| |
Салхинд хийсэх мэт сарниж алга болсон Зүүнгар
Түүхийн хуудсыг эргүүлэн харахад элэг эмтэрмээр олон гунигт үйл явдал монголчуудад тохиосон байдаг. Тэдгээрийн хамгийн эмгэнэлтэй нь Зүүнгар улсын мөхөл юм. Манжууд энэ улсыг эзлэхдээ эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшидгүй толгой дараалан хядсан байдаг. Энэхүү гашуун түүхийн талаар түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд өгүүлнэ.
- Зүүнгар улс хэр удаан оршин тогтносон юм бэ?
- Зүүнгар улсын хүчирхэгжилтийн талаар өмнө нь ярьсан. Дахин давтан хэлэхэд дэлхийн түүхийн голлох бүтээлүүдэд монгол овогтны Хүннү, Их Монгол, Зүүнгар гэсэн гурван улсыг тэмдэглэсэн байдаг. Зүүнгар улс байгуулагдсанаасаа хойш үндсэндээ 80-аад жил оршин тоггносон. Дөрвөн Ойрадын сүүлчийн чуулган буюу Цоросоор толгойлуулсан 1636 оноос тооцвол 120 жил юм уу даа. 1676-1755 онд хүртэл оршин тогтносон Зүүнгар улс бол биеэ даасан улс байлаа. Энэ үед, энэ цагт Халх монгол Манжийн эрхшээлд орсон үе. Халхууд Манжид эзлэгдсэнээс хойш 70 жил оршин тогтносон Зүүнгар улсад зургаан хаан эрх барьжээ. Зүүнгарыг үндэслэгч нь Галданбошгот хаан. Галдан хааны ахынх нь хүү Сэнгэ хун тайжийн хүү Цэвээнравдан 1697-1727 онд, Цэвээнравдангийн хүү Галданцэрэн 1727-1745, Галданцэрэнгийн дунд хүү Цэвээндоржнамжил 1745-1749, ахмад хүү Лхамдаржаа 1749-1752, Галдан хааны дүү Бүм ноёны үр ач Даваач нар энэ улсыг захирч байв. Даваач хааны үед Зүүнгар Манжид эзлэгджээ.
-Гэхдээ өмнө нь Манжийн олон дайралтыг удаа дараа маш амжилттай хамгаалж байсан гэдэг биз дээ?
-Зүүнгар улс тухайн үедээ Хятад-Дундад Азийг холбосон Торгоны замыг хянаж, эзэгнэж байв. Тэнгэр уулын өмнөх Уйгарын хотуудыг бүгдийг нь эршээлдээ оруулж захирч байсан. Түүний цаадах Узбек, Тажикийн хотуудаас татаас авч, Киргиз, Хасагийг нөлөөндөө байлгаж байсан. Өөрсдөө тариалан эрхэлж, үйлдвэрлэл явуулж тэр хэмжээгээрээ Зүүнгар улс эдийн засаг болон бусад зүйлээрээ хүчирхэг болсон байлаа. 1717-1733 он хүртэл Манж, Зүүнгар хоёр байлдсан. Энэ тулаанд хоёр улс хоёулаа туйлдсан байдаг. Ойрадууд эх нутгаа хамгаалж буй болохоор баатарлаг, бүх ард олны сэтгэл нэгэн зүгт. Манжууд Зүүнгарыг дайлж эрхшээх гэж олон удаа цэрэг татаад, сүүлдээ цэрэг дайныхаа зардлыг дийлэхээ больж, ард олноосоо нэмэлт татвар авчээ. Үүнээс үүдэн хятадад бослого хөдөлгөөн гарч маш хүнд байдалд орсон. Эцэст нь 1739 онд Зүүнгар, Манж улс найрамдлын гэрээ хийж, хилээ Алтайн нуруугаар тогтоосон. Хятад, монгол, солонгосыг залгисан хүчирхэг Манжтай өрсөлдсөн том улс байжээ гэж бид Зүүнгар ойрадуудыг төсөөлж ойлгож болно.
XIII зуунд Их Монгол улсын үед Ази дахиныг ямар сайхан амгалан байсныг жишээлж хэлдэг үг байдаг л даа. Илжгэнд алт ачсан өнчин хүү Багдадаас Хархорин хүртэл айх аюулгүй илжгээ хөтлөөд ирж байв гэж. Тийм амгалан, эмх цэгтэй байсан. Зүүнгар улсын үед яг л тийм байжээ. Худалдаа харилцаа нээлттэй, айх аюулгүй, элдэв дарамтгүй.
- Ер нь тийм хүчирхэг том байсан улс бидний үе хүртэл оршин тогтносоор ирэх боломж байсан болов уу?
-Зүүнгар улс оршин тогтносоор бидний үед ирэх боломж байсан. Даанч дайсан их байжээ. Нэгдүгээр дайсан бол Манж. Тэд бүх Монголыг эзлэхийг хүсч байсан. Бас торгоны замыг эзэгнэх, баруун тийш өргөжих, өр доорх дайсан болох монголчуудын тусгаар тогтнолын сүүлчийн голомтыг алга хийх хүсэлтэй. Дараах нь Орос. Оросууд зүүн тийшээ өргөжих гэхээр Зүүнгар гол саад нь болж байв. Орос, Манжийн хооронд хэд хэдэн хэлэлцээр болсон байдаг. Нууц хэлэлцээр байсныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд Орос ган хийх дуу гаргаагүй. Хараад л сууж байсан. Эндээс хардлага үүсч байна. Юу хэлж байна гэхээр тэд газар нутгийг нь хувааж авахаар тохирсон байхыг үгүйсгэхгүй. Тийм баримт ч бий.
Зүүнгарын хамгийн сүүлчийн хүчирхэг хаан бол Галданцэрэн. Гайхамшигтай дотоод бодлоготой. Гадааддаа нэг чиглэлийн бодлого барьж байв. Тэр нь тусгаар байдал, ах дүү монголчууд болох халх, дээд монголыг манжаас салгах. Аж ахуй, соёл, эдийн засгийг хөгжүүлэх тал дээр гайхалтай олон зүйл хийсэн байдаг.
Галданцэрэн хааны амьдралын төгсгөл эмгэнэлтэй. 1745 оны үед Ойрад даяар халдварт цэцэг өвчин тархсан. Олон хүний амь насыг авч одсон энэ өвчинд хаан өөрөө бас өртсөн байдаг. Дараа нь дунд хүү нь хаан ширээнд сууж, ахмад хүү Лхамдаржаа нь дөрвөн жилийн дараа хаан ширээг булааж авсан.
-Дүүгээсээ юу?
-Дүүгээсээ. Эх өөртэй дүү. Ер нь 1745-1755 оны хооронд Зүүнгар улсад дотоодын үймээн самуун их гарсан. Энэ бол аль ч улсад байдаг асуудал. Яагаад гэхээр Зүүнгарын хаант улс гадаад дайсан олон байсантай холбоотой дотоод бодлого нь уялдсан байсан. Орос, ойрадын хилийн дагуу Даваач тэргүүтэй том ноёд, Хасаг ойрадын хил дээр Амарсанаа тэргүүтнийг суулгасан. Цэрэг хүчийг нь нэмж, хангамж өгч тэнд суулгаснаар хилийн хамгаалалтын системийг сайжруулж байна. Яг энэ мэтчилэн хэд хэдэн том ноёдод эрх мэдэл өгсөн. Эрх мэдэл хүмүүст төвлөрөөд ирэх тэр цагт хаанд захирагдахгүй гэсэн хүсэл сонирхол нийгэмд бий болсон. Тэгээд л би чадна гэсэн үзлээр хаан ширээний төлөөх тэмцэлд босдог.
-Хаан ширээний тэмцэлд оролцогсод хэн бэ?
-Зүүнгарын төрийг ганхуулсан, хүчгүйдүүлсэн тэр үйл явдлыг ярьвал урт яриа болно. Товч хэлбэл үүнтэй холбоотой хэдэн хүн бий. Нэгд, Даваач хаан орно. Их Цэрэндондов гэдэг алдартай жанжны ач нь. Төвдийг эзлэхдээ өмнө нь хэн ч давж байгаагүй Гималайн өндөр уулсыг араас нь давж дайрсан жанжин бол Цэрэндондов. Түүний нөлөөнд хүчирхэгжсэн хүн нь Даваач. Хоёрт, Нэмэхжаргал гэж ноён байна. Энэ бол 1732 онд Халхыг Манжаас салгахын төлөө дайн хийхэд цэрэг ахалж явсан, Хотон, Хурган нуурын дайнд Манжийн 20000 цэрэг хиар цохиж явсан бага Цэрэндондов гэдэг бас нэгэн алдарт жанжны ач нь. Гуравт нь Амарсанаа гэдэг Хойд аймгийн анги захирч байсан ноён. Энэ бол Галданцэрэн хааны зээ хүү. Ийм ноёд хаан ширээний төлөө тэмцсэн. Улс даяар гарсан халдварт өвчин, дотоодын тэмцэл, Манж, Орос, Хасаг зэрэг орнуудаас явуулсан хатгах, үймүүлэх, салгах бодлогын дүнд 1755 онд Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд хүрсэн. Манжийн туйлын хүсэл нь Зүүнгарыг эзэлж авах явдал байсан. Манж 100 жил Ойрадыг эзлэх бодлого явуулав. Тэр үед Зүүнгарын дотоодын үймээн самуунаас болоод зарим овог аймаг Халх руу орох, Халимаг руу нүүх мэтээр үймээн самуун байсан. Энэ бүгдийг Манжууд овжин ашиглаж Зүүнгарт цэрэг оруулсан. 1755 онд нийт 50 мянган цэргийг гурван замаар оруулсан байдаг. Яг баримтаар үзвэл 36 мянган цэрэг оржээ. Манж, хятад ногоон тугийн цэргээс гадна өвөрлөгч, халх цэргийг оруулсан. Манжууд Ойрадыг эзэлж аваад халхтай адил дөрвөн аймаг болгон, чуулган байгуулж, хан тавьсан. Тэгээд Долнуурт Ар, Өвөр, Баруун монголчуудыг эзэлж авсаны том баярыг намар нь хийхээр бэлдэж байлаа. Зарим цэргээ татсан. Яг энэ үед ойрадууд бослого гаргаж эхэлсэн.
-Энэ үеэр халхад ч бас Манжийг эсэргүүцсэн бослого гарч эхэлсэн биз дээ?
-Тийм ээ. 1755-1758 оны бослогыг бид ганцхан Ойрадын бослого гэж ярьж тайлбарлаж болохгүй. Манжийг эсэргүүцсэн нийт монголчуудын бослого юм. Дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь Ойрадад, нөгөө нь Халхад өрнөсөн. Халхын бослогыг Чингүнжав толгойлж, Ойрадыг Амарсанаа удирдаж байсан. Энэ нь Манжийн хүчийг ганхуулсан бослого. Энэ бослого гарсан тулдаа Монголын ард түмэнд Манжаас хэзээ нэгэн цагт тусгаарлаж болох юм шүү гэсэн үндэсний үзэл санааг үеийн үед суулгаж өгсөн. Бослогыг манжууд хуваан таслаж дарсан. Угтаа бол Өвөр Монголд ч ийм бослого гарах байж. Даанч урвагчдын мэдээллээр толгойлсон ноёдыг устгасан байдаг.
-Халх, Ойрадын босогчдыг бүгдийг нь дарж устгасан. Гэхдээ Ойрадууд бүр ард түмнээрээ хохирсон, хядуулсан гашуун түүхтэй…
-Ойрадын бослого бол гашуун, харамсалтай үр дагавартай. Үр дүн, хор уршиг нь айхтар юм аа. Эхэндээ Ойрадын босогчид Манжийн 36 мянган цэргийг бут цохисон. Манж цэргүүдийн дийлэнх нь халх, Өвөрмонголоос татагдсан монгол цэргүүд байсан гэдэг. Бялтат буу, үхэр буутай нь голдуу манж ногоон тугийн цэргүүд. Анхлан оруулсан цэргүүд алагдаж хиарсан тул дахин яаралтай цэрэг татаж хоёр дахь удаагаа оруулсан. Бас л 3 замаар. Үүнийг Амарсанаа, Чагдарманж, Ням, Занагарав, Дондогманжаар тэргүүлсэн ойрадын бүх ард түмэн дахин бут цохисон. Гурав дахь удаагаа манжууд дахин дайрсан нь үнэхээр аюултай байсан. Тэдний даалгавар нь Зүүнгарын ард түмнийг хядах зорилготой байв. Тэд 1758 он хүртэл Ойрадын нутагт алан хядах ажиллагаа явуулсан. Академич Ч.Далай гуайн гаргасан тоо байна. Зүүнгарын ард түмэн Манжид эзлэгдэх цагтаа 600 мянга байжээ. Энэ бол цэвэр монголчууд. Энэ бол тэр үеийн нүүдэлчдийн хувьд их том тоо шүү дээ. Үүнээс ердөө 120 мянган хүн үлдсэн байна гэжээ.
-Дийлэнхийг нь хядсан гэж үү?
-Тийм ээ. 480 мянган хүн алагдсан байна, олзлогдож монгол биш газар нутагт цөлөгдсөн байна. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж байсан мэдээллүүд байна л даа. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд "500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Болоо ч үгүй хүнийг алав гэхгүй "махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн байна. Манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядаж байв. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу гэж би боддог юм. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй хууль байдаг. Ер нь монгол эмэгтэй шиг эрх чөлөөтэй бүсгүйчүуд бага байсан байх. Таван хүү төрүүлэхээр дархан цол өгч овог дотроо үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх өгч байгаа зэрэг. Ойрадын нэг аман цааз надад байна л даа. Түүнд "эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглосон” байдаг. Эмэгтэй хүн гэрийн зүүн хатавчинд хоргодсон байхад гар хүрч болдоггүй. Мэс хүргэж болохгүй гэсэн байдаг. Тэнд нуугдаж байгаа хүнийг дайсан ирсэн ч алж болохгүй, олзол гэх зэрэг. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нилээд хэсгийг нь олзолсон. 480 мянга дотор олзлогдсон хүмүүс ч их байгаа. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү буюу муу амьсгалтай муж руу цөлсөн. Уурхайд ажиллуулсан. Ингээд Зүүнгар үндсэндээ эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л Монголчуудын хүн амыг цөөрүүлсэн.
-Яагаад манжууд Зүүнгарыг хорсож хядаж алсан юм бол…
-Энэ хядлагад манжууд монголыг монголоор нь цохиулсан. Зүүнгарын их уул хадтай газар манж, хятад цэрэг явна гэж байхгүй. Монгол, Өвөрмонголоос их цэрэгтатсан. Бүгд цалинтай, алсан хүнийх нь тоогоор мөнгөөр шагнадаг байсан болохоор тэгж хүйс тэмтэрсэн. Энэ хядлагаас болж ойрадын махас, шарас зэрэг том том овог алга болсон. 480 мянган хүн алагдаж, олзлогдож, зугатаж, салхинд хийсэх мэт алга болсон. Энэ бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдал.
-Үлдсэн 120 мянган ойрад хаачсан бэ?
-Энэ бол уул хаданд гарагчид, бас бөөнөөрөө олзлогдсон хүмүүс. Тэдний нэг хэсэг нь Монголын ойрадууд. Эд бол хатуу зовлон эдэлсэн ард түмэн.
-Эднийг яаж амьд үлдээсэн юм бол…
-Олон талтай. Хууран мэхэлж өөртөө татаж чадсан. Бас гарах гарцгүй болгож хурааж дагуулсан. Манжид бууж өгсөн хүмүүс нэг хэсэг нь байгаа. Уул хаданд дүрвэж гараад буцаж ирсэн хүмүүс ч бий. Бууж өгсөн хүмүүсийг Хятадын нутагт ч тарааж суулгасан.
-Харамсмаар юм аа. Гэхдээ хойч үе нь өмнөх түүхээ мэдэж байж сургамж авах ёстой гэдэг үүднээс үүнийг хүмүүс сайн мэдэж байх ёстой байх?
-Бид түүхийн эмгэнэлт хэсгээс сургамж авах ёстой. Баруун монголд Амарсанаа, халхад Чингүнжавын тухай домог их бий.
Энэ бүхэн Манжаас тусгаарлах үзэл санааны амин гол сүнс нь болж байжээ. 2003 онд Улиастай хот байгуулагдсаны 270 жилийн ойг их сүртэй тэмдэглэж, Ерөнхийлөгч хүртэл очиж байсан. Би үүнд их харамссан. Улиастай хотыг яах гэж байгуулсан юм бэ гэвэл Ойрад болон Халхын ард түмнийг дарангуйлах цэргийн бааз байгуулах гэж. Эхлээд Ховдод цэргийн бааз байгуулсан чинь ойрадууд орж ирээд цохисон болохоор нутгийн гүнд байгуулъя гээд Цагаансүүл буюу Улиастайг сонгожээ. Үүний 270 жилийг ойг тэмдэглэх ямар шаардлагатай юм бэ! Тэндээс бэхлэлтээс гарсан цэргүүд халхын Чингүнжав, ойрадын Амарсанаагийн бослогыг бут цохисон шүү дээ. Ховд хотыг үлдэж хоцорсон дөрвөд, торгууд, баяд, захчин тэргүүтэй ойрадуудыг дарангуйлах цэргийн хот болгож 1762 онд байгуулсан. Тэмдэглэх ой, тэмдэглэхгүй ой гэж бас байна. Манай зарим түүхчид ойрадын түүхийг тэднийг дарангуйлж байсан Манжийн эх сурвалжаас авч бичдэг. Тэр сурвалжид "Ойрадууд хоорондоо дайтаад байхаар нь Манжийн их цэрэг очиж төвшитгэсэн” гэсэн байдаг. Тэгж алж хядаж, юу ч үгүй болгож төвшитгэдэг юм уу. Үүнийг ойрадын өөрийнх нь түүхийн эх сурвалж буюу худам, тод бичгийн сурвалжаас үзэх хэрэгтэй. Бид түүхийг олон талаас нь олон баримт сэлтээс үндэслэж, болгоомжтой бичих ёстой юм.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
"Өдрийн сонин” №111 (3188) 2009.05.08
ЗҮҮНГАР УЛСЫН АМЬД ҮЛДЭГСДИЙН ТҮҮХ
Бид "Элэг нэгтэн” булангийнхаа өмнөх ээлжинд Зүүнгар улсын мөхөл, ард олныг нь манжууд хэрхэн хядсан гунигтай түүхийг өгүүлсэн билээ. Хүчирхэгжин мандаж байсан монгол угсааны энэ улсын хүн амын дийлэнхийг хядаж устгасан бөгөөд бууж өгсөн, дагаж орсон цөөн хүнийг хэдэн тийш нь тараан суулгасан гэдэг. Тэдний нэг бол манай улсын баруун хязгаарын ард түмэн юм. Энэ тухай түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар бидэнд өгүүлнэ.
-Тухайн үедээ 600 мянган хүн амтай байсан Зүүнгар улсын хүн амын дийлэнхийг хядаж ердөө 120 мянган хүн үлдсэн гэсэн. Энэ хүмүүс хаачсан бэ?
-120 мянга гэдэг тоо бол нүүдэлчдийн хувьд тухайн үедээ бас л их тоо шүү. Хүн ардынх нь тавны нэг хоцорсон ч үлдэгсэд Дөрвөн Ойрадын орыг дарж, нэрийг авч, гал голомтыг асааж үлдсэн юм. Зүүнгарыг мөхөөсний дараа үндсэн нутаг дээр нь манжууд Шинэ хязгаар буюу Шинжаан мужийг байгуулсан. Тэнд Зүүнгарын мэдэлд байсан хасаг, уйгур, киргиз зэрэг ард түмнээр голлосон муж байгуулсан. Мөн харуулын албанд суулгахын тулд Өвөрмонголын гүнээс цахар, солон зэрэг ардуудыг аваачсан. Шинжаанд эхлээд 10 суман өөлд байгуулж л дээ. Бээжингийн ойролцоо олзлогдоод түр оршин суусан Дашдаваа гэдэг өөлдийн ноёны албатуудаар байгуулсан. Гэтэл жил ирэх тусам өөлдийн хүн ам ихэссэн. Учир нь уул хаданд дүрвэж гарсан, киргиз, хасагт очиж нуугдсан хүмүүс гарч ирж байсан тул шинээр хошуу, сум байгуулах хэрэг гарчээ. Одоо бол Нялхын, Монгол хүрээний, Эмээлийн, Тэхэсийн өөлд гэж хоорондоо ялгагддаг өөлдүүд Шинжаанд байна. Бид өмнө ярилцлагадаа ярьж байсан. 1771 онд Халимаг буюу Ижил мөрнөөс нүүж ирсэн ойрадууд болох торгууд, хошуудтай хамт дээрх өөлдүүд Шинжааны ойрадуудыг голчлон бүрдүүлдэг гэж.
