|
Видео

Шинэ мэдээ

Хар тамхины аюул

 - АРХИДАЛТ, ХАР ТАМХИНЫ АЮУЛ МОНГОЛЧУУДЫН ЭМГЭНЭЛ БОЛОХ НЬ-

 

Сүүлийн үед, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхины талаар өдөр бүр шахуу таагүй ноцтой мэдээллүүд гарах боллоо. Ер нь үүнээс гадна, манай улсын хувьд архидах, архины хэрэглээ, архидан согтууралт хэрээс хэтэрсэн, нийгмийн бүхий л давхаргыг хамарч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг дараахь хэдэн тоон үзүүлэлтээс харж болно.

ДЭМБ-ын мэдээлэлд, Монголын таван хүний нэг нь архи хэтрүүлэн хэрэглэгч байдаг гэжээ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 15 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг ба эрчүүдийн 22 хувь нь, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчтэй, өсвөр үеийнхний 60-70 хувь нь уудаг, амссан, согтож үзсэн гэсэн байна. 2012 онд 197 хүүхэд /өсвөр үе/ 2013 онд 200 гаруй хүүхэд эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн байна. Манайд нэг хүнд ногдох архины хэмжээ нэг жилд 26-28 л байгаа нь улс орнуудын дунджаас 3-4 дахин их байна. Нэг жилд 1000 гаруй хүн, архины шалтгаантайгаар нас барж, гэмт хэргийн зонхилох хувь нь архидан согтуурлын үүдэлтэй байгаа нь улс, нийгэмд асар их сөрөг үр дагаврыг дагуулж байна.

Гэтэл хар тамхины хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргүүд гарч, их архидалтын дараах харанга дэлдэж байгаа нь анхаарал татах ноцтой асуудал мөн. Энэ нь зөвхөн өнөөдөр ярьж, мэдээлж байгаа асуудал биш бөгөөд2000 оноос зохих хэмжээгээр эрч хүчээ авч, 2001-2005 онд хар тамхитай холбоотой хэргээр хэд хэдэн иргэн ял шийтгүүлж байсан. 2000 онд Монгол Улсын Засгийн газраас"Хар тамхи мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлан гаргасан боловч, хэрэгжүүлэлт нь хангалтгүй болсон. Уг нь энэ үеэс л төр засаг анхаарал хандуулах байсан. Ер нь манайханд, хэнэггүй гэх үү, юу ч гэх юм ямар нэг асуудал гараад буруу тийш даамжирсан, хэвийн хэмжээнээс хэтэрсэн, өнгөрсөн үед нь "Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэрээр явдаг, ажилладаг дутагдал гэм биш зан болсон гэхэд хилсдэхгүй. Хар тамхины асуудалд ийм байдлаар хандаж болохгүй. Хар тамхины хэрэглээ, түүнийг дамжуулах, хадгалах асуудал жил дараалан нэмэгдэж байна. 2013 онд гадаадад 38 иргэн хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн байна. 2014 онд сар тутам хар тамхитай холбоотой асуудал гарч байна.

Жишээлбэл: хоёрдугаар сард15 хүн холбогдсон, гурван бүлэг этгээдүүдийг шалгаж байгаа тухай, гуравдугаар сард 11 хэрэгт 24 хүнийг шалгаж байгаа тухай, дөрөвдүгээр сард 25-26 насны дөрвөн залууг илрүүлсэн тухай, есдүгээр сард 25-27 насны 12 залууг баривчилсан тухай, аравдугаар сард гурван залууг баривчилсан тухай тус тус мэдээлж байна. Дээрх хэргүүд, бүгд хар тамхи хэрэглэсэн, борлуулсан, дамжуулсан хэргүүд байна. 2014 оны эхний есөн сарын байдлаар хар тамхитай холбоотой хэргээр 99 хүнийг шалгасан байна. Эдгээрийн 70 хувь нь өсвөр үе, залуучууд байгаа нь нэн ноцтой бөгөөд анхаарал хандуулах асуудал мөн. Хавтгайрсан их архидалт дээр нь хар тамхи гэгч аюул нөмрөөд байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Архидалт, хар тамхинаас гадна "токсикоманич” буюу харын дон гэж /цавуу, газ бусад химийн бодис үнэртэж мансуурдаг/ мансуурлын бас нэгэн төрөл өсвөр үеийнхний дунд бага биш байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2014 онд 11 тохиолдол гарч саатуулагдсан байна. Архидалт/алкоголицм/, наркоманич/ хар тамхи/, токсикоманич/хорын дон/ гэх мэтийг ерөнхийд нь мансуурал буюу мансууран донтох сэтгэцийн өвчин гэдэг ба Олон улсын өвчний ангиллын Х бүлэгт багтсан байдаг юм.

Нэгэнт өвчин учраас энэ нь нарийн мэргэжил шаардсан, мэргэжлийн, анагаах ухааны энэ чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд судалдаг, оношлодог эмчилдэг юм. Гэтэл мансуурлын чиглэлээр ажилладаг гэх зарим ТББ, төв, нийгэмлэгийн нөхдүүд архидалт, хар тамхийг хэдэн мянгаар нь судлаад, оношлоод, эмчлээд байгаа тухай ярьдаг, бичдэг нь зүйд нийцэхгүй хууль бус үйлдэл юм. Тэд зөвхөн иргэдийг элдэв мансуурлаас урьдчилан сэргийлэх түүний хор уршгийн талаар сурталчилгаа хийж, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллавал зүйд нийцнэ. Ер нь архидалт, хар тамхины болон бусад хэлбэрийн мансуурлын байдал ийм байдалтай байхад энэ чиглэлээр ажилладаг төрийн ба ТББ-ууд ямар ч уялдаа холбоогүй мэргэжлийн чадвар хангалтгүй, нэгдсэн нэг удирдлагагүй байгааг өөрчлөн нэг толгойтой болгох нь зүйтэй.

Тухайлбал СЭМС-ын Үндэсний төв нь ЭМЯ-нд эрүүлжүүлэх байр нь цагдаад, албадан эмчилгээний газар нь ШШБ газарт, наркологийн эмнэлэг нь НЭМГ-т, наркологийн кабинетууд нь дүүрэг, аймгийн ЭМБ-д харьяалалтай байх жишээтэй. Ер нь архидалт, хар тамхины асуудалд анхаарлаа хандуулж, өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллах шаардлага зүй ёсоор гарч байгааг ХЗЯ, ЭМЯ-ны удирдлагуудын сонорт ч энэ дашрамд хүргэе. Төр засгийн хэмжээнд ч шийдэх асуудал нэлээд байна. Эцэст нь өөрийн санаагаа товч хэлэхийг хүсч байна. Архидалт хүн амын бүх давхаргыг хамарсан, хар тамхины аюул нүүрлээд байгаа өнөөгийн нөхцөлд давын өмнө дараах арга хэмжээг авбал зүгээр байна. Үүнд:

1. Архины хяналтын тухай болон хар тамхины талаар баримтлах төрийн бодлого, холбогдох хуулиудыг даруй батлан гаргаж, эрх зүйн шинэчлэл яаралтай хийх.

2. Мансууруулах бодис нарийвчлан тогтоох(тодорхойлох), хилээр орж гарч байдаг хар тамхины төрлийн бодис, өвс, синтетик бодис зэргийг мэдэх өндөр хэмжээний лабораторитой болох

3. Хар тамхины чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх

4. Архидалт, хар тамхи, мансуурлын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх

5. Архидалт, хар тамхи, мансуурлын чиглэлээр ажилладаг төрийн ба ТББ-уудын уялдааг сайжруулж нэгдсэн нэг удирдлагатай болгох ялангуяа төрийн байгууллагууд дээр дурдсан ТББ-ууд өөрсдийн саналаар нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах.

6. Иргэдэд ялангуяа өсвөр үе, залуучуудад мансуурал, хар тамхины хор уршгийн талаар сургалт явуулах, сурталчилгаа хийх ажлыг эрчимтэй зохиох

7. Засгийн газрын дэргэд хар тамхи мансууралтай тэмцэх орон тооны бус, үндэсний хороо байгуулан, энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэн хариуцах эзэнтэй болгох гэх мэт арга хэмжээг давын өмнө авбал зохино.

 

/СЭМС-ын тэргүүлэх зэргийн эмч/

Д.Донров

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler