|
Видео

Шинэ мэдээ

НҮБ УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ БАТАЛЛАА

НҮБ УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ БАТАЛЛАА

 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг баталлаа. Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан хийж буй уг хариу арга хэмжээг АНУ болон БНХАУ санаачилж Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орон дэмжжээ. Энэ тогтоолын дагуу Умард Солонгосын нүүрс болон өнгөт металлын экспортод хориг тавьж, хязгаар тогтоохоор болсон байна. Тогтоолд "НҮБ-ын гишүүн орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая ам.долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж тэмдэглэжээ. Ингэснээр тус улсын орлого жилийн 800 сая ам.доллар буюу 25 хувиар буурах аж. Умард Солонгосын нүүрсний экспортын гол нийлүүлэгч нь БНХАУ юм. Өнгөрсөн жил Умард Солонгос Хятад руу 17 сая тонн нүүрс гаргасан нь нэг тэрбум ам.долларын орлогыг улсын төсөвт бүрдүүлсэн байна. Албаны хүний мэдээлснээр уг хоригийг батламжилж, хэрэгжүүлэх нь Умардын нүүрсний экспортыг хязгаарлах замаар цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх сурвалжийг хааж, хөрөнгө оруулалтыг хумих явдал аж. Түүнчлэн өнгөт металл буюу зэс, никель, мөнгө, цайр зэргийн экспортыг хязгаарлаж Умард Солонгосын хөшөө урлаж босгох ажлыг НҮБ-ын гишүүн орнуудад хориглохоор заажээ. Умард Солонгосын хөшөө босгож экспортлох ажил нь жилд ойролцоогоор нэг сая ам.долларыг төсөвт төвлөрүүлдэг байна. Мөн элчин, консулаас өөр зориулалтаар үл хөдлөх хөрөнгө эзэмших, дипломат ажилтны тоог хязгаарлах, дипломатч бүрт нэгээс илүү банкны данс эзэмшүүлэхгүй байхыг заажээ. Хар жагсаалтад 11 хувь хүн, 10 байгууллагыг нэмж оруулснаар гадаадад аялах, хөрөнгө эзэмших боломжийг хязгаарласан аж. Үүнээс гадна бусад улс орнуудыг Умардад хөлөг онгоц болон нисдэг тэрэг нийлүүлэхийг хоригложээ. Хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг батламжлах үеэр НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө авч буй шаардлагатай хориг юм” гэв. Харин АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Саманта Пауэр хэлэхдээ "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өөр ямар ч улсын эсрэг ийм хатуу хориг арга хэмжээ авч байгаагүй” гэжээ. Тогтоол батламжлах тухай хэлэлцүүлгийн үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгч уг саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд "Цөмийн болон пуужингийн аюул заналхийлж байна. Хоригийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж онцолсон байна. Энэ удаагийн хориг нь 2006 онд Умард Солонгос анхны цөмийн туршилтаа хийснээс хойш авч байгаа НҮБ-ын зургаа дахь тогтоол юм.


А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler