| |
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Харин шүүх хурал дахин хойшилж, есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл хойшиллоо. Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гишүүн асан Д.Гантулга гаргажээ.
Шүүх хуралд Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцсон байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.