|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ-ны ТНБД асан Н.Түмэндэмбэрэлийн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх  Н.Түмэндэмбэрэлийг төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулсны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг зохион байгуулсан, Б.Болор, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Давааг мөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутай хэмээн үзэж,  Н.Түмэндэмбэрэлийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай хасч, 3 жил хорих ял, Б.Болорын төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатай хасч, 2 жил хорих ял, Ё.Мөнхтуулын төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч, 2 жил хорих ялаар тус тус шийтгэжээ. Түүнчлэн Ч.Мөнхдэлгэр, Д.Даваа, Я.Түвшинтөр нарт тус тус төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ё.Мөнхтуулд 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, харин Б.Болор, Д.Даваа нарт холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Түмэндэмбэрэл, Ё.Мөнхтуул, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Д.Даваа, Б.Болор нар нь бүлэглэн албан тушаалаа урвуулж, Эрүүл мэндийн яамнаас зарласан удаа дараагийн тендерт хууль зөрчин өөрсдийн хамаарал бүхий компанийг шалгаруулж, хүнд хор уршиг учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендер шалгаруулах журмыг зөрчсөнөөр төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчим зөрчигдөж, эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хохирсныг энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд хор уршиг гэж үзсэн байна. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан Н.Түмэндэмбэрэл, Ё.Мөнхтуул, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Харин анхан шатны шүүх  П.Отгонжаргал, Ж.Баяртогтох нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хэвээр үлдээжээ.

Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дээд шүүх үзлээ.

Б.Чимэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler