Улаанбаатар буяны
ажиллагаагаа үргэлжлүүлж, Умард Солонгосын хүнд хэцүү цагт олон удаа
хүнсний тусламж үзүүлсэн.
Гэхдээ коммунизмын дараах стратегийн хүрээнд Өмнөд Солонгостой Монгол Улс идэвхтэй харилцах болсноор /1990-ээд оны үеэс Сөүлтэй Улаанбаатар худалдаагаа идэвхжүүлсэн/ Умард Солонгостой хоёр талын харилцаа тааруухан болсон юм.
Харин 2002 онд Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Нам Сун Пак
сүүлийн 14 жил дэх анхны дээд хэмжээний айлчлалыг Монгол Улсад хийснээр
хоёр талын харилцаа эргэн сэргэсэн.
Энэ оны эхээс, хулгайлагдсан иргэдийн талаарх маргаанд зуучлагчийн
үүрэг гүйцэтгэх замаар Япон болон Умард Солонгосын харилцааг хэвийн
болгохын тулд Улаанбаатар идэвхтэй эрмэлзсээр байна. 13 настайдаа Умард
Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан япон эмэгтэй өнгөрсөн гуравдугаар
сард эцэг эхтэйгээ Монголд уулзсан юм.
Үүний зэрэгцээ, аж үйлдвэр, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбарт
хамтран ажиллаж, хөрөнгө оруулах замаар Умард Солонгосын ядуу эдийн
засгийг Улаанбаатар дэмжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртний найрсаг харилцаагаа
баталгаажуулахын тулд өнгөрсөн оны 10 дугаар сард тусгаарлагдмал энэ
улсад айлчилсан. Айлчлалын үеэр Ким Ир Сений нэрэмжит их сургуульд эрх
чөлөө, хууль журмыг хэрэгжүүлэх, хүний эрхийг хүндэтгэх талаар үг хэлсэн
билээ.
"Дарангуйлал мөнх оршдоггүй. Эрх чөлөөтэй амьдрах ард түмний хүсэл бол мөнхийн хүч” гэж Ц.Элбэгдорж хэлсэн юм. Монголын ардчилалд шилжсэн арга барилыг үлгэр жишээ болгохыг тэрбээр Умард Солонгост уриалахын сацуу ард түмэндээ эрх чөлөөтэй амьдрах боломж олгохыг мөн Пхеньянд битүүхэн сануулсан.
Тэнд байсан багш нар, оюутнууд нэг ч асуулт тавиагүй нь Монголын
Ерөнхийлөгчийн хэлсэн үгний агуулгатай холбоотой байж магадгүй. Харин
тэд алга нижгэнүүлэн ташсан юм.
Түүний хэлсэн үнэ цэнэтэй үгээс гадна ашигтай хамтын ажиллагааг
өргөжүүлж, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд байгуулсан нь энэ айлчлалын
хамгийн их анхаарал татсан зүйл байсан. ОХУ болон Хятадаас хоёр улсын
хараат байдлыг багасгахын тулд Ц.Элбэгдорж чухал ач холбогдолтой
худалдаа, соёлын хэлэлцээрүүдийг байгуулсан.
Зарим шинжээчийн үзэж буйгаар, Пхеньянтай харилцаагаа бэхжүүлэх замаар далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний нөөц, ашигт малтмалаа Азийн бусад улс руу гаргахын тулд далайн боомтуудыг нь ашиглаж, олон улсын зах зээлд гарах боломжоо нэмэгдүүлэхийг хүсч байна.
Оросоор дамжин Умард Солонгостой Монголыг холбох боломжтой Умард
Солонгосын Ражин боомт руу Кремлийг төмөр зам тавихад Улаанбаатар түлхэц
үзүүлсээр байгаа билээ.
Монголын уул уурхайн салбар цэцэглэн хөгжиж буй нь улсын эдийн засаг
хурдацтай өсөхөд нөлөөлж байна. "The Economist” сонины мэдэгдсэнээр,
2013 онд Монголын ДНБ 11,7 хувиар өссөнөөр эдийн засгийн өсөлтөөрөө
дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон.
Харин НҮБ-ын хоригийг үл харгалзан цөмийн хөтөлбөр болон эдийн засгаа
зэрэг хөгжүүлэх "Byungjin” бодлогоо хэрэгжүүлэхийг Умард Солонгос
эрмэлзэж байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа
шинэчлэн хөгжүүлэхийн тулд Монгол, Индонез зэрэг найрсаг харилцаатай
улсуудтайгаа Умард Солонгос нягт харилцсаар байгаа юм.
Монголын нефть худалдаалах болон боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг "HBOil” компани өнгөрсөн оны есдүгээр сард Умард Солонгосын
"Сынри” нефть боловсруулах үйлдвэрийн хувьцааны 20 хувийг худалдан
авсан. "HBOil”-ын мэдэгдсэнээр, тус компани нь Умард Солонгосын төрийн
өмчийн энэ үйлдвэрт түүхий нефть нийлүүлж, боловсруулсан бүтээгдэхүүнийг
Монгол руу буцаан импортолно.
Умард Солонгосын эдийн засгийг тууштай дэмжиж, дипломат түвшинд
харилцах замаар тус улсын удирдагч Ким Жөн Уны бодлогуудад Монгол Улс
нөлөөлөх боломжтой. Ц.Элбэгдоржийн хэлсэн үг Пхеньянтай нүүр тулан
харьцахдаа Улаанбаатар энэ давуу байр сууриа ашиглахад бэлэн байгааг
илтгэж байж болох юм.
Эдийн засгийн ноёрхлын дагуу Төв болон Зүүн Азийн хөрш дундаа дипломат
ул мөрөө бэхжүүлэхийн тулд олон чухал санаачилгыг Монгол Улс гаргаж
байгаа юм. Ц.Элбэгдоржийн засаг захиргаа өөрийгөө Солонгосын асуудалд
төдийгүй солонгосуудын хооронд итгэлцлийг бий болгох "боломжит зуучлагч”
гэж үзэж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд сурвалжлагчдад, "Улаанбаатар
бол итгэлцлийг бий болгох чадвартай өндөрлөг” гэж хэлсэн нь ч үүнийг
тодотгон харуулсан. Түүний мэдэгдсэнчлэн, бүс нутгийн байдлыг
сайжруулж, талуудын хооронд яриа хэлцээ хийлгэхийн тулд санаачилга
гаргаж чадахуйц хөдөлгөгч хүч бол Монгол Улс.
Мөн Монголын барилга болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг
пүүс компаниуд Умард Солонгосын 1700 орчим ажилчныг хөлслөн эх орондоо
ажиллуулж байна. Хоёр талын хэлэлцээрийн дагуу 5000 умард солонгос
Монгол Улсад ажиллах боломжтой. Кимийн дэглэм цалингийнх нь дийлэнх
хувийг суутган авдаг ч умард солонгосчуудын хувьд хилийн чанадад ажиллах
нь ер бусын ашигтай хэвээр байна.
Бүс нутгийн аюулгүй байдал болон мөнгөний ашиг гэсэн ашиг сонирхлоороо
ижилсэж байгаагаас гадна, Төв болон Зүүн Ази дахь Орос, Хятадын ноёрхол
болон улс төр, эдийн засгийн маневр хийх орон зайг хадгалах
геополитикийн нийтлэг асуудлуудаа хоёр улс хуваалцаж байна.
Хоёр хөршийнхөө хооронд эдийн засаг, цэрэг болон улс төрийн ашиг
сонирхлоо Монгол Улс гадаад бодлогоороо тэнцвэржүүлж байгаа юм. Газар
зүйн хязгаарлагдмал байдлаа асуудалд эс тооцоход Монгол Улс суралцсаар,
Москва болон Бээжингийн аль алинтай нь найрсаг харилцаж, АНУ мэтийн алс
холын хүчирхэг гүрнүүдтэй нягт харилцаж, бүс нутгийн ашиг сонирхлоо
амжилттай илэрхийлсээр байна.
