| |
Хүүхдээ уйлах бүрт гар утсаа өгөх нь өөрийнхөө гараар хүүхдийнхээ эрүүл мэндийг хорлож байна
Та бага насны хүүхдээ уйлахад яаж аргаддаг вэ? Хүүхдээ тайвшруулахын тулд эцэг эхчүүд бид хамгийн түрүүнд тайвшруулж, анхаарлын өөр зүйлд сатааруулах эсвэл тоглоом өгч, дуулж, бүжиглэж янз бүрийн дуу чимээ гаргаэж аргаддаг. Гэтэл ингэх бүрт хүүхэд төдийлөн тоодоггүй. Нэг үгээр хэлэхэд ингэх нь үеэ өнгөрөөж байгаа гэхэд бараг л хилсдэхгүй. Учир нь өнөө цагт хүүхдийг "аргадах” хамгийн хялбар арга нь гар утсаа өгөх. Бүр тэднийг уйлагнаж аашлах төдийд аав, ээж нь цүнхнээсээ, халааснаасаа гар утсаа бушуухан гаргаж өгөөд бариулж байна. Энэ нь бараг хэвшил болчихсон гэлтэй. Гэвч хүүхдэдээ гар утсаа өгөхөөс өмнө тэдэнд ямар эрсдэлийг бий болгож буйгаа эцэг, эхчүүд мэдэж байгаа болов уу, бараг л үгүй байх. Гэтэл бага насны хүүхдийг гар утастай нөхөрлүүлэх тусам бусдаас илүү эмзэг цочимтгой болгодгийг ОХУ-ын эрдэмтэд тогтоожээ. Мөн оюуны дархлаа нь дөнгөж бүрэлдэн бий болж байх үед нь гар утастай ойр байлгах нь түүнээс ялгарах соронзон орны хүчтэй нөлөөгөөр ой тогтоолт муудах, нойргүйдэх өвчний шалтгаан болдог байна.
Дан ганц ОХУ гэлтгүй барууны орнууд ч хүүхдэд үзүүлэх гар утасны нөлөөг тогтоож түрүүчээсээ хориглож эхэлж байна. Жишээ нь, Англид найм хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Товчхондоо хүүхдийн оюуны дархлаа нь бүрэн тогттол түүнд сөргөөр нөлөөлөх зүйлстэй ойр байлгахгүй байхыг эцэг эхчүүдэд хуулийн хүрээнд сануулдаг хэрэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүүхдээ өхөөрдөж байна гээд л гар утсаа бариулаад суулгах жишээний. Тэгсэн атлаа хүүхдээ ухаалаг гар утсыг ямар сурамгай ашиглаж байгааг нь өөр нэгэнд сайрхаж ярих. Адаглаад таны гар утас дээрх хэдэн мянган бактери хүүхдийн гараар дамжин ам руу нь орж байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг боддог бол тэднийг уйлж байсан ч хамаагүй гар утсаа битгий өг. Гар утаснаас өөр аргадах шалтгаан олон бий шүү дээ.
С. Номужин