| |
Boeing компани Иранд 80 онгоц нийлүүлэх гэрээ байгууллаа
Олон жилийн турш Америкийн эдийн засгийн хоригт боогдож байсан Иран улстай хориг цуцлагдсанаас нь хойш анх удаа Boeing арилжааны гэрээ хийж байгаа нь энэ юм. Мэдэгдэлдээ тэд "Өнөөдрийн гэрээ нь АНУ-д хэдэн арван мянган ажлын байр бий болгох юм” гэсэн нь шинэ ерөнхийлөгч Дональд Трампын таалалд нийцүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна.
Трамп нь Америкийн гадаад бодлогод өөрчлөлт хийж эхэлснийг АНУ-Хятадын хооронд үүсээд байгаа сөргөлдөөнөөс харж болно. Обамагийн үед Ираны хоригийг цуцалж, цөмийн хөтөлбөрийг нь хяналттайгаар үргэлжүүлэхээр болсон. Харин Трамп Ираны талаар бодлогод ямар өөрчлөлт хийх нь одоогоор тодорхойгүй байгаа.
Тиймээс Boeing-ийн хувьд томоохон наймааг нь Трамп зогсоох вий гэсэн айдас байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Boeing компани Трампын шүүмжлэлд өртөөд авсан. Америкийн ерөнхийлөгчийн тусгай онгоц болох Air Force One-ий шинэ захиалгын үнийг хэтэрхий өндөр байгааг шүүмжилсэн Трамп Boeing-оос гэрээгээ цуцална хэмээн сүрдүүлсэн юм.
Хэрвээ Хятадын бараанд Дональд Трамп сонгуулийн үеэр ярьж байсанчлан 45 хувийн татвар ноогдуулж худалдааны дайн эхэлбэл Хятадууд Boeing-оос авах онгоцоо Airbus руу шилжүүлэх магадлал өндөр байна.
Boeing нь 150,000 орчим ажилтантай, ихэнх үйлдвэрлэлээ АНУ-д хийж, голдуу гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг. Boeing Иранд 2018 оноос эхлэн 80 онгоц нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Нийлүүлэлт 2020 он гэхэд хэрэгжиж дуусах юм.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар