|
Видео

Шинэ мэдээ

Ж.Мөнхбат: Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэхгүй бол эсэргүүцлийн томоохон акци зохион байгуулхаас аргагүй

9bc5fcb1e4a799b2bb2ad5bb38270227

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа. Түүний хувьд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намаас бүрдсэн Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

-МАН-аас санаачлаад улс төрийн намуудтай хамтран Сонгуулийн хуулийг боловсруулсан. Уг хуульд Засгийн газраас санал авахад бэлэн болсон гэж байсан. Хэзээ өргөн барихаар байна вэ?

-Ардчилсан парламентын 25 жилийн түүхэнд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам анх удаагаа нэг зүйлд санал нэгдсэн нь Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал байсан. МАН-аас зохион байгуулсан улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахлаад Сонгуулийн хуулийн төслийг бэлэн болгоод Засгийн газарт өргөн барьчихаад байна.

Хуулиараа Засгийн газар 30 хоногт багтааж хариу өгөх учиртай. Хуулийг өргөн бариад хоёр долоо хоночихлоо. Хариугаа хурдан шуурхай өгөхийг бид шаардаж байгаа юм. Учир нь, Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа ирэх арванхоёрдугаар сард дуусах учраас яаравчлаад байгаа юм л даа. Энэ хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болчихсон. МАН-ын дөрөв, "Шударга ёс” эвслээс Л.Цог, Ч.Улаан, ИЗНН- аас С.Дэмбэрэл нарын долоон гишүүн гарын үсэг зураад өргөн барьсан.

Миний ойлгосноор Засгийн газар даруйхан хариугаа өгчихвөл УИХ ирэх сарын эхээр хэлэлцээд эхлэх боломж бий. Бидний санаачилснаар Сонгуулийн хуулийн найман зүйл, заалтыг өөрчилье гэдэг дээр тохирчихсон. Тэгээд ч Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэдгийг УИХ өөрөө гурван жилийн өмнө хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл, Р.Бурмаа гишүүнээр ахлуулаад Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Нэгдүгээрт, энэ нь Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх үндэслэл.

Хоёрдугаарт, энэ ажлын хэсгийнхний ажил явахгүй юм байна гэж ойлгосон. Учир нь өнгөрсөн долоо хоногт Р.Бурмаа гишүүний ажлын хэсэг хуралдаад энэ хуулийн төслөө өргөн барихаар намуудаас санал авч байгаа юм билээ. Гэхдээ МАН-аас хуулийн ажлын хэсэгт орсон гишүүдийн зүгээс үүнд гарын үсэг зураагүй. Учир нь энэ бол зөвхөн УИХ-ын сонгуулийн асуудал биш. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гурван сонгуулийг нэг хуульд багтаагаад нэгдсэн хууль боловсруулж өргөн барьж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа учраас татгалзаж байгаа юм.

-Хэрвээ хуулийнх нь хугацаанд багтаагаад Сонгуулийн хуулийг хэлэлцэж, өөрчилж амжихгүй бол одоогийн хуулиараа сонгууль явуулж таарах нь ээ?

-Хэрвээ хуулиа өөрчлөхгүй бол улс төрийн хямрал маягийн зүйл рүү явж таарна. Учир нь Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдэгт АН-аас бусад бүх нам санал нэгдчихсэн байгаа шүү дээ.

Хэрвээ Засгийн газар саналаа яаралтай өгөхгүй, УИХ-ын даргын зүгээс ямар нэгэн хориг саад хийвэл Дээд шүүхэд бүртгэлтэй бүх улс төрийн нам нэгдэж, акци, алхмыг зохион байгуулна гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн. УИХ-ын даргад энэ хуулийг яаралтай хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрчихлөө.

-Хуулийн хугацаа дуусахад маш бага хугацаа үлдсэн. Энэ хугацаанд Засгийн газар саналаа ирүүлээд УИХ-аар хэлэлцүүлж эхлэх боломж хэр харагдаж байна вэ?

-Ер нь боломжтой шүү дээ. Парламентад суудалтай улс төрийн таван нам бий. АН түдгэлзсэн байр суурьтай байгаа ч үлдсэн дөрөв нь дэмжиж байгаа шүү дээ. Тийм ч учраас бүлгийн гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн бариад бүх зүйлээ бэлэн болгочихоод байна.

Харин одоо Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэх нь Засгийн газраас, УИХ, УИХ-ын даргын зөвлөлөөс л шалтгаалж байна. Ер нь Сонгуулийн хуулийг өөрчлөх нь ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл.

Тухайлбал, сонгогчдын 98 хувь нь хар машинаар санал тоолж болохгүй гэдэгт санал нэгдсэн байна гэх судалгааны дүн гарсан. Таван аймаг, хоёр дүүргийн төвшинд хийсэн судалгааны дүн ингэж гарсан байсан. Түүнчлэн Сонгуулийн хууль дээр бас нэг ярьж буй асуудал нь нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгааг аль ч газар хэн ч шүүмжилж байгаа шүү дээ.

Тэгэхээр Монгол Улс цаашдаа шударга, ардчилсан нийгмийг байгуулъя, ардчиллын үнэт зарчмаар явъя гэвэл нээлттэй, ил тод, хууль ёсны төр засагтай л байх хэрэгтэй. Үүний тулд Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй.

-Р.Бурмаа гишүүний хэлснээр тухайн ажлын хэсгийнхэн хоёр асуудалд нэгдсэн байр суурьт хүрэхгүй байгаа учраас параментаар эцсийн шийдэлд хүрэхээр байна гэж байсан?

-Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгийнхэн парламентад суудалтай намуудынхаа байр суурийг нэгтгэж чадахгүй байна. Харин манай ажлын хэсэг боловсруулсан хуульдаа Засгийн газраас санал авахаар өргөн барьчихсан. Гэтэл Р.Бурмаа гишүүний ажлын хэсэг энэ алхмаа одоо хүртэл хийгээгүй байх жишээтэй.

Дээрээс нь гурван өөр сонгуулийг нэгтгэх гээд байгаа нь байж боломгүй зүйл. Үүнд улс төрийн намууд маш их хардлагатай байгаа.

Учир нь хэлэлцэнэ хэлэлцэхгүй, өргөн барина, барихгүй гэж явсаар байгаад арванхоёрдугаар сар хүргээд хуулийн хугацааг хүргэх нь гэж хардаж байна л даа. Өөрөөр хэлбэл, цаг хожих гэж арга саам хийгээд байгаа учраас Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгийн биш бүх улс төрийн намын санал нэгдсэн хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Хэлэлцэж амжихгүйгээр хуулийн хугацааг дуусгачихвал өнөөгийн нөхцөл байдалтай Сонгуулийн хуучин хууль хэр зохицож байна гэж та бүхэн харж байна вэ?

-Энэ хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхгүй бол парламентад суудалтай болон суудалгүй намууд нэгдэж, улс төрийн эсэргүүцлийн маш том акци хийхээс өөр аргагүй. Үүний дараагийн алхам нь магадгүй УИХ-ыг тараах асуудал ч байж болзошгүй.

Яагаад гэвэл сонгуулийн булхай луйвар яваад байна гэдэг хардлага сонгогчдын дунд маш хүчтэй газар авчихсан үед юунаас нь бултаж зугтаад байгаа юм. Ерөөсөө л гурав дөрөвхөн зарчмын асуудал байгаа шүү дээ. Түүний нэг нь хар машины саналыг гараар тоолох асуудал. Дэлхий дахинд хар машинаас татгалзчихсан. Өөрөөр хэлбэл, автомат тооллогод шилжчихсэн. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд манайхан нэг зүйлийг сольж яриад байдаг.

Энэ нь цахимаар санал авах, автомат машинаар санал тоолох хоёрыг хольдог. Гэтэл АНУ-д гэхэд хар машинаас татгалзчихсан байгаа. Цаашлаад Англи, Франц, Герман гээд өндөр хөгжилтэй орнууд сонгуулийн саналыг гараараа тоолж байна.

Нөгөө талаар эдийн засаг хямралтай байгаа үед бид 20-иод тэрбумын зардал гаргаж хаа байсан Канад улсад саналын цаас хэвлүүлж сонгуулиа хийх үү эсвэл өөрсдөдөө байгаа боломжоо ашиглаад саналыг гараараа тоолох уу. 20- иод тэрбум гэдэг энэ тооны цаана цэцэрлэг барих хэмжээний мөнгө шүү дээ. Энэ мэт маш олон асуудал Сонгуулийн хуулийн цаана байна.

Монгол Улсад бүртгэлтэй бүх улс төрийн нам Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн. Одоо зөвхөн УИХ-ын даргын зөвлөлөөс бүх зүйл хамаарч байна. Харин хуулийг хэлэлцүүлэх тухайд боломж бүрэн бий. Учир нь АН- ынхан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг олонхиороо унагачихаад байхад маргааш нь дахиад өргөн барьдаг. Энэ мэтээр гурван ч удаа унахад дөрөв дэхээ өргөн бариад батлуулж байсан түүхтэй.

Долоо хоногт хоёр ч удаа оруулж ирж байсан удаа бий. Тэгэхээр ард түмний, нийгмийн захиалга болчихсон хуулийг хэлэлцүүлээд явах бүрэн боломжтой. Хэрвээ энэ боломжийг УИХ-ын удирдлагын зүгээс хаавал улс төрийн томоохон хямрал руу шилжинэ гэдгийг дахин хэлье.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler