| |
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БУЮУ ЭНЭ ЦАГИЙН БААТРУУД
- Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг.
- Монгол улс НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс.
- Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна. /2014/
- 1999 онд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр засгийн хэмжээнд яригдаж, 2000 онд Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны "ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш Монголын цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьжээ.
- Монголын хамгийн анхны энхийг сахиулагчдын нэг нь хурандаа Р.Даваадорж. Тэрбээр цэргийн мэргэжлийн офицер бус эмч хүн.
- Монголын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагчийг Н.Нямжаргал гэдэг. Эр нөхрөө дэлхийн халуун цэг болсон орнууд руу илгээж, хүүхдээ тэврэн хоцрох цэрэг эрийн гэргий болсон мөрдэстэй бүсгүйчүүдийн төлөөлөл 2006 онд НҮБ-ын цэнхэр дуулгаар "гоёж” энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Тухайн үед БХИС-д багшилж байсан ахмад Н.Нямжаргал 2006 оны арванхоёрдугаар сард Баруун Сахар хэмээх Африкийн улсад цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн нь монгол эмэгтэйчүүдээс анхдагч болсон түүхтэй.
Дэд хурандаа Н.Нямжаргалын татсан эмэгтэй цэргийн ажиглагчийн зам өнөөдөр хүрээгээ тэлж, цэргийн багт холбоочин, эмч, батальоны штабын төлөөлөгч гээд өмнө нь эрчүүд хийж байсан олон төрөл мэргэжлээр монгол эмэгтэйчүүд үүрэг гүйцэтгэх боломжийг нээж өгсөн юм. ЗХЖШ-ын албаны хүний өгсөн мэдээллээр манай Зэвсэгт хүчний 250 гаруй эмэгтэй алба хаагч дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ. Тэдний 10 нь дээр дурдсан цэргийн ажиглагч. 2006 оноос хойш манай энхийг сахиулагч эмэгтэйчүүд улам бүр туршлагажиж, ур чадвар нь дээшилж, гүйцэтгэх үүрэг, хариуцлага нь нэмэгдсээр иржээ.
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 11.000 цэргийн 2,9 хувь буюу 341 нь эмэгтэй. /2015 оны байдлаар/
- Манай эмэгтэй офицеруудын оролцоо тооны хувьд бага ч чанарын хувьд өндөр, НҮБ-ын төв штабын Ажиллагаануудын дарга нараар ажилладаг, 2-3 гадаад хэлтэй хүмүүс байдаг аж.
- Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойшхи 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /2012/
- Өнгөрсөн онд Онцгой байдлын 28 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
- Манай улс өдгөө 15 дахь жилдээ дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцсан.
- Энхийг сахиулагчид сарын 1380 ам.долларын цалинтай.
- Дэлхийн өнцөг булан бүрт олон улсын энхийг сахиулагчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
- Монголын энхийг сахиулагчид 21 мянган дүрвэгсдийг хамгаалж байна.
- Энхийг сахиулагч Монгол залуу НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ. БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчилан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгажээ.
- Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварчээ. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм.
- Энхийг сахиулагч Монгол залуу хүүхэд эх барьжээ. /2014/ Бүгд найрамдах Өмнөд судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авчээ. Тэрбээр Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад Орон нутгийн гурван эхийг төрүүлсэн \хоёр хүү, нэг охин эх барьж авсан/ байна.
ARSLAN.MN