| |
Оффшор данстай Н.Цогт өмгөөлөгч гадаадынханд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг үү
Өнгөрсөн долоо хоногт гадаадад буюу хилийн цаана оффшор данстай Монголын иргэдийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас олон нийтэд зарлаж, шуугиан тарив. Оффшор бүсэд манай улсын ганц нэгхэн иргэн байдаг байх гэсэн хардлага байсан. Гэтэл дээрх байгууллагаас давхардсан тоогоор 49 хүний нэрийг олон нийтэд ил тод болгов. Тэдний дотор УИХ-ын гишүүд болоод янз бүрийн л мэргэжилтэй олигарихиуд байгаа юм. Тэдний чухам хэн нь хэн болох хаанаас ийм их хөрөнгө мөнгөтэй болж хилийн цаана мөнгөө нуусныг хайх зуур Нацагдоржийн Цогт гэсэн нэр гарч ирсэн нь анхаарал татав.
Энэ хүн ямар мэргэжилтэй хаана юу хийдгийг нь судлаад үзэхээр өмгөөлөгч, хуульч мэргэжилтэй юм байна. Тэрбээр гадаадынханд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг өндөр үнэ өртөгтэй өмгөөлөгч гэх. Бүр тодруулбал, нэлээд чинээлэг энэ эрхмийг Монгол Улсаас 35 тэрбум төгрөг залилсан АНУ-ын иргэн Жастин Капла нарын хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан буюу 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, татвараас зугтаасан гэх "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла гэгч нөхөрт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэний үнэ хөлс гэж овоо их мөнгө авснаа хилийн чандад гаргаад нуусан байх гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Түүнчлэн Н.Цогт нь хувьцаа эзэмшдэг "Joy Key Development Limited”, "Assets Right Consultant Ltd”, "Bona Lex Limited” хэмээх гурван оффшор компани нь зөвлөгөө, зуучлал үзүүлдэг хуулийн компаниуд юм байна. Ийнхүү гурван компанид хувьцаа эзэмшдэг гэхээр нэлээд хөрөнгөтэй хүн бололтойдог.
Н.Цогт нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхээ авсан нэгэн юм байна. Өдгөө 46 настай бөгөөд Москва хотын АХДС-ийг 1994 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Эрүү, иргэн, захиргааны бүх шатны шүүхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй . Тэрбээр мэргэжлээрээ 22 жил ажилласан бөгөөд өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхээ 2013 онд авч байсан туршлагатай нэгэн ажээ.
О.Сайхан