| |
Иран яасан ч Америкийн өмнө өвдөг сөгдөхгүй
Хоёр улсын дунд үүсээд буй таагүй байдлыг намжаахын оронд Трамп улам дэвэргэж, дайнд өдөөн турхирч байна гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани хэлээд "Иран түүхэндээ дарамт шахалтын өмнө сөгдөж байгаагүй. Ард түмнийг минь доромжилж буй улсын өмнө яасан ч өвдөг сөгдөхгүй. Шаардлагатай гэвэл бид хариу тэмцэх болно. АНУ яаж биднийг шахан гадуурхсан бид байрандаа бат зогссоор байна" гэж хатуухан мэдэгджээ.
Иракийн нийслэл Багдад хотын ногоон байгууламж өнгөрөгч амралтын өдөр баллистик пуужингийн цохилтод өртөж, үлэмж хохирол амссан юм.
Уг довтолгооны ард Ирантай нягт холбоотой ажилладаг зэвсэгт босогчид бий АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Гэхдээ уг асуудлаас гадна Ираны Хувьсгалт Гвард "Бидний пуужингууд Персийн булан дахь АНУ-ын байлдааны хөлгүүдэд цохилт өгөх чадалтай. Үйлдэл хийхээсээ өмнө араа сайн хар" гэж заналхийлжээ.
Уг заналхийллээс хэдхэн хормын дараа Трамп твиттер хуудастаа "Иран улс бидэнтэй тэмцэлдэхийг санаархвал энэ нь Ираны жинхэнэ төгсгөл байх болно. АНУ-ыг хэзээ ч бүү заналхийл, сүрдүүл. Учир нь та бүхэн АНУ-тай тэмцэлдэж чадахгүй" гэж жиргэсэн юм.
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд өдгөө Ираны сүрдүүлсэн Персийн буланг чиглэн явж буй юм. Мөн АНУ-ын орчин үеийн бөмбөгдөгч онгоцууд Ойрхи Дорнодод хүрэлцэн иржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргааны үед 2015 онд Зууч зургаа холбоо Тегерантай гэрээ байгуулснаар Иран тодорхойгүй хугацаагаар цөмийн зэвсгээсээ татгалзсэн билээ. Харин Трамп 2017 онд уг гэрээг алдаатай болсон хэмээн үзэж, гэрээнээс гарч буйгаа зарласан юм.