| |
Ж.Мөнхбат: Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй
Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьснаас хойш улс төрийн нам эвсэл, олон нийтийн байгууллагууд байр сууриа илэрхийлж эхлээд буй. Энэ удаад НАМЗХ-ноос Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар залууст мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг сонслоо.
Энэхүү уулзалтад НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн тэргүүлэгчид, бага хурлын гишүүд, дэмжигч 300 гаруй залуу оролцож, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар санал солилцлоо.
Харин тэдэнд МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, НАМЗХ-ны бодлогын зөвлөлийн дарга, УИХ- ын гишүүн Н.Номтойбаяр нар УИХ-д өргөн бариад буй Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор НАМЗХ-ноос мэдэгдэл гаргаснаа танилцуулсан.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Монгол Улс 25 жилийн дараа Үндсэн хуулиа өөрчлөхөөр ярилцаж эхэлсэн. Хэдийгээр байнгын хороо, чуулганаар хэлэлцэж эхлээгүй ч сөрөг хүчний зүгээс эх хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүйгээ илэрхийлчихсэн. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та ямар шалтгаанаар Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал бий. Жишээлбэл, парламентад суудалтай таван намын 2-3 нь буюу МАН, МАХН Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь одоогийн оруулж ирсэн төсөлд хэд хэдэн ноцтой асуудал бий.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно гэж байгаа. Гэтэл 99 гэдэг нь бөөгийн тэнгэр шүтэх бэлгэдлийн тоо байж болох. Хоёрдугаарт, УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг тав болгож оруулж ирсэн. Энд юу явж байна гэхээр улстөрчид магадгүй зарим улс төрийн хүчин 1990 оноос буюу 25-26 жил улс төрд явсан хүмүүс өөрсдийнхөө насыг уртасгах гэсэн арга хэлбэр рүү орж байна.
Гурав дахь ноцтой зүйл нь Үндсэн хуулийг эх хууль болгоно хэмээн ярьж байна. Гэтэл үүнийг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг дээр огт яриагүй. Хүн шөнө зүүдлээд юм уу эсвэл хэн нэг нь санаа хэлэхээр маргааш нь оруулж ирээд хийчихдэг шиг л зүйл болсон.
Гэнэтхэн л ийм санал оруулаад ирсэн. Харин энэ яагаад байж болохгүй заалт вэ гэхээр өнөөдөр төрд, улстөрчдөд итгэх итгэл нийгэмд буурсан. Судалгаагаар иргэдийн 40-өөс дээшхи хувь нь төр, улстөрчдөд итгэдэггүй болсон. Нийгэм ийм, дээрээс нь 76-гаа яая гэж байгаа энэ үед дахин 33-ыг нэмээд 99 хүнийг сонгох, энэ олон хүнтэй ноцолдох зарчим бол буруу.
Магадгүй парламент, улс төрийн орчин болон намууд нь төлөвшчихсөн үед байж болох. Ялангуяа Ерөнхийлөгчийн засаглалтай улсад улс төрийн бодлого нь тогтвортой байдаг учраас парламент нь таван жил байдаг. Жишээлбэл, Орос зургаан жил болгосон. Тэгэхээр манайд таван жил байж болохгүй юм.
Энэ ч утгаараа Үндсэн хуулийг эх хууль болгож болохгүй гэдэг үүднээс энэ хуулийн өөрчлөлтийг МАН-аас дэмжихгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргаад байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд ард нийтээс санал асуух ёстой. Гэтэл энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэхийг нь дэмжчихсэн байгаа шүү дээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаг захиргааны нэгжийг өөрчлөх санал оруулж ирснийг та хэрхэн харж байгаа вэ?
-Арванхоёрдугаар сарын 6-нд бүх ард нийтийн санал асуулга явуулаад 25-29 хүртэл хоёр долоо хоногийн дотор Үндсэн хуулийг өөрчилнө гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэвэл сонгууль болох зургаан сарын өмнө Сонгуулийн болон Үндсэн хуулийг өөрчилдөггүй хуулийн заалттай.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөс хоёрхон зүйлийг жишээ авч ярихад, сумын Засаг даргыг ард түмнээс сонгоно гэж байгаа. Гэтэл өнөөдөр дээд шатны буюу аймгийн Засаг дарга нь батламжилдаг байхад л эд нартаа дийлддэггүй аймгийн Засаг дарга нар байна.
Аймгийн Засаг даргаа дийлэхгүй Ерөнхий сайд байна. Хамгийн наад захын жишээ Говьсүмбэр аймаг. Тэнд өнгөрсөн дөрөвдүгээр сард дөрвөн тойрогт нөхөн сонгууль болж бүгдэд нь МАН ялсан. Хуулиараа, ардчиллын зарчмаараа ИТХ нь хуралдаад, МАН- ын дөрвөн хүнийг оруулаад МАН засгаа бариад явах ёстой.
Гэтэл ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр нь Ерөнхий сайд, УИХ- ын дарга руу таван удаа дуудагдаад "Тийм юм байхгүй, та нар намын дарга, Ерөнхий сайд нь тэр л юм байгаа биз. Бид орон нутгийнхаа асуудлыг мэднэ” гээд хурлаа хийдэггүй, тамгаа аваад зугтаад алга болчихдог. Иймэрхүү байдал өнөөдөр газар авчихсан. Тэгэхээр одоо ард түмнээс сонгогдоно гэдэг бол тухайн сумынхаа 1000 иргэнээс сонгосон, ямар ч аймгийн дарга, Ерөнхий сайд, хэнбугай ч байсан босоо шатлалтай, удирдлагын тогтолцооны өөдөөс "зүгээр байгаарай” л гэнэ.
Аймгийн даргынхаа үгэнд орохгүй, "Юу яриад байгаа юм, та нар намайг сонгосон юм уу, сумын ард түмэн намайг сонгосон. Чи намайг томилж, батламжилдаг юм уу, чамд би ямар хамааралтай юм, ажлаа хийж байна” гээд улсын хэмжээнд 330-500 хурган болон хуцан дарга төрнө. Нөгөө талаас Монгол Улс Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Холбооны улс биш. Англи, Америк, Орос, Герман шиг муж улсаас бүрдээгүй.
Тэгэхээр нэгдмэл улсын үзэл санаа нь төрийн бодлогын схем нь шаталсан удирдлагатай, захирах, захирагдах ёсыг хангасан байдаг. Гэтэл манайх Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу холбооны улсын системийг хэрэгжүүлэх гээд байна л даа. Тэгэхээр улсын нэгдмэл байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын үзэл санаа хэцүү болоод явчихаж байгаа юм.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар төсөлд тусгасан. Энэ нь Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагах, лоббид автах гээд олон сөрөг үр дагавартай гэж тайлбарлах хүн цөөнгүй байна. Харин таны хувьд энэ хэр оновчтой шийдэл вэ?
-Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 39 нь кноп дарахад олонхийн шийдвэр болоод явдаг. Монголын ард түмнээс биш 39 хүнээс Ерөнхийлөгч төрөх нь. Жишээлбэл, өнөөдрийн УИХ-аар авч үзвэл 10-аад гишүүнтэй хоёр фракцийн толгойлогч ярьж байгаад л Ерөнхийлөгч гаргаад ирэх боломжтой болох нь байна шүү дээ.
"За манай хоёр фракц тохироод чамайг Ерөнхийлөгч болгоно, чи үгээр байна шүү, энэ бодлогыг дэмжинэ шүү. Үгүй бол бид чамайг Ерөнхийлөгчийн суудлаас чинь хусчихна шүү, 39 кнопоор шийднэ” гээд л байх нь. Гэтэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь сонгодог парламенттай оронд байдаг жишиг. Тодруулбал, улс төрийн намууд нь төлөвшчихсөн, улстөрчийнх нь ёс зүй, ухамсар нь өндөр, улс төрийн соёл нь ядаж л олон намын тогтолцоо, парламентын засаглалтайгаар 50-аас дээш жил явчихсан улс оронд Ерөнхийлөгчийн эрх, үүргийг жаахан буулгаад парламентаас сонгодог жишиг бий.
Харин манай улсад бол парламент фракц, бүлэглэлүүдийн л өрсөлдөөн болчихсон. Өнөөдөр Ерөнхий сайд хэдэн фракцийн барьцаанд орчихсон л байна шүү дээ. УИХ-ын дарга нь хөдлөх гэхээр бас л фракциудынхаа барьцаанд орчихсон, ямар нэгэн эрсдэлтэй шийдвэр юм уу хатуу зангарга үзүүлж чаддаггүй. "Ажлаа хийгээрэй, чадахгүй бол яваарай” гэж хэлэх чадах хэмжээний УИХ-ын дарга, Ерөнхий сайд сүүлийн 3-4 жилд байхгүй болсон.
Дандаа аргалдаг, аргаддаг. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэдэг бол фракцийн эрх ашгийг хангасан, 1-2 фракц, бүлэглэлийн Ерөнхийлөгч төрөх магадлал өндөр байгаа юм. Гэхдээ Үндсэн хуулийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор баталж, өөрчилдөг.
Тиймээс МАН- ын 26 гишүүн дэмжээгүй нөхцөлд өөрчлөх боломжгүй байгаа. Тийм ч учраас энэ байр суурийг илэрхийлж байгаа юм. Яахав ер нь цаашдаа Монгол Улсад засаглал хуваах зарчмыг хангах ёстой. Гэхдээ яг ард түмний санал асуулгаар 70-аад хувь нь дэмжихгүй, "УИХ тарах хэрэгтэй” гэж байгаа нөхцөлд, ийм парламент Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн эрх, чадамжгүй.
Тэгээд ч Үндсэн хуулийг өөрчлөх дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Тэнд улс төрийн намууд зөвшилцөж баж Үндсэн хуулийг өөрчлөх заалттай. Гэтэл парламентад суудалтай таван намынх нь 2-3 нь эсэргүүцчихсэн. Дээрээс нь парламентад суудалгүй 20- оод нам "Хэрвээ энэ УИХ Үндсэн хуулийг өөрчилбөл бүх ард түмний бослого гаргана” гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэд "Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн чадамжгүй” гэж үзэж байгаа.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг та ахалж ажиллаад төслөө боловсруулаад өргөн барьчихсан. Гэтэл өнөөдрийн байдлаар УИХ-д сонгуулийн тогтолцоотой холбоотой дөрвөн ч хуулийн төслийг өргөн бариад байна?
-Улс төрийн 22 намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар цуглаад Сонгуулийн хуулийг өөрчлөхөд санал нэгдээд 2-3 долоо хоног ажилласан. Ингээд бид гурван зарчмын саналд нэгдсэн. Нэгдүгээрт, энэ богино хугацаанд том хуулийн төслийг боловсруулж, баталж амжихгүй.
Тийм учраас одоо мөрдөж байгаа хуульд нь өөрчлөлт оруулъя гэж тохирсон. Мөн зарчмын чанартай хэдэн зүйл байгаа нь тоглоомын дүрэм ямар байх нь маш чухал. Судалгаагаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 86 хувь нь хар машинд итгэхгүй байна гэсэн. Жишээлбэл, Австрали улс 26 сая сонгогчтой мөртлөө сонгуулийн саналыг гараар тоолдог. Учир нь машинаар тоолоход өндөр зардал гардаг.
Гэтэл манайх 30 гаруй тэрбумыг улсынхаа төсвөөс гаргаад хар машины тооллого зохион байгуулж байгаа. Нөгөө талаас саналын тусгай цаасыг Канадаас маш өндөр үнээр хэвлүүлж авчирч байна. Дээр нь хүний ажиллагаа орж, тэр нь сервертэй холбогдож л байвал хакердах буюу сонгогчдын саналд нөлөөлөх бололцоо 60-аас дээш хувьтай байдаг. Европын бүх улс хар машинаас татгалзчихсан.
Тийм учраас саналыг машинаар тоолъё, давхар гараар тоолъё. Ингэхдээ Говьсүмбэрийн нөхөн сонгууль шиг камер зооё, камераа проектроор шууд дамжуулаад хэвлэлийнхэн болон ажиглагч, нэр дэвшигчдэд нь нээлттэй тоолъё гэж байгаа юм. Маргаан гараад шүүх дээр очиход баримт нь үлдэг.
Хоёрдугаарт, Сонгуулийн хуулиар төрийн албан хаагчид тойрог, хэсгийн хороог бүрдүүлж байгаа. Гэтэл төрийн албан хаагч нэрийн дор орон нутагт ялалт байгуулсан нам өөрсдийнхөө хүмүүсийг оруулаад ямар нэгэн будилаан тарих магадал өндөр байдаг учраас 30 хувьд нь төрийн албан хаагчийг оруулъя, 70 хувьд нь улс төрийн намуудын төлөөлөл, нэрээ дэвшүүлж, нэр дэвшигчээ сойж байгаа улс төрийн намууд төлөөллөө оруулаг гэж байгаа.
-Тогтолцооны хувьд дөрвөн өөр төрлийн санал явж байгаа. Таныхаар дэмжигдэх магадлалтай нь бас бодит байдалд аль нь зохимжтой юм бэ?
-48:28 бол хэвээрээ байх болов уу. Яагаад гэхээр 76 жижиг мажоритар байхад Дээд шүүхэд бүртгэлтэй 20-оод намаас ганцхан манай нам гар өргөсөн. Бусад нь бүгдээрээ холимог системийг дэмжиж байгаа. 28:48-ыг дэмжсэн гэсэн үг. Зарим нь бүр 38:38 гэж байгаа.
Тэгэхээр 28:48 руугаа явж таарах байх. Ингээд 48-ыг жижиг мажоритар болгоно. Аймаг, дүүрэг, тойрогтоо нам хоорондоо өрсөлддөг байдлыг болиулж байгаа. Сонгогчдын зүгээс бол намын нэрсийн жагсаалтаар сонгогддогийг эсэргүүцэж байгаа учраас бүсчлэх хувилбар бий.
МАН, АН хоёр энэ хувилбарыг ярилцаад байж болно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, баруун болон хангайн бүсэд тус бүр тавыг, Улаанбаатарт наймыг гээд 28-аа бүсчилнэ.
Нам биш хүн дугуйлдаг систем рүү оръё гэдэг өөрчлөлт байгаа. Ямар ч байсан сонгуультай холбоотой дөрвөн өөр хуулийн төсөл УИХ-д очсон. Тэндээс тус бүрээс нь ямар заалтыг авах вэ гэдгийг ажлын дээрт дээр шийдэж таарна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин