|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн

 


Суулт зарлаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тус гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд буй. Дээрх дөрвөн гишүүнээс гадна УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцрох хүртэл чуулганы хуралдаандаа суухгүй гэдэгээ илэрхийлээд байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд болон шаардлага тавьж буй гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

 УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
 
-УИХ-ын нэр бүхий гишүүд улс төрийн хүрээнд үүсээд байгаа асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд хүссэн.  Мөн нийтийн сонсголын хуулийн дагуу БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийх хүсэлт тавьсан ч та энэ шаардлагыг хүлээж аваагүй. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж буй. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс та ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл таныг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:
 
-Бид хаврын чуулганы завсарлагааны хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан. Мөн УИХ-ын дарга өөрийн хүслээр чуулганд орж, хуралдаа сууж байна. Тиймээс та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг хүсч байна. Хэрэв та өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй бол УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүд ард иргэдтэйгээ хамт тэмцэж эхэлнэ” гэсэн юм.
 
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: 
 
ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх боломжийг олгохыг хүссэн. Энэ дагуу би Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа УИХ-ыг хуралдуулахаар завсарлуулсан. УИХ-аас зугатааж гарсан зүйлгүй. Тэр өдөр ирц бүрдээгүй учраас чуулган бүтэн өдөр хуралдаагүй. Тэгээд ажлын цаг дуусангуут нь би чуулганы танхимд орж ирэхэд  7-8 гишүүн байсан. Ганцаараа чуулганы танхимд орж ирээд чуулганы хуралдааныг хаасан гэдэг худлаа мэдээллийг тараасан. Миний эрүүл мэндттэй холбоотой худал мэдээлэл тарааж байна. Би эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байна. 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гэхээр намайг хийлгээгүй гэсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг надад хүргүүлсэн. Энэ хүсэлтийг хууль зүйн байнгын хороонд цохсон. Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг хийж болох эсэхээр хууль хяналтын байгууллагатай зөвшилцөхөд шалгагдаж буй хэрэг учир болохгүй гэсэн.  Түүнээс би хорьж хаагаад байгаа зүйлгүй. Хууль номонд нь нийцвэл хийж болно. Ер нь энэ асуудлыг нээлттэй яриад асуудлыг нэг талд нь гаргаасай гэж би боддог. Энэ асуудлаар ээлжит бус чуулганы хуралдуулах санал гаргасан. Гэхдээ нийт гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах хуулийн заалттай. Л.Оюун-Эрдэнэ гишүүний оруулж ирсэн бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байсан. Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн эсэхийг тодорхой болгох бичгийг өгсөн. Үндсэн хуулийн цэцээс намайг үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл би ажлаа өгөхөд бэлэн байна.  Надад өгөхгүй байх шалтгаан байхгүй. Намайг гүтгэж болно. Гэхдээ ажлаа хийж буй хуулийн байгууллагыг битгий гүтгэж, доромжлоорой. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлээр огцруулдаг хуультай.  Бодитой асуудал үүсвэл огцрох тухай асуудлаас татгалзаад байх зүйлгүй. Өнөөдрийн чуулган хуулийн дагуу ирц бүрдэж эхэлсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө орж ирж ирцээ бүрдүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээсэй гэж бодож байна. Намайг өөрийн тааллаар чуулганы хуралдааныг зохион байгуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэдэг. Даргын зөвлөлд хоёр намын бүлгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч гээд бүх талаас төлөөлөл ордог. Өргөн барьсан хуулиа хэдийд яаж хэлэлцүүлэхээ тэд шийддэг.  Намайг огцруулах асуудлаа хуулийн дагуу албан бичгээр  тавиачээ. Чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах байдлаар асуудлаа битгий тавиач гэв.
 
Э.Сүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler