|
Видео

Шинэ мэдээ

Н.Сувд: Театрынхаа ойгоор хийж бүтээснээ дүгнэж, зорилгоо тодорхойлно

Улсын драмын эрдмийн театрын Уран сайхны удирдаач, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

 

-
Өнөөдөр УДЭТ 85 жи­лийн ойгоо тэмдэглэж бай­на. Ойгоо угтаж хийсэн аж­лаа­саа танилцуулахгүй юу?

-85 жилийн ой тэмдэглэх ажлыг жилийн өмнө 2016 оныхоо ажлын төлөвлөгөөнд оруулаад бэлдэж эхэлсэн. Комисс байгуулаад ажилдаа ороод ойгоо тэмдэглэхэд бэлэн болсон. Ой тэмдэглэнэ гэдэг мэдээж баяр. Гэхдээ баяр тэмдэглэхээс илүүтэй энэ хугацаанд бид юу хийж амжуулав гэдгээ дүгнэх ёстой. Мөн цаашид юу хийвэл урагшилж хөгжих вэ гэдгээ тодорхойлж авах нь ой тэмдэглэж байгаагийн гол зорилго байдаг. Бид­ний хийж байгаа хамгийн том ажил бол театрын хөг­жил, ирээдүйн ханд­лагаа зөв тодорхойлох гэж эрдэмтэн мэргэдийн үгийг сонсохоор СУИС, Эрдэм шинжилгээний хүрээ­лэнтэй хамтарч эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Үүгээр бид бодитой үнэлэлт, дүгнэлт өгч бодитой чиг хандлагыг гаргаж чадна гэсэн бодол­той байна. Ой маань их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилтэй давхцаж байгаа. Тиймээс энэ хүний нэрийг тээж яваа байгууллагын хувьд бид театр байгуулагдсаны ой, их зохиолчийн ойд зориулж шинэ бүтээл хийхээр төлөвлөсөн. Д.Нацагдоржийн уран бүтээл, бодит амьдралаас сэдэвлэсэн жүжгийн зохиолыг зохиолч Ш.Гүрбазар бичиж, найруулагч Ч.Түвшин найруулж үзэгчдэд хүргэсэн. Мөн ойтой холбогдуулаад манай уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг хийж байна.

-Тухайлбал?

-Жүжигчин, дуу­чин Д.Нармандах "Унаган хайр” тайлан тоглолтоо саяхан хий­сэн. Мөн ерөнхий зураач Т.Ганхуягийн "Сценографи” үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн хороон дээр гаргасан, театр дээр мөн үзэсгэлэнгээ гаргана. Энэ бол уран бүтээлч хүний хувьд, театрын тайзны зураачдын уран бүтээлийн том тайлан юм. Үүнтэй хамт "Театр-85” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргана. 1931 онд театрыг нээснээс хойш хэрхэн өөрчлөгдөж хөгжиж ирснийг гэрэл зургаар үзэгчдэдээ танилцуулна. Д.Нацагдоржийн ойд зориулж хийсэн "Жаргаагүй нар” жүжигт зориулж түүний амьдрал, уран бүтээлээр Ч.Болд сайхан үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнг манай үзэгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Манайхтай хамтарч ажилладаг гадаадын театруудаас төлөөлөгч ирж байгаа. Мөн Якутын театр Москвад тайлан тоглолтоо хийж бидэнд мэндчилгээ ирүүлсэн. Халимагийн уран бүтээлчид маань театрынхаа 80 жилийн ойг энэ өдрүүдэд нутагтаа тэмдэглэж байгаа ч баярын мэндчилгээ ирүүлсэн байна.

-Драмын театраас олон алдартан төрж гарсан байдаг. Ойн хүрээнд энэ уран бүтээлчдийнхээ бүтээлийгмөнхлөх, залуу үедээ таниулах ямар ажил хийж байна вэ?

-Манайх ахмад, дунд, залуу үеийн холбоог бат бөх байлгах бодлоготой явдаг. Багш, шавийн барилдлагатай ажиллаж, ахмад ч бай залуу ч бай үзэгчдэд сурталчлах, хооронд нь туршлага солилцуулах арга хэмжээг тогтмол явуулдаг. Тэр тусмаа 85 жилийн ойдоо зориулаад хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ахмад, алдар цолтой уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг сурталчлах, залуу үеэ үзэгчдэдээ таниулах ажлыг тусдаа комисс гаргаад зохион байгуулж байна. 1931 оноос хойшхи театрын хөгжлийг харуулсан дөрвөн ангитай баримтат нэвтрүүлгийг Г.Золжаргал найруулагчид захиалж хийлгээд үзэгч олондоо хүргэж байна.

-Таны амьдрал, уран бүтээл энэ театртай салш­гүй холбоотой. Анх хэрхэн энэ "айл”-ын босгоор ал­хажбайв. Тэр үеийнхээ дур­сам­жаас хуваалцахгүй юу?

-Би 1970 онд сургуулиа төгсч ирээд 1973 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан. Монголхаан найруулагч намайг "Чи театрт ирж ажиллаад үз” гээд Хүүхэд, залуучуудын театр гэж байхад намайг "Болд хэрхэн хатаагдсан” жүжигт тоглуулсан юм. Тэгэхэд Э.Оюун гуай бас "Чи манай театрт ирж ажиллаад үз” гэсэн. Найруулагч, зохиолч Э.Оюун гуай командлаад, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Доржпалам гуайн заасан чиг шугамаар А.Островскийн "Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрд тоглосон. Энэ жүжигт тоглосноор 1973 онд миний амьдрал, уран бүтээл энэ театртай салшгүй холбогдсон түүхтэй. 1973-1981 он хүртэл жүжигчнээр ажилласан. Урлаг судлалын эрдэмтэн Хо.Нацагдорж Уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад өвдөөд ажлаа надад шилжүүлсэн. 1981-1991 он хүртэл Уран сайхны удирдагч хийж байгаад 1992 онд Соёлын яаманд Гадаад харилцаа, киноны асуудлыг хариуцаж ажилласан. СУИС, Кино урлагийн дээд сургуульд багшилсан. 2000 онд найруулагч Б.Баатар А.П.Чеховын "Цахлай” жүжгийн Аркадинагийн дүр дээр ирж ажилла гэж урьснаар театртаа ирсэн дээ. 2001 оноос дахин Уран сайхны удирдагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Драмын театрынхан маань ойгоо олон сайхан бү­тээлтэй угтаж байгаа. Мөн цаашид оролцохоор төлөв­лөжбайгаа олон улсын уралдаан юу байна вэ. Ойн хүрээнд хийж бай­гаа ажлуудын хөрөнгө оруу­лалтыг яажшийдсэн бэ?

-Ойн өмнө бид ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон олон улсын театрын "Алтан сэргээ” наадамд оролцоод ирлээ. Энэ наадамд "Ромео, Жульетта” жүжгээ сойсон. Энэ жүжгээр гол болон туслах дүрийн гээд 7-8 шагналыг авсан. Манай жүжгийг өндөр үнэлж "XXI зууны Ромео” гэдэг диплом өгсөн. Үүнээс цааш бид олон наадамд уран бүтээлийн хувьд нээлттэй байна. Гагцхүү санхүүжилт нэлээд бэрхшээлтэй байдаг. Тухайн үед туслалцаа үзүүлэх байгууллагууд гарч ирэх байх гэж найдаж байна. 85 жилийн ойг тэгш ой гэж үздэггүй учраас улсын төсөвт тусгагдаагүй. Ойн баярын үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа хөгжлийн банк, "Алтай констракшн”, ивээн тэтгэгчээр "Улаанбаатар хивс”, "Улаанбаатар буйдан”, "Corporate” зочид буудал, дэмжигч байгууллагаар "Crocus” event hall, "Эвсэг” кашмер, Силк роуд ресторан, Хөсөг, АПУ, Мөнхийн үсэг, Очир-Ундраа, Битпресс, Жүр үр, Хос хас, Торгоны зам гэсэн газрууд хамтран ажилласан. Мөн уран бүтээлчдийн минь идэвх санаачилга, театр өөрийнхөө орлогоор энэ бүх зардлыг гаргаж байгаа. "Жаргаагүй нар” жүжиг театрын орлогоор буюу 80 гаруй сая төгрөгөөр бүтсэн уран бүтээл. Үүнд улсын төсвөөс санхүүжилт аваагүй. Энэ жил олсон орлогоо уран бүтээл, ойн арга хэмжээнд зарцуулж байна.

-Манай театрын хөгжил дэл­хийн хөгжилтэй хөл ний­лүүлээд явж байгаа ч тоног төхөөрөмж таарууханбайдаг. Энэ чиглэлээр хийж байгаа ямар ажил байна?

-Манай театр 2001 оноос хойш Японы буцалтгүй соёлын туслам­жаар гэрлийнхээ 90, дуу чимээний 100 шахам хувийг сольж, шинэ­чил­сэн. Өдөр, хоногоор техник хөгжиж байгаа болохоор бас л солих шаардлагатай байна. Дотоод засвар үйлчилгээ, тохижилтыг жил бүр өөрийнхөө зардал, хөрөнгө оруулалтаар хийдэг. Манай энэ байр театрын зориулалттай барилга биш. Залуучуудын соёлын орд гэж анх баригдаж байсан. Үүнийг бид театрын болгож чадсан гэж боддог. Гэхдээ үүнийгээ бид улам сайжруулах шаардлагатай гэж үзээд ОХУ-ын "Большой театр”-ыг шинэчилж засвар хийхэд оролцсон Германы пүүстэй, дотоодын Шинэ барилга компанитай хамтарч гэрээ хийгээд зураг, төслөө эхлүүлээд байна. Үүнд их мөнгө шаардана. Ямар нэг байдлаар төрийн дэмжлэг, хандив туслалцаагаар болох болов уу гэж найдаж байна. Үүнээс гадна Индастар компанитай гэрээ хийж жүжигчид, ажилтнуудынхаа нийг­мийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцаар хангахаас гадна театртаа өргөтгөл хийхээр барилгын суурь тавигдаад ажлаа эхлүүлсэн.

-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болоход их хэцүү, өндөр босготой гэдэг. Энэ талаар...?

-Бид залуу уран бү­тээлч­дээр өөрийгөө өргөт­гөж, хойч үеэ бэлдэхэд анхаарах ёстой. Тиймээс 1981 онд ойгоо тэмдэглэхдээ төр, засагт хүсэлт тавиад Оросын театр урлагийн их сургуульд бүтэн анги суралцуулах эрх авч тэндээ хүүхдүүдийг сургаад ирсэн. Энэ хүүхдүүдээс Жаргалсайхан, Урнаа хоёр одоо театртаа ажиллаж байгаа. Мөнхсайхан, Энхтайван, Болормаа, Сүхээ нар урлагаасаа холдоогүй театртайгаа холбоотой байгаад баяртай байна. Сүүлийн үед театрынхаа дэргэд студи нээсэн. Энд мэргэжлийн дипломтой, цаашид өсч дэвжих ирээдүйтэй хүүхдийг орьё гэсэн хүсэлтийнх нь дагуу шалгаж авдаг. 2-3 шаттай шалгалт явуулаад шалгарсан хүүхдүүд 1-2 жилийн хугацаанд ажиллахын зэрэгцээ өөрсдийнхөө ур чадварыг дээшлүүлэх, ахмадуудаас суралцах юм. Студи хариуцсан багшаар найруулагч Ч.Түвшин ажиллаж байсан. Одоо гавьяат жүжигчин Ж.Оюундарь хариуцаад ажиллуулж байна. Хүүхдүүдэд онол, практикийн хичээлийг манай багш нар, найруулагчид заадаг. Жил, зургаан сарын дараа шалгалт авч шигшигдсэн хүүхдүүд манай орон тооны болж ажилладаг. Манай Н.Наранбаатар төгсч ирээд жүжигчнээр ажиллаж байгаад жүжиг найруулдаг болоод одоо театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Энэ мэтчилэн бид дэмжиж, тэднийг өсч өндийхөд онцгой анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler