| |
Давж заалдах шатны шүүх Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Г.Буяндорж тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Улсын бүртгэлд огт байдаггүй "Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хууль бус шийдвэр гаргуулсан учир гэм буруутайд тооцон 2,3 жилийн хорих ял оноосон байдаг юм.
Энэхүү ялыг Г.Буяндорж эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцлээ. Түүнд оноосон ялыг хэвээр үлдээж хохирогч С.Билэгтийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийг асуудлыг анхан шатны I шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. 2014 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх иргэн С.Билэгтийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийн хохирлыг тусад нь иргэний журмаар шийдвэрлэхээр болсон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжилсэн 502 сая төгрөгийн асуудлыг тусгаарлан орхилгүйгээр хэлэлцээд явах боломжтой гэж үзлээ. Шүүх хуралд ялтан Г.Буяндорж онлайнаар оролцон өөрийгөө цагаатгахыг хүссэн ч давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Шүүх хуралд түүний хамсаатан С.Баттулга, Г.Дамдиндорж өөрсдийн биеэр оролцсон аж.
Олон жилийн турш яригдсан Г.Буяндоржтой холбоотой маргаан үүгээр дуусахгүй нь ойлгомжтой. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн баяжмал авч өгөх нэрээр 1,2 сая ам.доллар хятадуудаас залилсан, Сэлэнгэ аймгийн шүүгч нараар хуурамч баримт ашиглан хууль бус шийдвэр гаргуулсан, "Батурс” компанид ажлын хөлс төлөөгүй гэх мэт хэргийн шүүх хурлууд шил шилээ даран хүлээж байгаа аж.