| |
Яагаад тамирчид офшорддог вэ
Спорт сонирхогчид бид тэмцээн уралдаан үзэж суухдаа од болсон тамирчдыг бишрэн шүтэж байдаг ч хэдхэн мөчийн дараа л хувийн амьдралыг нь өнгийн харж, олсон мөнгө, байгуулсан гэрээнд нь атаархдаг хуучтай улсууд. Тэднийг өөрсөдтэйгээ л адилхан хүн, бидэн шиг л татвар төлөгч, гэхдээ жирийн иргэдээс хэд дахин илүү, тэр байтугай бүр хэтэрхий их татвар төлдөг талаар боддог хүн байхгүй биз ээ. Тиймээс ч тамирчид улсад төлж байгаа татвараа ямар нэг аргаар багасгаж, мөнгөө авч үлдэхийг хичээдэг нь ойлгомжтой. Тэгэхээр дэлхий ертөнцийг шуугиулаад байгаа "Панамын баримт”-аар олон тамирчны нэр илрэн гарахад гайхах зүйлгүй.Ямайкийн алдарт Усейн Болтын төлөөлөгч Рик Симмс нэгэнтээ "Болт заримдаа тэмцээнд оролцоод ямар ч ашиг олдоггүй. Яагаад гэвэл шагналын мөнгөнөөсөө илүү ихийг татварт тушаах хэрэгтэй болдог” гэж хэлсэн нь бий. Үүний хамгийн тод жишээ болсон орон бол Их Британи. Тэндхийн хуулиар мэргэжлийн тамирчид шагналын мөнгө хэдийг авсан, ямар хэмжээний орлого олсноос үл хамааран татвар төлдөг. Ийм хуультай орон олон бий ч Их Британи тухайн тамирчныг улсдаа хэд хоног өнгөрөөснийг огт тооцолгүй, дэлхийн аль өнцөгт олсон байсан хамаагүй олсон бүх мөнгөнөөс нь татвар хураадаг байна. Ингэхээр дан ганц "Пума” брэндийн пүүзний сурталчилгаанаас л жилд 12 сая фунт стерлинг олдог Болт Их Британид болдог бүх тэмцээнд түрүүлээд, хамаг шагналын мөнгийг нь хамсан ч татварт төлөх мөнгөнд нь хүрэхгүй. Тиймээс л Усейн Болт Их Британид зохиогддог тэмцээнд оролцдоггүй. ОУОХ-ноос орон нутгийн засаг захиргаатай хэлэлцээ хийж, татварын хуулиа олимпийн үеэр түр зуур "амраах” амлалт авсны дараа л Болт 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцсон. ОУОХ-ны гэрээний ачаар л олон тамирчин Лондонд айж эмээлгүй ирж, медаль хүртэн, шагнуулсан мөнгөө бүрэн бүтэн аваад гэр гэрийн зүг одоцгоосон юм.
Нэрт теннисчин Рафаэль Надаль ч мөн тийм бодолтой. Надаль маш чухал тэмцээн байсан ч Англид болж байгаа уралдаанд оролцохгүй байхыг хичээдэг.
Чансааны оноогоо бусад оронд болдог тэмцээнээс түүж сурсан түүнд Лондонд ирэх ямар ч хэрэг байхгүй. "Англид тоглоод дандаа алдагдал хүлээдэг” гэж тэр ярьж байв. Дээд түвшний олон од тамирчид ч Болт, Надаль нарын адил Англид тоглохыг огт хүсдэггүй аж.
Зарим үед хэт өндөр татвараас болоод эх орноосоо зугатаах үе ч тамирчдад тохиолдоно. Францын теннисийн шигшээ багийн тамирчид бүгд Швейцарт амьдардаг. Яагаад гэвэл Франц улс хэт их орлого олдог буюу жилд нэг саяас илүү орлоготой иргэддээ 75 хувийн татвар ногдуулдаг. Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн санаачилсан энэхүү хуулиндаа сэтгэл хангалуун байж болох ч түүний "ачаар” ард иргэд нь алдарт оддоо нутагтаа харж чадахаа байжээ. Тамирчин төдийгүй жүжигчин, дуучин гээд л Францын хамаг одод Монако, Швейцарь, ОХУ-д оршин суух хаягаа шилжүүлж, зарим нь иргэншлээ хүртэл солиулаад байна.Германы тамирчид ч мөн адил. Германы татварын хуулиар орон нутгийн захиргаанаас тамирчдын Герман дахь бизнес төдийгүй гадаад дахь тэмцээн уралдааны орлогоос нь хүртэл татвар авахыг зөвшөөрдөг. Хэрэв таны байнга хэрэглэдэг шүдний сойзыг Германы нутгаас олсон бол та Германд татвар төлөх ёстой гэсэн яриа хүртэл бий. Харин Америкт амьдардаг тамирчид татварын дарамтаа хөнгөлөх олон боломжтой. Илүү дутуу татварын системгүй мужид нүүхэд л болно. Гэхдээ тийм муж Америкт ердөө есхөн байдаг. Хоккей, сагсан бөмбөг ч бай, ямар нэг багт харьялагддаг бол тухайн баг оршдог мужийн хуулиар татвараа төлнө. Испанид ч гэсэн адил, нутгийн багт л тоглож байгаа бол та аргентин, бразил хүн байсан огт ялгаа байхгүй. Хойд хөрш ОХУ-д офшорын эсрэг хууль гарснаас хойш тамирчид нь учраа олохоо байсан аж. Жишээ нь, Мария Шарапова Германд "Порше”-тэй сурталчилгааны гэрээ байгуулахдаа орлогынхоо 31 хувийг Германд төлөөд иржээ. Харин шинэ хуулиар тэр гадаадад орлого олсон ч Орост бас татвар төлөх ёстой болж байгаа аж. Ингэснээр улсад мөнгө хуримтлагдах ч алдарт тамирчид нь татвараас зугатаагаад өөр орны иргэншилтэй болчих аюул бас байгаа юм.
Хэдэн төгрөгний төлөө улс орныхоо нүүр царай болсон тамирчдаа алдаад дуусчихвал эцэст нь улс өөрөө хохирох нь ойлгомжтой. Хөнгөн атлетик, теннис зэрэг ганцаарчилсан төрлийн тамирчдыг "мөнхийн жуулчин” хэмээн нэрлэж болно. Тэд эх дэлхийг хөндлөн гулд туулж, очсон газар болгондоо орлого олдог ч хаана ч байнгын татвар төлөгч бололгүй аялан явахыг хүсдэг. Ихэнх нь давхар иргэншилтэй, офшор бүсийн орнуудад урт хугацаагаар амьдрах эрхтэй байдаг. Одоогийн байдлаар офшор дансны асуудлаар ФИФА-гийн шинэ ерөнхийлөгч Инфантино, УЕФА-гийн ерөнхийлөгч асан Мишель Платини, дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси тэргүүтэй дан хөлбөмбөгчдийн нэр л гарч ирээд байна. Магадгүй хууль дүрэм зөрчсөнөөс татвар их нэхдэг "өлөн” засгийн газартай улс орнуудаас Болт, Надаль нар шиг л зугатаад явж байсан нь тэдэнд дээр байсан байж болох.
Бэлтгэсэн: Сугараа
Эх сурвалж: Ssport.mn