|
Видео

Шинэ мэдээ

Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролдоо төрөөс 38 сая төгрөг нэхэмжилжээ

Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролдоо төрөөс 38 сая төгрөг нэхэмжилжээ


         "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр улсад онц их хэмжээний хохирол учруулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцсэн билээ. Шүүхээс Л.Гансүхийн төрийн албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч 3.6 жил хорих ял, Н.Даваахүүг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч 15 сая 360 мянган төгрөгөөр торгохоос гадна улсад учруулсан хохирол болох нэг тэрбум 132 сая 297 мянган төгрөгийг Л.Гансүхтэй хувь тэнцүүлэн барагдуулах шийдвэр гарч ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяаг цагаатгасан юм. Харин иргэн Б.Мөнгөнтуяа дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард төрийн байгууллагыг шүүхэд өгч, сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилсэн байна.


Б.Мөнгөнтуяагийн хувьд шүүхээс түүнийг цагаатгасан учраас төрийг шүүхэд өгч хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Энэ дагуу тэрбээр хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, үндэслэлгүйгээр зургаан сар хорьсон, хэвлэлээр нэр төрийг нь гутаан доромжилсон, сургууль завсардсан, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон гэдэг үндэслэлээр төрийг шүүхэд өгчээ. Төр гэдэг эзэн биегүй. Гэвч төрийг төлөөлж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч алдаа гаргасан тохиолдолд төр өмнөөс нь уучлал хүсч хохирлыг барагдуулж байна гэсэн үг юм.


ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ШҮҮГЧ ҮЗЭМЖЭЭРЭЭ ТОГТООДОГ


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэж заасан байдаг. Тодруулбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг нь нотлогдохгүйгээс хэрэгсэхгүй болсон, шүүх цагаатгасан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсдэг гэсэн үг юм. Иргэн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсноо мөнгөн дүнгээр тооцон шүүхээс нэхэмжилдэг ч хохирлыг тооцож үнэлэх аргачлал манайд байхгүйгээс тухайн шүүгчийн үзэмжээс шалтгаалдаг болоод байна. Тухайлбал,


МХЕГ-ын Санхүүгийн хяналтын улсын байцаагч асан О-г "Цэвэр агаар” сангийн албан тушаалтнуудын хэрэгт холбогдуулан 33 хоног цагдан хорьжээ. Эцэст нь түүний холбогдолгүйг шүүхээс тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. О нь сэтгэл санааны хохиролдоо 50 сая, өмгөөллийн хөлс 15 сая гээд нийт 66 сая төгрөгийг төрөөс нэхэмжилсэн ч шүүхээс 21 саяар тогтоож өгчээ.


Хэнтий аймгийн харьяат Т-г тус аймгийн цагдаагийн байгууллагаас найман настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутган олон хоногоор цагдан хорьжээ. Шүүхээс Т-г буруугүйг тогтоосны дараа тэрбээр нэр төрөө сэргээлгэхээс гадна сэтгэл санааны хохиролд төрөөс 36 сая төгрөг нэхэмжилсэн байна. Харин шүүхээс 14 саяар тогтоосон байдаг.


-Сэтгэл санааны хохиролд төрөөс хамгийн их мөнгө нэхэмжилсэн нь Сөрөх тагнуулын газрын дарга асан В.Нямханд юм. Түүнийг ТЕГ-аас улсын нууц задруулсан гэх онц ноцтой хэрэгт буруутган 2011 оноос шалган хорих анги дамжуулан хорьсон байдаг. Харин 2013 онд В.Нямхандыг цагаатгасан тогтоол шүүхээс гарснаар тэрбээр эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж төрөөс 200 сая төгрөг нэхэмжилсэн байдаг.


-Иргэн Р-ийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч болоод прокурорууд хулгайн хэрэгт шалгахдаа дуртай үедээ хорьж цагдан, буруу зөрүү шийдвэр гарган хохироосон байдаг. Хэргийг аймгийн шүүхийн шүүгчид хэлэлцэн хэрэгсэхгүй болгосны дараа Р эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролдоо төрөөс 38 сая 900 мянган төгрөг нэхэмжилсэн ч шүүх ердөө 4,5 саяар тогтоосон байдаг. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин болоод өмгөөллийнх нь хөлс аж.


ИРГЭНИЙ ГОМДЛЫГ 60 ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ УЧИРТАЙ. ГЭВЧ...


Шүүгчид салбарынх нь буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохирлыг тухайн иргэнд тогтоож өгөхдөө хойрго ханддаг ба ялангуяа сэтгэл санааны хохирлыг бараг тооцдоггүй байна. Манай хуулийн бас нэгэн гажиг энэ. Тодруулбал, олон сараар үндэслэлгүйгээр цагдан хорьсон тохиолдолд хүн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог. Гэтэл шүүх үүнийгээ батал гэдэг шаардлага тавьдаг. Харин тухайн хүн ял шийтгүүлсний улмаас галзуурсан эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй болсон тохиолдолд сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн нэхэмжилсэн хохирлыг олгодог гаж тогтолцоотой. Шүүх тухайн иргэний ирүүлсэн гомдлыг 60 хоногт багтаан хэлэлцэх учиртай. Гэвч Б.Мөнгөнтуул Баянгол дүүргийн шүүхэд гомдлоо гаргаад хуульд зааснаас хоёр дахин их хугацаа өнгөрсөн ч гомдлыг нь авч хэлэлцэхгүй байгаад бухимдалтай байгаагаа дуулгасан юм.


У.Мичид

Монголын үнэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler