| |
Тегераныг хүчгүйдүүлэх Трампын шинэ хориг
Уг шинэ хоригт Ираны ган, хөнгөн цагаан, зэс, төмрийн үйлдвэрлэлийг чиглэж буй талаар тус улсын Сангийн яамнаас мэдэгдэв. Тегеран эдгээр салбарын орлогоор улсынхаа эдийн засгийг тэтгэж буй гэхэд хэлсдэхгүй. АНУ "Иран улс хүн төрөлхтөнийг заналхийлж буй цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижрах хүртэл бид түүхэнд байгаагүй хатуу хоригийг авч, хэрэгжүүлэх болно" гэж мэдэгджээ.
Дональд Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон цагаас АНУ-Ираны харилцаа эрс муудаж, дайтахад ойрхон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үе буюу 2015 онд Зууч зургаа буюу АНУ, Герман, Британи, Франц, БНХАУ, ОХУ, Европын Холбоо холбоо, Ираны Засгийн газартай амжилттай гэрээ байгуулснаар Тегеран тодорхойгүй хугацаагаар цөмийн, пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахаа амлажээ.
Тегераны эерэг шийдвэрийн дараа зууч зургаа тус улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх амлалт өгчээ. Иран олон улсын шинжээчдийн өмнө томоохон үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосон түүхтэй.
Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил хагасын дараа уг гэрээг хэтэрхий нэг талыг барьсан, АНУ-д ямар ч ашиггүй гэрээ хэмээгээд, гэрээг орхиж буйгаа зарласан нь өнөөдөр хоёр гүрэн сөргөлдөх гол алхам болжээ.
Трампын мэдэгдлийн дараа Тегеран цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө сэргээж, нэн даруй 2015 оны гэрээг шинэчлэн байгуулахгүй бол "ураны баяжуулалтаа хоёр сарын дотор цөмийн зэвсэгт ашиглах тувшинд хүртэл нэмэгдүүлнэ" гэж сүрдүүлсэн аж.