| |
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- СТБЗ-ийн ажиллах дүрмийг шинэчлэн батлах тухай
- Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын шинэчилсэн төсөл
- Зоос банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын талаар
- Үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай (танилцуулга)
- СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааны товыг тогтоох тухай
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СТБЗ-ийн ажиллах дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал нарын хамтарсан тушаалаар шинэчлэн батлахаар тогтов. Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журмын төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны дэд бүтцийг сайжруулж, шинэ цахим системээр дамжуулан арилжаалах асуудалтай танилцан Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. СТБЗ-ийн 2019 оны ээлжит хуралдааныг 2 сарын 19, 5 сарын 14, 9 сарын 10, 12 сарын 10-ны өдөр зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлов.