|
Видео

Шинэ мэдээ

Б.Цогтгэрэл: Монголд хуулиас гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ үүсчихээд байна

Б.Цогтгэрэл: Монголд хуулиас гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ үүсчихээд байна

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа ялгаатай вэ, олон түмэнд намын бодлого чинь хэр хүрч байгаа вэ?

-МҮАН-ын бодлого бол бусад намуудаас эрс ялгаатай. Яагаад гэхээр 1990 оноос хойш байгуулагдсан манай ихэнх намууд гадаадын улс орнуудад ямар нам байдаг тэрнийх нь бараг салбар маягаар дуурайж, үзэл баримтлалын хувьд ч тэр, загварын хувьд ч тэр тэгж байгуулагдаж байсан. Тэгвэл манай намын хувьд цэвэр үндэсний үзлээр Монголын түүхэн төрт ёсны үзэл дээр суурилж байгуулагдсан гэж хэлж болно. Үүгээрээ ялгаатай юм. МҮАН-ын үндсэн үзэл баримтлалын тулгын гурван чулуу нь үндэсний үзэл, ардчилсан үзэл ,шударга ёсны үзэл гэсэн ийм гурван үзэл юм. Тэгэхээр манай нам бусад намаас яагаад ингэж ялгагдах болсон шалтгаан нь юу вэ гэвэл ер нь манай улс төрийн бусад намууд чинь хуучин коммунизмын үеийн намуудтай адил зарчмаар яг ижилхэн бүтэцийг нь дуурайж байгуулагдсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, тэдгээр намууд өнөөдрийнх шиг хэвлэл мэдээлэлийн салбарууд ингэж өргөн дэлгэр хөгжсөн мөн бусад салбар тухайлбал сонин хэвлэл, телевиз, интернет зэрэг шинэ технологи огт байхгүй үед жирийн хүмүүсээр дамжуулж суртал ухуулгаа хийдэг байсан. Яг энэ бүтцийг дуурайж МАН ч анх тийм л бүтэцтэйгээр ЗХУ-ын Коммунист намыг дуурайж байгуулагдаж байсан. Түүнтэй адил 90 онд нам нь яг энэ хэвээрээ үлдээд тэрнийг нь ардчилалын эхэн үед шинэ тутам байгуулагдсан бусад намууд яг адилхан дуурайсан нь гол асуудал болсон. Энэ нь өөрөө өнөөдөр Монголын гамшиг болж хувираад байна. Орон даяар энэ цөөхөн ард түмнийг бүхэлд нь хуваагаад тэгээд МАН-ын ард түмэн, АН-ын ард түмэн гэж хуваасан гэж хэлж болно. Энэ нь олон ургалч үзэл ардчилал, чөлөөт сэтгэлгээ гэдэг юмыг бүрмөсөн боомилоод цэвэр хоёр туультай болгосон нь буруу тогтолцоо юм. Нэг үгээр хэлбэл хэрвээ МАН-ын гишүүн байвал тэр намын зөв ч бай буруу ч бай бүх юм нь зөв, АН-ын хувьд бол бас буруу зөвийн ялгаа гэж байхгүй болж хувирсан. Өнөөдөр яг ийм байдлаар 20 гаруй жил дээр доороо ороод үүнийх нь тэмцэл дунд нь ард түмэн, улс орон тэр чигээрээ элгээрээ мөлхөж байна. Байдал ийм л байна.

