![]() |
АН-ын тархи нь гашилж, бие нь зэвэрч байна
Нээлттэй ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийзохицуулагч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Отгонбаяртай АН-ыншинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын шинэчлэлийн хороо гэж байсан, залгуулаад АН-ын шинэчлэл гээд хэсэг залуус хэвлэлийн хуудсанд харагдах боллоо.МАН-ын Шинэчлэлийн хороо гэжсүржин жагсаал хийдэг байсан нөхөд захаасаа Улсын Их Хуралд нэр дэвшихэрхээ олж аваад одооУИХ-ын гишүүн болжээ. Ардчилсан намын залуучууд бас л нам дотроо байр суурь олж авах гэсэндээ ах нартаа шахалт үзүүлээд байна уу?
-МАН болон Ардчилсан нам хоёрын дотоод орон зай өөр л дөө. МАН-ын хувьд бага хурал, удирдах зөвлөл нь Засгийн газар төдийгүй Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн засаг даргыг хүртэл авч хэлэлцдэг босоо удирдлагатай намд залуус нь удирдлагадаа шахалт үзүүлж орон зай гаргаж авахаас өөр арга байхгүй байх л даа. Ардчилсан намын хувьд Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/, Гүйцэтгэх зөвлөл /ГЗ/-ийн гишүүдийгбүгдийг дунд шатны намын хороо буюу аймаг, дүүргийн намын хороодоос сонгодог хэвтээ засаглалтай нам тиймээс залуус мянга ҮЗХ, ГЗ намын удирдлагад шахалт үзүүллээ гээд дүүрэг, орон нутгийн өмнөөс шийдвэр гаргаад юм дуугарсан залуусыг сонгоод орон зай тавьж өгнө гэж байхгүй. Тиймээс Ардчилсан намын шинэчлэлийн залуус намын удирдлагуудад шахалт үзүүлж өөрсдөдөө орон зай гаргах нь гэж харах үндэслэлгүй юм. Бид ҮЗХ, ГЗ-д биш намын гишүүд, дэмжигчид, ардчилал эрх чөлөө, намаа шинэчилье гэж уриалж байгаагаараа МАН-ын шинэчлэлээс өөр.
-Улс төрийн намуудын дотор яг юу болдог тухай ойлголтгүй жирийн иргэд намын шинэчлэл гэж юу яриад байгааг тэр бүр ойлгохгүй байгаа. Та бол нийгэмдээ идэвхтэй амьдарч яваа залуу төлөөллийн нэг. Одоо Ардчилсан намын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагц хийж байгаахүний хувьд ямар намыг ямар болгож шинэчилье гэж уриалаад байгаа юм бэ?
-Улс төрийн нам гэдэг нь үзэл баримтлалаараа эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авч бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгодоо нийцсэн хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм. Гэтэл улстөрийн намууд нь үзэл баримтлалаараа эвлэлдэн нэгдсэн гэхээсээ илүү эрх ашгаараа нэгдсэн хүмүүсийн олонлог болсон нь нууц биш. Ардчилсан нам дотор ч үнэт зүйл, үзэл баримтлал гэхээсээ эрх ашгийн нэгдэл гаарсан нь нам доторх ардчилсан өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Эрх ашгийн нэгдэл буюу тэдний нэрлэдгээр фракцууд хоорондоо тохирсноор албан тушаал наймалцдаг, хуваарилдаг, бусад фракцуудыг шахдаг, дардаг яг үнэндээ фракц нь мафи гэж хэлж болохоор байна шүү дээ. Амьдралдаа хэзээ ч тухайн салбарт ажиллах тухай бодож байгаагүй нөхөр нэг л өдөр фракцийнхаа дэмжлэгээр лифтээр орж ирээд удирдах албан тушаалд томилогдоод маргаашнаас нь эхлээд л юу хийхээ бодож эхэлдэг байдлыг өөрчилмөөр байна. Урсахгүй бол зэвэрдэг, уншихгүй бол гашилдаг гэдэг. Ардчилсан нам тархи нь гашилж, их бие нь зэвэрч байна. Мэдлэг чадвартай тухайн, тухайн салбартаа амбицитай залуучуудад Ардчилсан нам үүд хаалгаа нээж өгөх цаг нь болсон.
-АН-ыг шинэчилье гэвэл одоо байгаа ҮЗХ-г тараагаад цоо шинэ ҮЗХ байгуулах хэрэгтэй, ҮЗХ шинэчлэгдээгүй цагт АН шинэчлэгдэхгүй гэсэн байр суурьтай хүмүүс олон байдаг. Таны бодол?
–Намын шинэчлэл гэж хэн нэгэн зөв төрхтэй, шинэ залуу хүн намын дарга болсноор хэмжигдэхгүй болов уу. Одоо байгаа ҮЗХ тарах ёстой гэдэгтэй санал нэгтэй байдаг. АН-ын үндсэн дүрмийн дагуу жил бүр ҮЗХ 1/3 нь ажилласан байдлаараа эрэмбэлэгдэн ротаци буюу шинэчлэгдэх ёстой. Гэтэл бүхэл бүтэн 7 жил Ардчилсан намын ҮЗХ шинэчлэгдсэнгүй. Тэднийг дагаад орон нутгийн намын хороод ч мөн адил царцсан байдалтай. АН-ын шинэчлэлийг одоо байгаа ҮЗХ манлайлаад аваад явж чадахгүй гэж үзсэн учраас залуус бид үг, үзэл санаагаа нэгтгэн шинэчлэлийн туган доор нэгдээд байна.
-Та дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилладаг.Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн залуучуудын "Хан Залуус” нэгдлийг удирдаад залуу хүн гэхэд нийгэмд чиглэсэн бишгүй л олон үйл ажиллагаа зохион байгуулж,дүүрэг хороондоо танигдсан гэж бодож байлаа. Гэтэл яагаад 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан юм бэ? Энэ нь АН-ын шинэчлэлтэй холбоотой юу? Эсвэл нэр дэвших суудал олдоогүй юм уу?
-Олон шалтгаан бий, гэхдээ өөрөөс хамаарах шалтгаанууд нь давамгайлж ийм шийдвэр гаргасан. Улс төрийн сонгуульд нэр дэвших хүн дотроо зорилготой хийегэсэн саналтай байх ёстой. Тэрнээс ширээ бөглөж суугаад албан тушаалд хүн томилох, төсөв батлах, сонгогдсон хороондоо тоглоомын талбай түрүүлж байгуулахыг лоббидох төдийхнөөр ажил хийвэл би тэнд байх шаардлагагүй гэж үзсэн. Ер нь аль ч талаас нь бодсон иргэдийг төлөөлж буйн хувьд нийгмийн хөгжлийг мөн бусдыг манлайлах мэдлэг, чадвартай бэлтгэгдсэн хүн байх хэрэгтэй. Ер нь шуудхан хэлэхэд өөрийгөө жаахан голсон гэхүүдээ. "Хан Залуус”-ын тухайд гэвэл миний бие 2012 онд Хан-Уул дүүргийн төдийгүй Улаанбаатар хотын хамгийн залуу ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Залуу төлөөлөгчийн хувьд сонгогдсон цагаасаа л залуучуудынхөгжил, нийгмийн идэвхийг дээшлүүлэх талд ажиллаж ирсэн. Урьд нь хороо бүрт ахмадын зөвлөл л байдгаас залуучуудын зөвлөл гэж байгаагүй, дүүргийн төсвөөс залуучуудад зориулж сагсан бөмбөгийн тэмцээнээс өөр үйл ажиллагаа, төсөвгүй байсныг харьцуулахад одоо дүүргээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх залуучуудын хөгжлийн хөтөлбөртэй, хөтөлбөртзориулж төсөвтэй, батлагдсан төсвөөр юу хийхийг залуучуудаас өөрсдөөс нь хэлэлцүүлж санал санаачтлгыг тусгадаг дүүргийн залуучуудын зөвлөх хороотой болсон. Одоо залуучууд маань надтай надгүй батлагдсан хөтөлбөрийнхөө дагуу үйл ажиллагаа, төлөвлөлт, хэрэгжилтэнд хяналт тавиад, санал санаачилга гаргаад явах бололцоотой болсон. Хороо бүр дээр залуучууд маань манлайлаад нийгэмд чиглэсэн олон ажил зохион байгуулж, өөрсдөө хөгжөөд явахыг хараад эхлүүлсэн ажилдаа баяртай байгаа. Одоодараагийн зорилго чухал.
