| |
Дорнодын "Уулаа" буюу П.Мөнхтөрийн но-той ноцтой баримтуудаас
Дорнод аймгийн Чойбалсан хотын Засаг дарга Уулаа хэмээн П.Мөнхтөртэй холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэж эхэллээ. Энэ тухай "Дорнодын шударга шүүх хөдөлгөөн” гэх хаягтай иргэн өөрийн фэйсбүүкээрээ нийтэлсэн юм.
Тэрбээр хамгийн түрүүнд "Дайчин” компанитай холбоотой ажилладаг бүх ашигтай ажлыг П.Мөнхтөр нь булаан ажиллаж байгаа тухай мэдээлэв.
Түүний оруулсан баримтаас дурдвал....
Нутгийн иргэд "Дайчин” компанид жийпээр тээвэрлэлт хийж ашиг хонжоо олдог байна. Ингэхдээ өр зээл тавин жийп худалдан авч, тээвэрлэлт хийн амжиргаагаа залгуулдаг аж. Учир нь ашиг их унадаг учраас ийнхүү өр зээлнээс үл ажран зээлээр ч болов жийптэй болж, тээвэрлэлт хийдэг байна. Гэтэл Уулаа хэмээх П.Мөнхтөр нь жийпээр тээвэр хийдэг тээвэрлэлтийн тусгай эрхтэй компани байгуулаад хүмүүсийн машинийг нэр дээрээ явуулж эхэлсэн байна. Ингэхдээ компанийнхаа хувь хүмүүсийн машиныг явуулсан нэртэй шимтгэл хурааж, хамаг ашгийг нь өөрөө аваад олон жил болж байгаа аж. Сүүлдээ айл өрхийн амжиргаагаа залгуулдаг жийпийг шахан гаргаж өөрөө баахан машин явуулж, жилдээ 250.000 долларын ашигтай ажиллаж эхэлсэн байна.
Мөн тэрбээр "Дайчин” компанид тос шавхалтын гэдэг тос тээвэрлэлтийн ашигтай ажлыг авахдаа хүүгийнхээ нэр дээр "Дорнын баян тал” ХХК компани байгуулан нэг тэрбумаар 10 ширхэг систер машин худалдан авч хужаа нарыг хахуулдан эрхийг нь авчээ. Улмаар жилдээ нэг сая долларын ашигтай ажилладаг байна.
Түүгээр зогсохгүй П.Мөнхтөр нь "Дайчин” компанид хайрга дайрга нийлүүлдэг компани байгуулж, хайрга дайргаа тус компанид шахаж эхэлжээ.
Түүний энэхүү зөвхөн өөрийгөө бодсон увайгүй үйлдлээс болж, тус газарт бараа нийлүүлдэг, тээвэрлэлт хийдэг байсан олон мянган хүн ашиггүй ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр өр зээлэндээ баригдаж, машин тэрэг, байр саваа алдаж, ар гэрээ тэжээхэд хүртэл асуудал гарч байгаа аж.
Гэхдээ П.Мөнхтөрийн увайгүй үйлдэл зөвхөн дээрх асуудлаар дуусахгүй.
Тэрбээр эрх мэдлээ ашиглан "Дайчин” компанид ажиллах хүч нийлүүлдэг "Зөв боломж” компаний бүх гэрээг цуцлуулжээ. Улмаар Смугийн кармааны хулгайч байсан н.Ганбаатар гэх хүний нэр дээр "Дорнын Гүүр” гэх компани байгуулан, ажиллах хүч нийлүүлж, жилдээ 200.000 долларын ашигтай ажиллаж байгаа аж.
П.Мөнхтөр зөвхөн эрх мэдлээ хэтрүүлэн ажилласангүй. Тэрбээр Засаг дарга атлаа хууль зөрчин, хууль бус үйлдэл хийн, зургаан жилийг ардаа үлджээ.
Тодруулбал, Хятадуудтай нийлэн компани байгуулж, БНХАУ-аас хууль бусаар гахай, тахиан мах, нарийн ногоонуудыг хилээр оруулан, "Дайчин” компанид нийлүүлдэг гэнэ. Угтаа дүрэм, журамдаа хятадууд бүх хүнсний ногоогоо монголоос худалдан авах ёстой хэмээн заасан байдаг аж. Гэвч тэрбээр хятадуудтай үгсэн хуйвалдаж, бүр компани байгуулан, ийм бусармаг үйлдэл хийж, жилдээ 200.000 долларын ашигтай ажиллаж байгаа юм байна.
Мөн тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, "Дайчин” компаний ажлаар Дорнод аймагт ирсэн албаны бүх хүнийг өөрийн "Рояал” гэх буудалдаа албан хүчээр буулгадаг гэнэ. Ингэхдээ дарга нарт үүрэг өгөхдөө өгч, авилгаж, хахуулдахдаа хахуулдаж, буудалдаа буулган, өөрийн рестонаар үйлчлүүлэхийг шаарддаг аж. Хэрэв нэг л хүн өөр буудалд хоновол хэрүүл зарга хийж, дарамталдаг учраас дарга нь албан хүчээр ирсэн зочдыг П.Мөнхтөрийн "Рояал” буудалд буулгадаг байна. Буудал нь хоногийн 100 мянган төгрөгөөс эхэлдэг аж. Жилдээ 300.000 долларын ашигтай ажилладаг юм байна.
"Дорнодын шударга шүүх хөдөлгөөн” гэх хаягтай иргэний бичсэнээр П.Мөнхтөр зөвхөн мөнгөтэй төгрөгтэй хүмүүсийг дарамталдаггүй гэнэ. Тэрбээр ажлаар ирсэн албаны хүмүүсийг буудалдаа байрлуулж, ресторандаа үйлчлүүлэхийг шаардахаас гадна "Дайчин” компанид ажилладаг бүх монголчуудыг цалингаа авсных нь дараа өөрийнх нь ресторанаар үйлчлүүлдэг гэжээ.
Түүний энэ үйлдэл бүр хэрээс хэтэрсэн мэт санагдаж байна. Засаг дарга атлаа ийм увайгүй, бохир аргаар амьдарч байгаа нь нутгийн иргэдийг амьдрахад маш хэцүү байдалд оруулдаг нь тодорхой. Өрнөөс өр, зээлээс зээлний хооронд амьдарч яваа, өнөө маргаашаа аргацаан зохицуулж байгаа иргэдийг цалингаа авахаар нь өөрийнхөө ресторанаар үйлчлүүл хэмээн тушааж буй нь дэндүү увайгүй, бэртэгчин зан гэлтэй.
П.Мөнхтөр хэмээх задарсан Засаг даргын но-той ноцтой баримтуудыг цувралаар хүргэх болно.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Zaluu.com
Линк: http://www.zaluu.com/read/1186h4314