![]() |
ЭХИЙН ТУХАЙ БОДОЛ
Үүрийн цолмонг харахад өдөржин аз хийморьтой явдаг гэх. Бас өглөө бүр ижийдээ залбирвал үйлс бүтэмжтэй гэлцэх. Ижийгээ бодож залбирсан хүн муу үйл хийнэ гэж үгүй. Муу үйл хийдэггүй хүний сэтгэл нь амар амгалан, аз жаргалтай байх шиг.
Эхийн тухай нэгэн гайхамшигтай үлгэрийг санаж байна уу. Тэр үлгэрт, эхийн чинь зүрхийг идвэл л бие минь илааршиж, зүс минь улам гоо болох билээ хэмээн дурлалт бүсгүйнх нь биед хувилсан чөтгөр ятгадаг даа. Ээжийнхээ зүрхийг яалаа гэж авах билээ хэмээн мөнөөх залуу ихэд гуниглан буйг ажсан эх нь хүүгийнхээ зовлонг зөнгөөрөө мэдэрч асууж шалгаасаар учрыг нь дуулж зүрхээ өгдөг. Хэргээ бүтээсэн залуу "дурлалт хүүхэн”-лүүгээ яаран гүйж явахдаа хальтран унаж эхийнхээ зүрхийг чулуун дээр алдахад "Эвий муу хүү минь өвдчихөөгүй байгаа” гэж өнөөх зүрх дуу алдсан гэдэг. Гайхамшигтай. Үрээ гэсэн эхийн сэтгэлээ гэж...
Сэтгэлээс гардаггүй бас нэгэн домог шиг яриа байдгийг та сонссон байх аа. Аргал өрдөж суусан эх гэнэт галын шилээврээ далайж "- Жав, яадаг гуринх вэ” гэж уулга алдчихаад, би чинь юу болох нь энэ вэ, ухаан мэдрэл минь зүгээр л байдаг байгаа даа” гэж гайхсан гэдэг. Гэтэл яг тэр агшинд алсад яваа охин луу нь нохой дайрсан юм санж. Охин сандрахдаа "Ээж ээ” гэж хашгиртал хаанаас ч юм тасхийх чимээ гарч нохой сарьсан хоншоор луугаа цохиулсан мэт гаслан одсон гэдэг. Болсон явдал ч байж мэдэх л юм.
Цочихдоо өөрийн эрхгүй "ээж ээ” гэж дуу алдах хүн олныг харлаа. Бүр хижээл настай эмэгтэй хүртэл тийнхүү уулга алдаж байдаг нь яавч учиртай. Нас ахивч өнөө хэр би ээжийнхээ тухай бодох бүрийдээ л хоолой зангираад байх... Дэмий л шүлгээ бичдэг дээ.
Би ээжийнхээ ачийг дусал шүүдрийн төдий ч хариулж чадаагүй, хар багадаа тэнгэр өөд алдаж өнчирсөн хүн. Тэгээд эхийн тухай 108 бүтээл туурвиж тэнгэрт буй ээжийгээ баярлуулах сан гэж боддог нэгэн. Ер нь зохиолч, яруу найрагч бүхэн л эхийн тухай гайхамшигтай уярам сайхнаар дуулсан байдаг нь тэдний гайхамшиг бус харин эх хүний увидас гэлтэй юу даа.
Эх хүний аугааг "Монголын нууц товчоо”-нд "... Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. ..." хэмээсэн байдаг. Энэ үгийг дэлхийн талыг эзэгнэсэн аугаа их Чингис хаан хэлж байгаа юм шүү дээ.
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, МУСГЗ Бавуугийн Лхагвасүрэн "Ижийтэйгээ байхдаа баян байсан ...” гэж шүлэглэснийг санаж байна уу. Тийм ээ, ижийтэй хүн баян. Бавуугийн хүүгийн сэрж мэдэрснээр ээжтэй хүн "Сүү нөмөрч унтдаг” аж. Тийм хүн яаж ядуу байх билээ.
Дамбийн Дашдондов.
Эрдэнэтийн сэтгүүлчдийн "Он цагийн орчил" номд хэвлэгдсэн
https://www.facebook.com/nyamaa.icm/posts/1425768744108514
