| |
Видео
Шинэ мэдээ
Дональд Трамп БНХАУ-ыг шүүмжлэв
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп твиттер хуудастаа "Хятад улсын бодлого таалагдахгүй байна” гэжээ. Тэрээр цахим хуудсандаа БНХАУ-ыг хурцаар шүүмжилж, Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын бодлого таалагдахгүй байгааг мэдэгджээ.
Дональд Трамп жиргээндээ "Хятад улс асар их мөнгөөр цэргийн цогцолбор барьж байна. Тэд АНУ-аас энэ талаар ядаж нэг удаа асуусан бол бид харилцан ойлголцохыг хичээх байсан. Надад маш ойлгомжгүй байна. Тэд манай улсын бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг. Харин бид тэдний барааг импортлохдоо татвар ногдуулдаггүй” хэмээсэн байна.
БНХАУ болон Дональд Трамп нарын харилцаа түүнийг бүрэн эрхээ авах үед улам бүр хүйтэрч магадгүй болоод байна. Учир нь Дональд Трамп Тайванийн төрийн тэргүүнтэй шууд холбогдож, тус улсыг тусгаар тогтносон гэдэг байр сууринаас хандсан нь Бээжинтэй муудалцахад хүргэв. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэйтэй утсаар ярьснаар Хятадтай харилцах дипломат харилцаанд ан цав үүсгэсэн юм.
Хятадын төрийн хэвлэлүүдэд Д.Трампыг дадлага туршлагагүй учраас "Нэг Хятад” бодлогыг үл тоомсорлон ийнхүү утсаар ярьсан нь АНУ-тай харилцах харилцааг сүйрүүллээ гэж мэдээлсэн байна.
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс байдлыг зөөлрүүлэхийн хичээж байна.Тэрээр ням гаригт NBS news-т ярилцлага өгөхдөө "Тайванийн тал бусад улсын төрийн тэргүүний адилаар баяр хүргэх үүднээс утсаар холбогдсон. Дональд Трамп баярын мэндчилгээг хүлээн авсан. Товчхондоо бол ийм л зүйл болсон” гэжээ.
М.Хүслэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин