| |
Видео
Шинэ мэдээ
Н.Энхбаярт сөгдөж явсан У.Хүрэлсүхийн хамсаатнууд Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгийн хохирлоо төлсөн үү?
"Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэг ба хулгайчдад үйлчилсэн төрийн "машин. Одоогоос 11 жилийн өмнө "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, ганцхан хүн ял авч байсныг монголчууд сайн санаж байгаа. Яг энэ цаг үед шударга үнэний туйл болчихсон тэнгэрт дүүлж яваа Ерөнхий сайд маань улсад 14.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж байсан энэхүү хар дарсан зүүдээ мартаж шударга эх оронч хүний дүрд тоглож яваа нь өрөвдөлтэй.
У.Хүрэлсүх дээрх хэрэгт холбогдох үедээ УИХ-ын гишүүн байсан. Тэрбээр 11 сая төгрөгийн Фургон машиныг "Хадгаламж" банкны мөнгөөр хувьдаа завшсан хэмээн буруудаж Эрүүгийн хуулийн 150.150.3-аар буруутгагдан хэрэг нь шүүх рүү шилжиж ял авсан түүхтэй Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэргээс яаж мултарсан тухай МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг.
Тухайлбал, У.Хүрэлсүхэд тухайн үед Анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял ногдуулсан ч тэд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалт руу буцаасны дараа У.Хүрэлсүх, Н.Энхбаяр дээр Алтан аяган дээр хадаг барин гуйн очиж өршөөл эрсний эцэст түүнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож бүх бурууг дээрх банкны нягтлан бодогч асан Ц.Чимидцэрэн ганцаараа үүрч 10 жилийн ял авч байсан түүхтэй.
Ингэж л У.Хүрэлсүх хэргээс мултарч удалгүй гадагшаа явж нам гүм амьдралыг сонгосон ч 2011 онд эргэн ирж өөрт нь тус хүргэж ялаас мулталсан Н.Энхбаярыгаа МАН-аас хөөж жудаггүй зан гаргасан гэдгийг одоо ч МАН-ынхан ярьдаг. Харин Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож байв. Учир нь Ц.Чимэдцэрэн өөрөө казинод тоглосон гэдгээ хүлээж дээрх хоёр эрхэм хэргээс мултарч банкны мөнгөөр тоглоогүй гэж гүрийсээр ялгүй өнгөрч байсан юм.
Тэгвэл тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийг ч хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай. Энэ хэргийг сөхөж буй шалтгаан нь 14.2 тэрбумын хэргийн холбогдогч нар өдгөө Засгийн толгойд гарч шударга эх оронч дүрд тоглож байгаа нь гутамшиг. Учир нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг МАН-ын толгойд хуучин хүмүүс нь эргэж гарснаас үүдэж өнөөдрийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд, сайд дарга нар тэрбум, тэрбумаар нь хумсалж эрх мэдэл албан тушаалаа ашигласан нь өнөөдрийн дарга нарынх нь буруутай үйлдэл гэж олон нийт дүгнэж буй юм.
Товчхондоо бол 14.2 тэрбумын хэргээс хойш тэд өөдөлсөн үү гэхээс уруудаагүй шат шатаар албан тушаалын өөд мацсаар Монголын номер 3 дахь хүн болж чадсан нь хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй билээ. Эцэст нь хэлэхэд Ардчилсан намынхан улс төрийн хувьд арвин үүх түүхтэй дээрх эрхмүүдийн өмнөхийг сөхөж, дэлгэхээр бэлдэж байгааг дуулгах нь зүйтэй болов уу.
Харин одоо Ерөнхий сайд аа, таны холбогдсон 14.2 тэрбум төгрөг улсын төсөвт орж улсыг хохиролгүй болгож чадсан уу гэж асуумаар байна.
sonin.mn