| |
Видео
Шинэ мэдээ
24 баримт: “Петрочайна Тачин тамсаг” компани МУ-ын хуулийг уландаа гишгэсээр байх уу
Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Олон хүний эрдэнэт аминд хүрсэн уг шингэн нь хаана байсан, ямар шингэсэн болох талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ""Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг онцолсон.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг "Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ер нь сүүлийн жилүүдэд "Петрочайна Тачин тамсаг” компанийн талаарх таагүй мэдээлэл чих дэлсэх болсон нь нууц биш. Тус компанийг Мэнэнгийн талыг там болгож байгаа талаарх мэдээлэл ч олонтой цацагдаж байсан билээ. Тэгвэл Монголын газар шороо, ашигт малтмалыг цөлмөж, басхүү дөрвөн хүний алтан аминд хүрээд буй гэх Хятадын "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Мэнэнгийн талыг там болгож байгаа гэх "Петро Чайна Дачин Тамсаг” гэж хэний компани вэ
Баримт 1. Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.
Баримт 2. Хятадын "Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав гаруй жил болж байна.
Баримт 3. "Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци аж.
Баримт 4. Тус компани Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьжээ. Тухайн үед АНУ-ын "СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй "СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна.
Баримт 5. Тус компани Монголд анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ Монголын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж байв. Цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээгээ үргэлжлүүлэн хийх төлөвлөөгтэй байгаагаа тэд одоо ч ярьсаар сууна.
Баримт 6. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа юм.
Баримт 7. "Петрочайна” компанийн үйлдвэрлэлийн бааз буюу Тамсагийн сав газарт Хятадын 26, Монголын дөрөвхөн туслан гүйцэтгэгч компани үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Баримт 8. Энд ажиллагсдын ердөө 400 орчим нь монгол, үлдсэн 1725 нь хятад ажилчин байдаг. Хуулиараа Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн гадаад ажиллагсдын тоо нийт ажилчдын арван хувиас хэтрэхгүй байх. Арван хувиас хэтэрсэн тохиолдолд нэг ажлын байранд цалингийн арван хувьтай тэнцэх төлбөрийг сумын удирдлагад олгох ёстой байдаг. Гэвч "Петрочайна” компанийнхан энэхүү төлбөрөө өдийг хүртэл аймгийн төсөвт оруулаагүй гэдгийг албаныхан өгүүлдэг.
"Петрочайна Тачин тамсаг” компанитай 20 гаруй хүн хордож, дөрвөн хүний амь авч одсон хэрэгт холбогдов
Баримт 9. Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан.
Баримт 10. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон байна.
Баримт 11. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байгаа аж. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байжээ.
Баримт 12. Урьдчилсан байдлаар дээрх хордсон иргэд мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна.
Баримт 13. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг "Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Баримт 14. "Зөв боломж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Банзрагч "Тэр шингэн манай компаний махны агуулахаас гараагүй. Тийм зүйл байхгүй. Ажилчид ажлын байрнаасаа өөр газарт байж байгаад хордсон” хэмээн өөрийгөө хаацайлж эхлэв.
Баримт 15. Харин "Петрочайна дачин Тамсаг”-ийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.
"Петрочайна дачин Тамсаг”-ийн дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг болж байв
Баримт 16. Петро Чайна Дачин Тамсаг компани нь Мэнэнгийн тал болон Дорнодын байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь шат шатны шүүхээр тогтоогдож байв. Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч үнэнд гүйцэтгэж хохирлоо барагдуулсан байна.
Баримт 17. 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл "Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан нь олон хүний эгдүүг хүргэж байв.
Баримт 18. Дээрх шүүхийн асуудал намжиж амжаагүй байхад дахин нэг асуудал гарч ирсэн юм. Тодруулбал газрын тосны XIX талбайд их хэмжээний тостой шороо хуримтлуулж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдэлд нь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг 2013 оны наймдугаар сард явуулж эхэлсэн байдаг. Мөн аймгийн байгаль орчны газрын зүгээс экологийн хохирлыг тогтоолгохоор үнэлгээний компанид хандсан ч байдал тэгсгээд намжсан юм.
Баримт 19. Түүнчлэн тус компанитай холбоотой таагүй мэдээллийн гал намжиж амжаагүй байхад буюу 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр "Петрочайна” компанийн эзэмшлийн XIX талбайд гал гарч найман машин шатаж, хоёр хүн амиа алдсан осол гарсан. Хэрвээ гал хүрээгээ тэлсэн XIX талбай төдийгүй Тамсагийн сав газар орчмын байгаль орчинд ноцтой хохирол учруулах байжээ.
Баримт 20. "Петрочайна дачин Тамсаг” ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм.
Баримт 21. УИХ-ын дарга асан З.Энхболд тухайн үед тус компанид ажиллахдаа "Зам барьж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байсан билээ. З.Энхболдоос өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан С.Батболд нар ч мөн байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагыг тус компанид тавьж байв. Харамсалтай нь тус компани байгаль орчныг нөхөн сэргээх битгий хэл нэмж улам сүйтгэж байна гэдгийг нутгийн иргэд хэлдэг.
Баримт 22. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа замыг Мэнэнгийн талд үүсгэжээ.
Баримт 23. Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй кмийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг байна. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д "бэлэглэчихсэн” учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар байгаа юм. Тус компани 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон байна.
Баримт 24. Ямартай ч тус компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан. Олон зуун өрөм зоож, хөрс шороог нь хар алтныхаа хаягдал шингэнд намаг шалбааг болтол нь бохирдуулсан атлаа өнөөдрийг хүртэл үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм.
24tsag.mn