|
Видео

Шинэ мэдээ

Хатан Туул хогийн цэг биш ...

Хатан Туул хогийн цэг биш ...

 

Урин дулааны улирал ирж амралтын өдрөө агаар салхинд гарч өнгөрөөхөөр Туулын эргийг зорих иргэдийн цуваа тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийг ундны усаар хангадаг их булаг болсон Туул гол хүмүүсийн амарч тухалдаг гол цэг болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн харамсалтай нь амрагчид маань хог хаягдлаа авч явдаггүй, тэндээ орхиод явчихдаг дүр зураг жилийн жилд ажиглагддаг. Уг нь сошиал ертөнцөд энэ талаар амтай болгон нь шүүмжилж, Туул гол дээр очоод хогоо хаях нь байтугай бусдын хаясан хогийг түүгээд зогсож байгаа дүр зураг олон байдаг ч туул голын хог багасдаггүй. Харин ч нэмэгдэж Туул гол амрагч, зугаалагчдын идсэн хоолны хог, уусан ундаа, пивоны хуванцар сав, шил лаазанд дарагдчихсан байгаа нь нууц биш.

Зарим нэг хүмүүс бидний хаясан хогийг ТҮК-ийнхэн цэвэрлэх ёстой гэж бодоод бөөгнүүлээд орхичихдог юм байна лээ. Гэтэл тэр хогийг нь ТҮК-ийнхэн очиж цэвэрлээд шийдэгддэг бол  өөр хэрэг. Гэтэл таны үлдээсэн хог ТҮК-ийнхэнийг очиж амжаагүй байхад туул гол руу хийсч ороод бидний эрүүл мэндэд заналхийлж эхэлдэг.

Уг нь хүн бүр идсэн уусныхаа хогийг дор бүрнээ цэвэрлээд аваад явчихвал Туул гол хогонд дарагдахгүй, бид ч эрүүл мэндээрээ хохирохгүй.

Сүүлийн үед манай Монголчууд аливаа асуудалд улс төрийн өнцөгөөр хандаж, жигтэйхэн эх орончид  гэдгээ компьютерийн цаанаас бичих сэтгэгдлээрээ харуулдаг болсон. Тэгсэн хэрнээ, Өөрсдөө гудамжинд нус цэр, тамхиныхаа иш, хаа таарсан газраа хогоо хаячихдаг хэрнээ өөрийгөө эх оронч гэж бодож том эндүүрдэг. Яг үнэндээ эх орон ширхэг чулуунаас эхэлдэг гэдэг. Тэгэхээр байгаль, дэлхий уул усаа хайрлаж чадахгүй байж бид өөрсдийгөө эх оронч гэж хэлэх эрхтэй болно. Тиймээс та бүхэн би эх орондоо хайртай, эх оронч хүн гэж цээжээ дэлдэж ярих биш үйлдлээрээ харуулж, хогоо ил задгай хаяж байгаль дэлхий, уул, усаа бохирдуулахгүй байх нь хамгийн чухал юм.

Одоо удахгүй наадам болно. Бараг толгойтой болгон нь туул голыг зорих нь тодорхой. Өнгөрсөн жилийн баяр наадмын дараа Туул гол ямар байдалтай болсныг манай сайт сурвалжлан хүргэж байсан.  Энэ жил дахиад л өмнөх жилийнх шиг нүд халтирам дүр зурагтай нүүр тулахгүйн тулд хүн бүр дор бүрнээ ухамсартай байж хогоо ил задгай хаяж байгаль орчин, ундаалах усаа бохирдуулахгүй байхыг уриалж байна.

Т.Гэрэл


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.