| |
Сэлэнгэ аймаг хүнсний ногоогоор нийслэлчүүдийг бүрэн хангана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар "Хөгжлийн алтан гурвалжин” бодлогод нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэхүйц төвийн бүсийн аймгууд нэгдсэн билээ. Эдгээр аймгуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа.
Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг. "Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр тодорхой бодлого баримталж, санал санаачлага гарган ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ аймаг улсын үр тариа болон, төмс хүнсний ногооны хэрэгцээг дангаараа хангадаг. Бидний тариалсан төмс хүнсний ногооны худалдан авагчид нийслэл хотынхон юм. "Хөгжлийн алтан гурвалжин” бодлого энэ боломжид тулгуурлан эхний алхмууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Бид 10 дугаар сард "Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулна.
Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аймгийн худалдаачдад зай талбай, зогсоолын асуудал үргэлж тулгардаг. Үүнийг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах болсонд баяртай байна. Энэ нь ченжийн гар дамжилгүй эрүүл хөрсөнд ургасан Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж юм. Өөрийн эхлүүлсэн ажлын араас санаа тавьж, орон нутагт ажиллаж байгаа нийслэлийн Засаг даргад талархаж байна. Анх удаа нийслэл аймаг орон нутагтай хамтарч байгаа үр дүнтэй, далайцтай ажил болж байна” гэж ярилаа.