![]() |
Цахим бодлогын түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал даргална
УИХ-ын бүтцэд Цахим бодлогын түр хороог байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тус Түр хорооны хуралдаан өчигдөр болж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалав. Хуралдаанаар Түр хорооны даргад нэр дэвшүүлэх талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа тус Түр хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Учралын нэрийг дэвшүүлж, "УИХ-ын гишүүн Н.Учрал нь Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачлагчдын нэг бөгөөд инноваци, мэдээллийн технологийг дэмжиж хөгжүүлэхэд санаачилгатай ажиллаж ирсэн.
Цаашид улс орны эдийн засагт гол хөшүүрэг болох мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн мэдээллийн нэгдсэн сан, цахим мэдээллийн орчны эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход идэвхтэй, эрч хүчтэй ажиллана гэж найдаж байна” гэв. УИХ-ын гишүүд түүний саналыг дэмжиж буйгаа мөн илэрхийлж байлаа. Ингээд Цахим бодлогын түр хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь дэмжив. Тиймээс энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
М.Энх
