| |
БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгосыг “эвлэрэл,эв нэгдэлд” уриаллаа
БНАСАУ-ын Засгийн газар Өмнөд Солонгост хандан "эвлэрэл, эв нэгдлийн замыг нээхийн тулд харилцан дайсагналцахаас татгалзахыг” санал болгосон байна. Энэ тухай Хойд Солонгосын мэдээллийн агентлагаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Пхеньяны зүгээс, "хоёр өөр нийгмийн систем, үзэл суртлыг” багтаасан холбоотны зарчим дээр үндэслэн, эвлэлдэн нэгдэж болно хэмээн санал болгож байгаа бололтой. Үүний тулд БНАСАУ-ын эрх баригчид "гаднын хүчин зүйлийн хамаарлыг дуусган, Хойд ба Өмнөдийн хоорондын харилцааг сайжруулахын тулд тааламжтай уур амьсгалыг бий болгохыг” хүсч байгаа аж.
Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Ким Дэ Жун урьд нь Пхеньянд айлчлал хийх үедээ БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Иртэй уулзан байгуулж байсан хамтарсан санамж бичигт тулгуурлахыг Хойд Солонгос уриалсан байна.
Хоёр Солонгосын хоорондын харилцаа "болгоомжгүй хэлсэн ганцхан үг буюу үйлдлээс шалтгаалан Солонгосын хойг дээр аюултай зөрчил мөргөлдөөн, сүйрэл гамшгийг авчрахуйц” хэмжээний доод түвшинд ороод байгааг БНАСАУ-ын Засгийн газар анхааруулжээ. "Ийм учраас солонгос үндэстэн өөрсдийн хүч чадал, саруул ухаанаа нэгтгэх нь зайлшгүй чухал” хэмээн уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн аж.