| |
Вьетнам улс Хятадтай хил залгаа төмөр замын өртөөгөө түр хаав
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун айлчлах гэж буйтай холбоотойгоор Вьетнамын эрх баригчид Хятад улстай залгаа хилийн бүсэд оршдог Лангшон мужийн Донгданг төмөр замын өртөөг түр хаасан байна. Энэ тухай энэ сарын 27, 28-нд Ханой хотод болох БНАСАУ-АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд оролцож буй эх сурвалж мэдээлжээ.
"Төмөр замын өртөөг хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2 хүртэл түр хаасан” гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж мөн "БНАСАУ-ын тусгай галт тэрэг хоёрдугаар сарын 26-нд Донгданг өртөөн дээр ирэх төлөвтэй байгааг” мэдээлжээ. Умард Солонгосын төлөөлөгчид уг өртөөнөөс автомашинаар Ханой хотод очих аж. Донгданг буудалд өндөр дээд түвшний зочдыг хүлээн авахад хэдийнэ бэлтгэж эхэлсэн бөгөөд их цэвэрлэгээ хийж, барилгын будгийг сэргээн, амьд цэцэгсээр чимэглэжээ.
БНАСАУ-ын удирдагч хоёрдугаар сарын 23-ны үдээс хойш хуягт галт тэргээрээ Пхеньяны төмөр замын буудлаас Ханой хотыг зорьсон байна. Тэрбээр 4100 гаруй км замыг туулан Вьетнамын нийслэл хотод очих юм.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн ням гарагт мэдээлснээр, Ким Жөн Уныг Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ орлогч дарга Ким Ён Чоль, СХН-ын ТХ-ны олон улсын асуудал хариуцсан хэлтсийн дарга Ли Су Ён, СХН-ын ТХ-ны боловсон хүчний асуудал хариуцсан орлогч дарга Ким Пён Хэ, СХН-ын ТХ-ны санхүүгийн хэлтсийн дарга О Су Ён, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Батлан хамгаалахын сайд Но Гван Чоль нар дагалдан явж байгаа аж. БНАСАУ-ын төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд мөн Ким Жөн Уны төрсөн дүү, СХН-ын ТХ-ны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон багтжээ.