![]() |
Видео
Шинэ мэдээ
Эхний 1 жилд 400-500 хүн Америк руу ажлын визээр явах боломжтой
Өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв”-д Америкийн Нэгдсэн Улс руу H2 визээр монгол ажилчдыг зуучлан явуулах эрхтэй "Adis” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болж, дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн байдаг.
Тус төв нь 2018 оны гуравдугаар сараас эхлэн АНУ-ын H2 визний хөтөлбөр дээр ажиллаж ирсэн байна. Тухайн оны зургадугаар сараас эхлэн туршилтын журмаар АНУ-ын H2 визний зуучлагч албан байгууллагуудтай харилцаа тогтоон, аравдугаар сард эдгээр байгууллагуудтай албан ёсны гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлжээ.
-H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, /тус визний бүртгэлд улирал заагаагүй/
-H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. /тус визний бүртгэлд тодорхой улирал заасан/
2018 оны аравдугаар сараас хөдөө аж ахуйн чиглэлээр буюу хоньчин, малчдыг АНУ руу "Адис” нийгмийн хөгжлийн төвөөс зуучлан гаргаж байгаа юм байна. Монголоос одоогоор энэхүү хөдөлмөрийн виз авсан 10 гаруй хүн л АНУ-д ажиллаж буй юм байна. Энэ онд гэрээний дагуу 400-450 хүн АНУ-д очиж ажиллах боломжтой аж.
"ADIS” Нийгмийн хөгжлийн төвийн гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгал "2018 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо болсон АНУ-ын "NCAE” буюу хөдөө аж ахуйн чиглэлээр ажил олгогч албан байгууллагуудын нэгдсэн холбооны хуралд урилгаар очиж оролцсон. Энэ хуралд АНУ-ын хөдөө аж ахуйн тэргүүлэх байгууллагууд болон компаниуд H-2А хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр цугларсан. Хурлын үеэр АНУ-д нэг жилийн хугацаанд H-2A визээр 250 мянган ажилчид ажиллах боломжтой. Одоогийн байдлаар H2 визтэй ажилчид нь хөгжил буурай орнуудаас ирсэн байдаг. Жишээлбэл, Мексик улс хамгийн олон ажилчид гаргадаг бөгөөд бусад ажилчид нь Өмнөд Америк, Зүүн Европ, Өмнөд Африкийн орнуудаас гаралтай.
H-2А визээр хөдөө аж ахуйн чиглэлээр улирлын шинж чанартай, Н-2В виз нь үйлчилгээний чиглэлээр ажиллах ажилтан оруулж ирдэг визний үйлчилгээний төрөл. Энэхүү чиглэлээр Монгол улсаас сүүлийн нэг жил цөөн тооны хүмүүс явж амжсан. "Адис” нийгмийн хөгжлийн төв нь АНУ-ын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанитай хамтран ажилладаг бөгөөд үүний хоёр нь тус улсын хоньчдын холбоонд бүртгэлтэй байгууллага юм байна. Иймд хөдөлмөрийн визээр АНУ-д очиж, хоньчин болох боломжтой. 2018 оны сүүлээр тус төв АНУ руу ажилтан гаргаж эхлээд, хоёрдугаар сарын эхээр гэхэд нийт 35 ажилтан ажлын байраа олчихсон, бичиг баримт бүрдүүлэх үе шатандаа явж байна” гэв.
"Энэхүү хэвлэлийн хурлаараа Н2 ажлын визийг сонирхож буй иргэдэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой. Тооны тухайд худал мэдээлэл гадуур их тархах болсон. Манайх Монголд байгаа ганцхан албан ёсны гэрээтэй байгууллага. Одоогоор АНУ-ын дөрвөн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор АНУ-д ажлын визээр арав хүрэхгүй тооны хүмүүс ажиллаж байгаа. Энэ жилээс манай хүчин төгөлдөр гэрээний нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлж байна. Эхний нэг жилдээ 400-450 хүн АНУ руу ажлын визээр явах боломжтой. Энэ визээр ажил хөдөлмөр эрхлэхээр явж байгаа хүн өөрөөсөө төлбөр гаргах шаардлагагүй. Гаргах ёстой тодорхой хэмжээний зардал гэж байдаг. Энэ нь Элчингийн цаг захиалах мөнгө, онгоцны зардал гэх мэт. Гэхдээ энэ мөнгийг АНУ-д ажлын байрандаа очсоны дараа буцаан ажилтанд олгодог. Мөн тэнд очоод байр, хоол үнэгүй. Сард дунджаар АНУ-ын цалингийн доод хэмжээ буюу 4-5 сая төгрөгөөр цалинждаг. ЭСЯ-нд ярилцлагын цаг захиалах, онгоцны зардал гэх мэт зардлыг ажлын байр нь олдсоны дараа АНУ-ын ажил олгогч байгууллага олгодог. Одоогоор хөдөлмөрийн Н2 виз мэдүүлээд буцаагдсан Монгол хүн байхгүй аж.
Ажлын гэрээний хугацаа янз бүр бөгөөд гурван сараас нэг жилийн хугацаатай байдаг аж. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах хүн гурван жилээр гэрээний хугацаагаа сунгах боломжтой юм байна. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна” гэлээ.
Виз мэдүүлж, ажилд тэнцэхийн тулд Монгол Улсаас шаардагдаж байгаа зүйл нь CV-гээ явуулж, ажлын ярилцлаганд орох бөгөөд 21-ээс дээш насны ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байхыг "Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Тухайн ажилд орохын тулд доод тал нь гурван сарын ажлын туршлага, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа аж. Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын "Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулсан байдаг.
Эх сурвалж: Medee.mn
Эх сурвалж www.wikimon.mn
