![]() |
Татах хүчний долгионыг нээлээ
АНУ-ын "LIGO” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд А.Эйнштейний дэвшүүлж асан "Татах хүчний долгионы онол” (theory of gravitational waves)-ыг анх удаа баталсан шуугиант үйл явдал энэ оны эхээр болсон билээ.
А.Эйнштэйн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс таталцлын долгион үүсэж болохыг урьдчилан хэлсэн байдаг. Таталцлын энэхүү долгионыг илрүүлж бүртгэхийн тулд маш мэдрэмтгий бүртгэгч хэрэгтэй. Тодруулбал, нар дэлхий хоёрын хоорондох зайтай тэнцүү хэмжээнд аялж яваа атомын хэмжээний өчүүхэн зүйлийг алдалгүй бүртгэж чадах тийм өндөр хүчин чадалтай бүртгэгч гэсэн үг. Яг ийм бүртгэгч манай дэлхий дээр хоёр байдаг бөгөөд нэг нь АНУ-д /LIGO/ нөгөөх нь Германд /GEO 600/ ажиллуулсны хүчээр шинэ нээлтийг хийжээ. Энэхүү байгууламж нь сансрын алс уудамд хоёр "хар нүх” мөргөлдсөнөөс үүссэн "орон зай-цаг хугацааны долгионыг” бүртгэж авсны дараагаар хар нүхнүүдийн масс нь Нарны массаас 29 болон 36 дахин хүнд байсан бөгөөд хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэнийг тодорхойлсон юм.
Шинэ нээлтийг хийснээр эрчим хүчний шинэ эх үүсвэр олох, цаашлаад орон зай цаг хугацааг хянах ч боломж гарч ирэхийг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа юм.
С.Төгөлдөр