                                               Монгол улсыг бодлогын нам авч явах ёстой

Тийм учраас манай нам үүнээс эрс ялгаатайгаар ерөөсөө төр тогтвортой байх, зөв бодлоготой байх гэсэн үзэл баримтлалыг гаргаж тавьж байгаа. Тэгээд үүнийгээ тууштай хэрэгжүүлдэг тийм төрийн албаны маш чадварлаг цомхон бүтцтэй байх гэсэн бодлого чиглэлийг томьёолж байна. Олон түмэн одоо л манай намын энэ бодлогыг нэлээд ухаарч сайн хүлээж авч, бас ойлгож байна. Намууд ч гэсэн сүүлийн үед бодлогын нам гэж ярьдаг болсон байна лээ. Өнөөдөр бүх дэлхий даяар аливаа улс орныг улс төрийн намууд авч явж байгаа нь маргаангүй үнэн. Энэ нь ч жишиг болж тогтсон. Өөр ч аргагүй юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай улсын 3 сая хүн байлаа гэхэд 3 сая бие даагчтай адилхан гэсэн үг юм. Тийм учраас тэрний бодлогыг нь зангидаад хүсэл тэмүүлэл, мөрөөдөл болон юу хүсч байгааг нь зангидан төрийн бодлого болгодог энэ институци нь нам өөрөө юм. Дээрээс нь тэр бодлогыг нь хэрэгжүүлэхэд боловсон хүчин бэлтгэдэг бодлого бэлтгэдэг нь бас нам байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр манайд орон даяар зүгээр л хийрхсэн улс төр яваад байна. Тэгэхээр энэ хуучин коммунист маягийн тогтолцоотой намыг чинь масс нам гэж нэрлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл олон түмний нам гэж. Харин манай нам шиг гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөгүй ийм намыг бодлогын нам гэж нэрлэдэг. Ийм нам Монгол төрийн бодлогыг боловсруулхад зуун хүн ч цөөдөхгүй. Олон хүний ч хэрэггүй.  Яг бүр нарийн ярих юм бол арваас илүү хүний хэрэг огт байхгүй. Ер нь бодлого тэгж гардаг. Зарим нь энэ хоёр нам шиг ийм том бүтэцтэй байж энэ улс орныг авч явах юм биш үү гэж ярьдаг. Үгүй. Энэ гурван сая хүний дунд байгаа чадалтай мэдлэгтэй боловсролтой туршлагатай бүх хүнийг бид дайчлах ёстой. МАН-ын хүн байсан ч дайчилна, АН-ын хүн байсан ч дайчилна.

Тэгэхээр манай намын бодлого гэдэг ерөөсөө тэр. Бид нар бол бодлогоо боловсруулаад хэрэв зээ төрийн эрхэнд гарах юм бол энэ хоёр намын бүх боловсон хүчний сорыг нь дайчлах ёстой. Тэр утгаараа үндэсний боловсон хүчнийг дайчлах тал дээр ийм бодлогын намууд  маш давуу талтай. Харин нөгөө масс намууд чинь яаж байна гэхээр сайн муудаа биш төрд зөвхөн манай намын хүн л байх ёстой гэсэн юм ярьдаг. Өөрөөр хэлбэл олон гишүүнтэй байх тусам төрийн албыг самрах магадлал их байдаг. Жишээ нь АН сонгуульд яллаа гэж бодоход төрийн алба бүхлээрээ солигддог. Дараа нь МАН ялахад бас л адил төрийн алба болон төрийн бодлогыг бүхлээр нь сольдог. Ерөөсөө яг нэг утгатай. Тийм учраас олон түмний нам байх нь өөрөө Монгол төрд гэм хортой болж хувираад байгаа юм. Тиймээс бид энэ улс төрийн намын тухай хууль, төрийн бодлогыг өөрчилье гэж яриад байна.

-Тэгвэл Монгол улс тэртээ 90-д оны үед дорнод Европын пост коммунист орнуудын жишгээр хуучин коммунист намуудаа бүрмөсөн булшилж, үйл ажиллагааг нь хуулиар бүрэн хориглох ёстой байсан юм биш үү?

-Нэгдүгээрт би өнөөгийн МАН буюу хуучин МАХН-ыг тухайн үед булшлах ёстой байсан уу үгүй юу гэвэл тийм үгийг хэрэглэж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр нам Монгол улсын өнгөрсөн зууны түүх, Монгол улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн нам. Өөрөөр хэлбэл тэр намд чухамдаа Монголын бүх шинэ үеийн сэхээтнүүд, боловсон хүчний чадавхи өөрөө нь тэнд байсан. Тэгэхээр тэр намын үйл ажиллагаанд буруу юм байсан уу гэвэл байсан. Үйл ажиллагааны зарчимыг өөрчлөх, бүтэцийг нь задлах гэдэг бол өөр хэрэг. Түүнээс биш тэр намын үйл ажиллагаа хүнтэй юутайгаа тэр чигээрээ буруу байсан гэвэл буруу ташаа ойлголт юм. Ерөнхийдөө хуучин социалист орнуудаас өнгөрсөн зуунд хамгийн их үр өгөөж, хөгжлийн үр шимийг нь хүртсэн улс гэвэл Монгол улс гэж хэлж болно. Жишээ нь одоо энэ боловсролын системийг хар, 1957 онд Монгол улс 4-хөн цэцэрлэгтэй байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол улс 30 гаруй жилийн хугацаанд асар өндөр хөгжил дэвшлийг олсон. Эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн мөн адил асар өндөр дэвшилд хүрсэн байдаг. Бусад салбарууд тухайлбал аж үйлдвэр, цахилгаан станц, Дархан, Эрдэнэт гээд маш олон бүтээн байгуулалтууд баригдсан. Тийм болохоор бид энэ бүхнийг буруу байсан гэж хэлэх нь өөрөө алдаатай зүйл юм.

                 Монголд өнөөдөр хувааж аваад захир гэсэн барууны технологийн тогтолцоо хэрэгжиж байна

Ерөнхийдөө бодлого үйл ажиллагаа нь алдаатай юм байсан учраас түүнийг засах хэрэгтэй л гэж байсан юм. Ний нуугүй хэлэхэд би тэр намыг булшлаад олон нам байгуулах гэхээсээ илүү магадгүй улс төрийн тогтолцоогоо тэр хэвээр нь авч үлдээд олон ургалч үзэл, нам доторхи ардчилалыг бий болгоод хөгжсөн бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр үеийн МАХН дотор барууны фракц, капиталист фракц, ардчилсан жигүүр ч гэдэг юм уу тийм фракцууд байгуулаад явсан бол Монгол улс өнөөдөр хамаагүй хол явах байсан. Тэгсэн бол бид өнөөдөр тэр үеийнхээ сайхан төлөвлөлтүүдээ хадгалж авч үлдэх байсан. Бас маш сайн явж байсан бодлогуудаа авч үлдэж чадах байж.  Хэрвээ олон намын систем зайлшгүй байсан гэж үзвэл МАХН бүхэлдээ тараад шинээр намууд байгуулж болох байсан. Хэрвээ тэгсэн бол энэ нам доторх боловсон хүчин бодол санаа, үзэл баримтлал энэ юмаараа намууд байгуулсан бол илүү нам шиг намууд байгуулагдаж болох байлаа.

Түүнээс биш боловсон хүчин нь энэ нам дээрээ бүгд үлдчихээд гадна талд нь нам байгуулна гэхээр ихэнх масс нь гудамжнаас орж ирэн элдэв янзын эрээвэр хураавар юм бий болсон. Үүнээс үүдээд тэр анх нам байгуулхад оролцож байсан тэр эрээвэр хураавар хүмүүс чинь өнөөдөр 20 гаран жил явж байж өнөөдөр нэг намын дайтай болохчоон аядаж байна. Тэр хооронд бид өнөөдөр асар их юмаа алдаж, маш их чадамжаа гээж үрэгдүүлэн ийм шинэ тогтолцоо руу орсон. Тэгээд энэ нь зөв үү, буруу юу гэхээр тэд нар нь яг хоёр фронт дээр гарсан юм шиг хоорондоо дайтдаг ийм эн тэнцүү хүчийг бий болгочихоод байж байна. Энэ бол өөрөө ерөөсөө онолоороо эртний Ромын үеийн  хуваан захирах үзэл онолд тулгуурласан юм. Эртний Ромын "Хувааж аваад захир” гэсэн тийм нэг онол байдаг. Өөрөөр хэлбэл хооронд нь хуваагдуулж үзэлцүүлээд бүх цаг үед тэр онолыг нь анх бий болгосон тэр хүмүүс нь хожиж байдаг ийм л тогтолцоог бид сонгочихоод өнөөдөр сууж байна. Тэгээд өнөөдөр бид үүнийхээ золиос болчихоод байж байгаа нь туйлын харамсалтай юм.

-За одоо хоёулаа жаахан өөр сэдэв рүү орьё. Та Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Миний бодлоор өнөөдөр Монгол улсын эдийн засаг зарим намуудын дүгнэж байгаа шиг хэвтрийн дэглэмээсээ гараад арай гайгүй болсон гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. МАН-ынхан болохоор Монгол улсын эдийн засгийг сэхээнээс гаргасан гэж яриад байгаа. Харин би буцаад сэхээнд орно гэдгийг сайн мэдэж байна. Миний бодлоор гэрэл гэгээ ерөөсөө харагдахгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ та нар харж байгаа бол өнөөдөр манай улсын гадаад өр 30 тэрбум ам доллар болчихоод байна. Энэ өр өдөр бүр нэмэгдсээр байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Тэр бол гарцаагүй. Ойрын 20 жилд 100 тэрбум ам доллар боллоо гэж бодьёо л доо. Тэгвэл эдийн засагч хүний нүдээр харахад эргээд энэ их өрийг өнөөдрийн энэ байгаа байдлаар бол огт нөхөж чадахгүй нь ойлгомжтой юм. Тийм учраас бид энэ их өрийн дарамтаасаа гарах, улс орон тогтвортой хөгжих, жирийн айл өрх бүрт хөгжил хүртээмжтэй очих тийм замыг сонгох хэрэгтэй. Ингэж хөгжихийн тулд өнөөдөр бид гарцаагүй Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдрийн үндсэн хуулийн хүрээнд бол аль нам нь ч байсан ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ бол ойлгомжтой. Эцэст нь энд юуг хэлэх гээд байна гэхээр энэ өрөндөө баригдаад тусгаар тогтнолоо алдах ийм л зам руу явж байна.

-Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

-Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажил авангуут "Өдрийн сонин” дээр нэг ярилцлага өгч байсан юм. Тэгэхэд би маш том хүлээц, маш том амлалтаар гарч ирлээ шүү гэдгийг нь хэлж байсан. Бас энэ их үүрэг хариуцлагыг даах гэдэг өөрөө их хэцүү гэдгийг хэлсэн. Өнөөдөр яг тийм л юм болж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхэд бодож санаж байгаа юм их байгаа. Гэхдээ өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо өнөөдрийн төрийн ажиллагааны механизм, тогтсон улс төрийн соёл, дээрээс нь олигархуудын сонирхлын зөрчил тэмцэл, Монгол төрд олигтой ажиллах боломжийг олгохгүй. Тийм учраас найдаад хэрэггүй. Том төслүүд мэдээж явахгүй. Хэдийгээр хүсэл байгаа боловч явахгүй гэдэг нь баталгаатай. Ийм л юм байгаа. Тиймээс нэгэнт энэ бүх юм нь явахгүй болохоор эдийн засаг нь бахь байдгаараа л байна. Өнөөдөр манай улсын уул уурхайнууд бүгд өрийн уурхай болж хувирсан. Өнөөдөр Монгол улсын төсвийн 40 хувь нь зөвхөн өрийн үйлчилгээнд явж байна. Өрийн үйлчилгээ гэж юу юм. Энэ бол зээлийнхээ зарим хэсгийг хүүтэй нь төлж байна л гэсэн үг. Аажимдаа Монгол улсын төсөв бүхэлдээ зээл, зээлийн хүү, өрийн үйлчилгээнд л явдаг ийм л болох гэж байна. Тэгэхээр гэрэл гэгээ байхгүй гэсэн үг. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй.

-Та Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг. Гэтэл зарим хүмүүс энэ төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үздэг. Та яагаад Оюутолгойн гэрээг зайлшгүй цуцлах ёстой гэж үздэг юм бэ?

-Би бол уул нь Оюутолгойн төслийг яваасай гэж хүсдэг. Гэхдээ энэ төсөл Монгол улсад ашигтай байвал явах ёстой. Энэ бол гол асуудал нь. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн өрөнд орчихлоо. Үүнээс Монгол улс өгөөжөө авахгүй. Ногдол ашгийг 2040 он хүртэл хараад хэрэггүй. Горьдоод ч хэрэггүй. Тэр үед нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь хөрөнгө оруулагч тал нь авсан байна. Тэрнээс цааш нь ашгийн тухай ярих боломжгүй. Ийм л зүйл. Ийм байдалд оруулсан учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай.  Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригдаж байна. Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл,  Энтэри гоулд гэх мэтчилэн маш олон компаниуд хөрөнгө оруулалтын гэрээн дээр янз бүрийн төлөөний  хүмүүс нь гарын үсэг зурдаг. Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурдаг. Өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Дээрээс нь тэнд нь голлон тоглогч гэгддэг Рио тинтогийн эздүүд нөгөө яриад байсан Фридланд энэ тэр улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс байна уу. Хаа ч байхгүй. Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүргүүд нь байхгүй, хөрөнгө оруулсан биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон. Бас олон улсын банкууд дунд нь зуучилж маш их хожсон, ашгаа хүртсэн. Энэ нь зүгээр л зээл олж өгсөн зуучлалын үйлчилгээ юм.

Энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа хийчихсэн юм байна лээ. Дээрээс нь олж авах ашгаа 3 тэрбум ам доллараа олоод ашгаа хүртчихсэн юм билээ. Өөрөөр хэлбэл тэд хангалттай орлого олсон. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнээ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд бас маш их мөнгө авсан. Менежмент хийсний урамшуулал гээд бас маш их хувь авсан. Бас хувь нийлүүлэгчдийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэрээний гүйцэтгэлд босгосон мөнгөөрөө тэрнийгээ ашиглахад нь оролцож маш их мөнгө авсан байдаг. Мөн Монгол улсад давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна. Бас янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байна. Өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байна. Гаднаас маш хямдхан аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулаад Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм юм маш их бий. Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү авдаг. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа шиг зүйл явуулж байна. Гаднаас бага хүүтэй босгоод Монголд өгөхдөө өндөр хүүгээр өгөөд ингэж мөнгө хийж байна. Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүдийг шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцох замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулж, дээрээс нь Монголын талд өрийн дарамт үүсгэж байна. Энэ бүх утгагүй зүйлийг харах юм бол ерөөсөө энэ нь яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Тийм болохоор анхнаасаа зуучлалын гэрээ эсвэл менежментийн гэрээ л хийх ёстой байсан.

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг ойлгох цаг нь болсон 

Анх би энэ талаар гэрээ байгуулж байх үед маш их ярьж байсан. Миний бие өөрөө тухайн үед Оюутолгойн гэрээний 108 алдаа гэсэн баримт бичгийг олон нийтэд гаргаж ирж тавьж байсан. Тэгвэл өнөөдөр зарим хүмүүс энэ Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн ерөөсөө байхгүй гэж ярьж байна. Тухайн үед би хоёр шөнө нойроо хугаслаж, энэ гэрээг харж байсны хувьд 108 алдаа гэж гаргаад тэр дотроос ТББ-д, улс төрийн намуудтай нийлж 34 гол гэсэн заалтуудыг гаргаад Оюутолгойн Монголын талын ажлын хэсгийнхэнд 2009 онд өгч байсан. Ийм ийм юм байгаа. Тэгээд өнөөдөр эргээд харахад яг л тэр гэрээний өгч байсан тэр бүх алдаа энэ Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болгох бүх юмыг хийчихсэн байгаа нь харагдаж байна. Энэ бол шалгарсан арга. Тэр барууны хөрөнгө оруулагч нар чинь энэ аргаа африкийн орнуудад 50,60 жил хэрэгжүүлээд ирчихсэн байдаг. Тэр компаниуд чинь өөрсдөө 100 гаруй жилийн хур туршлагатай компаниуд байдаг. Гэтэл тэр том компаний эсрэг манайд туршлагатай ганц ч баг байхгүй, бэлтгэсэн өөрийн команд байхгүй, тэр ч битгий хэл удирдамж ч байхгүй байгаа. Дээрээс нь Монголын талын гэрээний хувилбар ч байхгүй орсон гээд бод доо. Тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь анзаарч ч харалгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ юм. Тэрний гор л өнөөдөр гарч байна. Яг энэ байдлаараа Монгол улс ашиг хүртэх ямар ч боломж байхгүй. Яахав хэдэн төгрөг татварт авна, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлчихнө. Тэгээд л болоо. Ийм л учиртай юм.

-Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах ёстой гэж ярьж байгаа. Засгийн газрыг огцруулах нь зөв үү?

-МҮАН бол тогвортой байдлыг эрхэмлэгч нам. Тийм учраас Засгийн газрыг солих шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ нь төрийн тогтвортой байдалд халтай зүйл. Дээрээс нь нэмэгдэхүүний байрыг өөрчилхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн үг бий. Оронд нь хэн ч гараад ямар ч олигтой өөрчлөлт тэртээ тэргүй гарахгүй. Тийм болохоор нэгэнт өөрчлөлт гарахгүй юм чинь тэрнийг өөрчилж яах юм. Харин Үндсэн хууль руугаа гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ огцруулна гэж ярьж байгаа бол цэвэр өнөөх гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд хүлээж байгаа гэдэг үгтэй агаар нэг. Тэгээд ч Засгийн газрыг огцрууллаа гээд улс орныг олигтой аваад явчих бодлого хөтөлбөртэй баг угаасаа байхгүй. Тийм баг байгаа бол мөрийн хөтөлбөрөө гаргаж ирээд танилцуулах хэрэгтэй. Даан ч тийм баг ерөөсөө байхгүй.

-МАН сонгуулийн үеэр амалсан мөрийн хөтөлбөрөө хэр сайн биелүүлж байна гэж үзэж байна?

-МАН-ын мөрийн хөтөлбөр биелэгдэх боломж ерөөсөө байхгүй. Дээрээс нь заримыг нь биелүүлээд ч хэрэггүй. Ялангуяа энэ популист намууд чинь дандаа ард түмний сэтгэл зүйгээр тоглож хоосон амлалтууд их өгдөг. Тэр утгаараа тэр нь биелэгдэх нь Монгол улсын эдийн засагт хор хохиролтой. Хоёрдугаарт тэд бүх л цаг үед амлаж байдаг өнөөх л төмөр зам, цахилгаан станц, Асгатын мөнгөны орд, төмөрлөгийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулна гэдэг ч тэр нь хэзээ ч биелэгдэхгүй. Засгийн газар дор хаяж 8-10 жил тогтвортой байх ийм Үндсэн хуулийн орчин нөхцөл бий болсон нөхцөлд манай том төслүүд явна.

-Оффшорын эсрэг тэмцлийн талаар та юу гэж хэлэх вэ?

-Оффшор яагаад бий болоод байна гэхээр манайд ардын хянан шалгах хороо байхгүйтэй холбоотой. Засгийн газрын энэ зарцуулж байгаа мөнгө, худалдан авалт дээрээс нь тендер, газрын наймаа, төрийн өмчийн үйлдвэрүүдийн газруудын энэ их шахаа энэ бүхнийг хянадаг байгууллага Монголд өнөөдөр алга байна. Монголд уул нь үүнийг хянадаг байгууллага нь Үндэсний аудитийн газар гэж байгууллага байдаг. Гэвч тэр газрыг ялсан нам нь өөрөө байгуулдаг. Тийм болохоор ялсан нам өөрөө өөрийгөө шалгана гэж хэзээ ч байхгүй. Үүнийг Эрдэнэтийн 51, 49 хувь дээрээс харж болно. Уул нь Ардын хаянан шалгах хороо байсан бол үүнийг дор нь шалгах байсан. Харамсалтай нь анхнаасаа МАН-ыхан энэ байгууллагыг УИХ-ын харьяа байгууллага болгож өөрчлөөд тэр нь эрх барьсан намын үгээр ажлаа хийдэг газар болж хувирсан. Харин манай нам бол хараат бус үндэсний хянан шалгах байгууллага байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тэр нь тэгээд дээрээ ард түмний зөвлөлтэй байх ёстой. Тэр үүднээсээ мэдээж ялсан нам өөрийгөө шалгахгүй нь тодорхой. Тийм болохоор алдаа завхрал хулгай дээрэм тасралтгүй гарах нь ойлгомжтой юм.

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэр сайн ажиллаж байгаа вэ?

-Би Ерөнхийлөгчийг сайн ажиллаж байгаа гэж бодохгүй байгаа. Нөгөөтэйгүүр ажиллах боломжийг нь ч нь олгохгүй байна. Яагаад гэвэл өнөөдрийн Монгол улсын Үндсэн хууль ийм юм. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдэл гэхээр юм юу ч байхгүй. Тийм учраас тэр хүнд ямар ч хүсэл мөрөөдөл байгаад биелэгдэх боломжгүй. Сая л гэхэд ШХАБ-ын уулзалтад манай Ерөнхийлөгч Монгол улс тус байгууллагын гишүүн болох хүсэлтэй гээд шууд хэлж чадахгүй байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Ерөнхийлөгчид тийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй байна гэсэн үг. Тиймээс түрүүн би хэлсэн Үндсэн хуулиа өөрчилж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин үүнээс хождог улс төрийн бүлэглэл бол Монголд байгаа. Тэр бүлэглэл Монгол улсыг өнөөдөр 30 тэрбум ам долларын өрөнд оруулчихаад байна. Бас улс төр, эдийн засгийн ялзралд бүрэн оруулчихаад байна.

-Танай нам цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө л байгуулагдсан. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж байна. Төр нь төр шиг ажилладаг болохын төлөө, улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, цаашдаа улсаа өрнөөс гаргаж төр улс, түмэн олноо ядуурлаас гаргахын төлөө МҮАН улс төрийн бусад нам эсвэл, иргэний нийгмийн байгуулага болон дэвшилт бүх хүмүүстэй хамтарч ажиллана. Энэ үйл хэргийнхээ төлөө ч бид тууштай замнах болно. Хэрвээ ингэж тэмцэж чадвал Монгол улс богино хугацаанд хөгжих боломжтой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Ж.Батдорж

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.