"Гуравдагч хөршийн бодлого” гэж алдаршсан энэ прагматик гадаад
бодлогоороо БНХАУ болон ОХУ-ын шахалтыг сулруулж байгаагийн зэрэгцээ
худалдаа болон дипломат харилцаандаа ашигтай нөхцөлийг нэгэн зэрэг бий
болгохыг Монгол Улс чармайж байгаа билээ.
Тус улс газар нутгийн болзошгүй маргаан, үндсэрхэг үзэлтнүүд байдлыг
хурцдуулахаас зайлсхийх урт хугацааны энэ стратегийг хэлбэрэлтгүй
баримталж ирсэн. Орос-Хятадын дотно харилцаа холбоог дэлгэсэн Крымын
саяхны асуудалтай холбоотойгоор геополитикийн төвөгтэй орчноо
Улаанбаатар дахин нэг удаа тэнцвэржүүлэх ёстой.
Харин Умард Солонгосын хувьд НҮБ хориг арга хэмжээгээ чангатгасныг
эсэргүүцэж, Бээжингийн уламжлалт ивээн тэтгэгчтэйгээ харилцаа тааруу
байна. Тиймээс гадны шахалттай тэмцэх боломжийг өөрт нь олгож буй
Улаанбаатарын суртал нэвтрүүлгийг Ким Жөн Ун дуртайяа хүлээн авч байгаа
юм.
Эдийн засгийн зорилтуудтай хосолсон геополитик, аюулгүй байдлын эдгээр
ашиг сонирхол нь гадаад ертөнцтэй хийж буй Пхеньяны харилцааг өөрчлөхийг
оролдож, сул эдийн засгаа сайжруулах томоохон боломжийг Монгол Улсад
олгож байгаагаас гадна бүр улс төрийн шинэчлэл хийх түлхэц өгч байна.
Мэдээж хэрэг, Монголын сайн санааг үнэлэхийн хажуугаар Бээжин,
Вашингтон, Москва, Токио болон Сөүлтэй харилцаа харьцангуй сул байгаа
энэ үед газар зүйн байрлалыг үл хамааран Улаанбаатартай харилцах
сонирхолтой байгаа нь Умард Солонгосын нээлттэй байгаа байдлаас илэрхий
байна.
Монгол Улс Пхеньянтай стратегийн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж
байгаа хэдий ч Умард Солонгосын асуудалд хөдөлгөгч хүч болох илүү их
боломж эдгээр хүчирхэг гүрэнд бий.
Гэхдээ Умард Солонгос руу чиглэсэн Монголын идэвхтэй хандлага нь илүү
ухаалаг стратегийн зарим нэг үндсэн чиглэлийг санал болгож байгаа юм.
Обамагийн засаг захиргааны хүлээцтэй байх стратегийн өнөөгийн бодлого нь
Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох эсвэл тус улсын байгаа байдалд
хүссэн өөрчлөлтийг хийхэд өчүүхэн ч тус болоогүй.
Харин ч эсрэгээр туссан байна. Мөн Умард Солонгосыг дипломат байдлаар
тусгаарлаж, хориг арга хэмжээ авсан нь дэглэмийн үйлдлийг өөрчлөөгүй,
өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь залгамж холбоонд огтхон ч нөлөөлсөнгүй.
Зүүн Азид Умард Солонгос аюулгүй байдлын байр сууриараа түгшүүр
төрүүлсэн хэвээр, стратегийн цэргийн зохион байгуулалтаасаа ухрахгүй,
бат зогсож байгаа ч тус улсад хөрөнгө оруулж, хөгжилд нь оролцогч тал
болж буй Монголын хандлага хамаагүй илүү ирээдүйтэй хувилбар гэдэг нь
илэрхий байна.
Ц.Элбэгдоржийн хэлсэн үг ч энэ бололцоог гэрчилж байгаа юм гэж АНУ-ын
"International Policy Digest” онлайн сэтгүүлд Нидерландын Гронингены их
сургуульд олон улсын харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр саяхан
магистрын зэрэг хамгаалсан америк мэргэжилтэн Жорт ван Оостерхоут
бичжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг