|
Видео

Шинэ мэдээ

Нярайн АЙДАС

Нярайн АЙДАС

 

Энэ өвөл улаан бурхан өвчин дахин дэгдэх таамгийг ДЭМБ-ын шинжээчид хэлж байгаа. Бараг устчихаад байсан өвчин дахин сэргэж, монголчуудын хувьд том хохирол амсуулж буй. Ийн хэлэхийн учир нь, улаан бурхан өвчний уршгаар 0-1 насны 88 нярай эндсэн гэх мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн байгууллагаас өгч байв.

Аливаа халдварт өвчний тархалтын давтамж багаар бодоход гурван жил үргэлжилдэг гэж үздэг юм билээ. Тэгэхээр энэ өвөл улаан бурхан өвчин дахиад дэгдэх нь бараг баталгаатай болов уу.

Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахаас эхлээд урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй болох нь. Манай улсын хүн амын 95 хувьд нь улаан бурхны дархлаа тогтсон гэдэг ч үнэндээ энэ тооцоолол эргэлзээ төрүүлдэг. Өнгөрсөн жил 30 орчим мянган хүн улаан бурхнаас өвчилсөн гэсэн барагцаа тоо бий.

Ердөө таван хувь нь вакцин хийлгээгүй байсан гэхэд өмнөх жилийн байдлаар тахал мэт айдас төрүүлсэн эл өвчний дэгдэлт хөл хорио тогтоох хэмжээнд хүртэл өндөр байлаа. Өвчлөгсдийн дийлэнх нь вакцинд хамруулах насанд хүрээгүй буюу 0-9 хүртэлх сартай нярай байв.

Улаан бурхны тархалтын оргил үед Халдварт өвчин судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс энэ жил улаан бурхны давалгаанд эртнээс бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байна. Нөгөөтээгүүр оюутнуудын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй болов уу.

Учир нь улаан бурхныг гол тараагчид нь оюутнууд буюу эрсдэлт бүлгийнхэн гэж нэрлэгдэж буй 18-25 хүртэлх насныхан юм.
Хөрш зэргэлдээ орнуудад улаан бурхны тархалт бас идэвхжил өндөр байгаа нь манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Тэгэхээр хөдөлгөөнт хүн ам буюу наймаачид, улс хооронд байнга зорчигчдод урьдчилан сэргийлэх мэдлэг олгох аян өрнүүлэх шаардлага ч гарч байгаа аж.

ЗОЛИОСЛОГСОД

Түүх сөхвөл, манай улс улаан бурхан өвчнөөс сэргийлэх тарилгыг 1973 онд зохион байгуулж, 10 сартайгаас 15 насны 82,526 хүүхдийг J1-16 омгийн вакцинаар анх удаа дархлаажуулжээ. 

Тухайн үед мөн 10 cap хүрээгүй нярай, гурав хүртэлх насныхан улаан бурхны золиос болсон тухай судалгааны тэмдэглэлд дурдагдав. Ерөнхийдөө улаан бурхны тархалт намжмал байдалд орох хүртэл нялхас хамгийн өртөмтгий байсаар иржээ.

Улаан бурхан өвчнийг дарахын тулд чамгүй хичээсэн байдаг. Дархлаажуулалтын хоёр үе шаттай явуулж байсан нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Манай улс улаан бурхан өвчнөөс сэргийлэх тарилгыг 1973 онд зохион байгуулж, 10 сартайгаас 15 насны 82,526 хүүхдийг J1-16 омгийн вакцинаар анх удаа дархлаажуулжээ. 

 

Түүнчлэн 3-16 насны 252 мянган хүүхдийг нөхөн вакцинжуулах ажлыг 1987 онд зохион байгуулснаар халдвар тархалтыг бууруулахад шууд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

Гэвч нэг үе ийн эрчимтэй тэмцэж байсан ч 1990 онд анхаарлаа сулруулж, судалгааны ажлыг үндсэндээ орхигдуулсан байна.Ингэснээр улаан бурхан 1994 онд дахин хүчтэй дэгдэж, цөөнгүй иргэн давалгаанд нь өртжээ.

Тухайн үед ХБНГУ-ын эрдмийн солилцооны алба, Берлин, Бюрцбург хотын Вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран уг өвчний дархлал тогтцын төлөвийг гурван бүлэгт харьцуулан судалж дор дурдсан дүгнэлт гаргажээ.

Улаан бурхнаар өвчилсөн, вакцин хийлгэсэн 2-8 насны 32 хүүхдийн шинжилгээ нь уг өвчний вирусийг эсэргүүцэх чадвар 43.2 хувьтай гарсан байна. Мөн нэг удаагийн тун вакцинаар дархлаажуулсан хүмүүс улаан бурхнаар өвчлөх тохиолдол элбэг байжээ. Иймээс эрдэмтэд аажимдаа дархлаагүй хүмүүсийн бөөгнөрөл үүснэ гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн анхны жирэмсэн 18-26 насны 26 эмэгтэйн улаан бурхны вирус сөрөг гарсан нь нярайд халдварлах магадлал буурах дүр зураг ажиглагджээ. Гэхдээ 1990-2000 онд хийсэн вакцинжуулалтын үр дүнгийн талаар хийсэн нарийн судалгаа өнөө хэр байдаггүй аж.

Тэгэхээр нөгөө итгэж найдаад байсан вакцин маань найдвартай хамгаалж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байгаа юм. Уг нь эрчимтэй тэмцсэний дүнд улаан бурхны тархалтыг барьж чадсан орны тоонд бичигдэх болсон.

Гэвч даяарчлалын энэ үед хөрш зэргэлдээ орнуудад улаан бурхны тархалт байнга өндөр байхад зөвхөн Монгол Улс ангид байх боломжгүй гэдгийг өнгөрсөн жилийн өвчлөл харууллаа.

"АНГААХАЙ” НАСНЫХНЫГ АВРАХ ГАРЦ БАЙНА УУ

Ирэх өвөл хэрхэн давалгаалахыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Ер нь халдварын тархалт дахин идэвхтэй байна гэж хашир эмч нар сануулсаар байгаа. Ямар ч аргаар тэмцсэн голомт нь бүрэн устдаггүй цурмын түймэр шиг энэ өвчин хэзээ намжмал болохыг өнөөдөр таахад бэрх байгаа нь айдас төрүүлнэ.

Иймд эхээс төрж байгаа нярай бол улаан бурхны онилсон сум гэсэн үг. Тэгэхээр тэднийг хэрхэн хамгаалж, амь насыг нь аврах асуудал эмч нарын сэтгэлийг чилээсэн хэвээр. "Ангаахай” насныхнаас гадна бас жирэмсэн эхчүүд өртөх магадлал өндөр байна.

Гэвч амьсгалын замаар халдварладаг учраас хамгаалах арга байхгүй байгаа нь хүч мөхөстсөн хэрэг гэлтэй. Жирэмснээ мэдэлгүй вакцинд хамрагдвал ураг зулбахаас эхлээд, гаж хөгжил үүсэх аюултай юм билээ.

Бас вакцин хийлгэснээс хойш нэг сарын дотор жирэмсэлж болохгүй гэдэг сануулгыг эмч нар өгөхөө мартдаггүй. Ер нь жирэмсэн эхчүүд улаан бурхнаас аврагдах боломжгүй бололтой.

Нөгөөтээгүүр өмнө нь дэгдэж байсан улаан бурхан өвчнөөс энэ удаагийнх өвөрмөц хэв шинжтэй гэж эмч нар үзэж байгаа. Учир нь аливаа халдварт өвчин дахин сэргэж тархахдаа үүсгэгч нь өөрчлөгдөж хувьссан байдаг аж.

Өвчилсөн хүүхдүүдийн байдлыг ажиглахад маш богино хугацаанд уушгины хүнд хэлбэрийн эмгэг болж байжээ. Тодруулбал, нэг хүүхдийн уушгины зураг хоёр хоногийн дотор ихээхэн өөрчлөгдсөн юм байна. Яг л хоёр өөр хүний уушги шиг байсан тухай эмч хэлж байсан.

Уг нь өнгөрсөн жил ДЭМБ-д нярай хүүхдүүдийг таван сартайгаас нь улаан бурхны вакцинд хамруулах хүсэлт тавьсан.

 

Мөн улаан бурхны үүсгэгч вирусийг устгадаг өвөрмөц эмчилгээ байхгүй байгаа нь хүндрэхэд нөлөөлж байгааг ч онцолж байв.
Түүнчлэн хөхөөр хооллоогүй хүүхэд улаан бурхан өвчний дэгдэлтэд өртөмтгий байсан талаар ч эрүүл мэндийн байгууллагынхан ярьж байгаа.

Хамгаалах арга байна уу гэдэг асуулт хэн хүний толгойд эргэлдэх шаналал болсоор. Ганц шалгарсан арга бол ерөөсөө л вакцин.
Ингэхээр л нөгөө эрсдэлт бүлгийнхэн гэгддэг "ангаахайнууд”-ыг хамгаалах гарц харагдахгүй байна.

Уг нь өнгөрсөн жил ДЭМБ-д нярай хүүхдүүдийг таван сартайгаас нь улаан бурхны вакцинд хамруулах хүсэлт тавьсан. Гэвч ДЭМБ зөвхөн Улаанбаатар хот болон тархалт өндөртэй дөрвөн аймагт зургаан сартай хүүхдэд вакцин хийх зөвлөмж өгчээ. Иймээс Эрүүл мэндийн яам эл зөвлөмжийг дагаж, товлосон газруудын зургаан сартай хүүхдүүдэд вакцин хийхээр төлөвлөснөө дуулгалаа.

Тэгэхээр энэ өвөл вакцинд хамрагдаагүй аймгуудын 0-9 сартай нярайнууд дахиад л улаан бурхны давалгаанд өртөж мэдэх нь. Дахиад хүүхдийн амь эндэх вий дээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler