| |
Пакеттэй 10 бууз
95-96 онд аав ээж маань, ажилгүй болж 8 жилийн өмнө үйлдвэрээс нь шилдэг залуу ажилтан гэр бүл гэж өгсөн 4 өрөө байрыг 2 өрөө болгож зөрүү мөнгөөр нь Бөмбөгөр захын гадаа контейнэр тавьж дотор нь гурил будаа зарж эхэлсэн юмдаг.
Ах 8-р ангиа төгсөөд ажил хийж гэр бүлдээ нэмэр болно гээд сургуулиас гарчихсан, би тэр жил 10-р анги, их сургуульд орох бэлтгэл хийгээд эхэлчихсэн, ямарч болсон ажилчин болохгүй гээд шийдсэн байлаа.
Зуныхаа амралтаар, хичээлийн завсар зайгаар, хагас бүтэн сайнд нөгөө контейнэрт очиж гэр бүлдээ тусалдаг, тонн тонноор ирж буй будаа гурилыг үүрч контейнэрт хураадаг, гурил будаа шуудайгаар авсан хүний юмыг машинд нь ойр зуур гэрт нь үүрч хүргэж өгдөг байв. Юмаа зөөлгөсөн хүмүүс хаяа 100, 200 төгрөг өгнө, тэрийг нь аав ээжид авчирч өгнө. Үүнийгээ тус болж байна гэж баярлана.
Гэхдээ яг үнэндээ тэнд очиж ажиллахаар ээж бууз зардаг явуулын нэг хүнээс пакеттэй байцааны салаттай, 10 бууз авч өгдөг байв. Өдөржин хүнд ажлын дараа амттай, сайхан буузыг овоолсон шуудайтай гурил, будаан дээр сууж байгаад идэх л тэр үед хамгийн жаргал байлаа.
https://www.facebook.com/batkhuyagl/posts/2359281947447496