- Олзлогдоод манжийн гүн рүү явсан ойрадуудын хувь заяа хэрхсэн бол?
- Манж улсын бүтээн байгуулалтанд дайчлагдсан байна. Муу амьсгалтай Хөх мөрөн муж зэрэгт нутаг заагдснаас гадна албат боолоор тарсан нь олон гэдэг. Саяхныг хүртэл өвөр монгол, халхын нутагт гэрийнхээ өрх эсвэл үүд хаалга, хаяа хатавч дээрээ хөх голдуу бөсөөр тэмдэг тавьсан айлууд их л байсан. Ухаан нь нэг баатар гарч ирж тэр тэмдгээр нь таньж цуглуулж авна гэдэг домогт итгэж тэр шүү дээ.
-Манай баруун аймгийнхан ч гэсэн Зүүнгар улсын хойч үе биз?
-Тийм ээ. Алтайн уулс, түүний зүүн талаар нутаглагсадыг түүх бичлэгт Монголын ойрадууд гэдэг. Тэд бол Зүүнгар улсын ард иргэд. Өнөөдөр Монголын баруун хэсэгт ойрадын соёл түүхийн салшгүй хэсэг болсон ойрад угсаатны 11 бүлэг байна. Үүнийг дээшээ хөөгөөд үзвэл Ойрадын үндсэн таван аймаг болох цорос, дөрвөд, хойд, хошууд, торгуудын үлдэгдэл байгаа юм. Цорос аймгийн үлдэц хойч буюу тэдний шууд удирдлагад байсан өөлд, алтайн захчин, алтайн урианхай, мончок урианхай нар байна. Торгууд, хошууд аймгийн хойчис тэр нэрээрээ байна. Дөрвөд аймгийн хойчис, тэдний бүрэлдэхүүн дөрвөд, баяд, хотон гэсэн гурван угсаатны бүлэг байна. Хойд аймгийн хойчис нилээд тархмал бий. Хойдууд гэдэг нэрээрээ ч бий, бас засгууд гэдэг нэртэй, мөн мянгадууд бол тэдний хойчис. Эдгээр угсаатнуудын гарал ирэл нь өөр өөр боловч улс төрийн болон удирдагч гол ноёдоороо гол таван аймагтайгаа холбогддог юм.
-Тэгвэл эднийг тус тусад нь тодруулах уу. Манай уншиг-чидад ч сонирхолтой байх?
-Тэгье ээ. Дөрвөд, баядууд 1753 онд буюу Зүүнгарын дотоодод болсон бослого, хаад ноёдын тэмцлээс үүдэлтэйгээр анх наашаа орж иржээ. Зүүнгарын хаан ширээний төлөө Даваач, Нэмэхжаргал нар хоёр тал болж тэмцэлджээ. Тэд байлдахын тулд хоёул дөрвөдийг өөрийн талд татахыг хичээж байсан. Гэвч Даваач хаан Дөрвөдийн голлох том ноён Дашийг хэрэг хэлэлцэх нэрээр уулзаад өөрөөс нь урвалаа, дэмжсэнгүй хэмээн хилсээр хороосон байдаг. Дөрвөдүүд "цаашид яах вэ. Хааны ширээний төлөө тулалдаж байгаа хэнд нь туслах вэ” гэж ярилцаад Алтайн нурууныхаа өвөрт байсан тэд хойд талд нь гарч дайны хөлөөс зугатахаар шийдсэн. Тэгээд 1753 онд Үенч, Бодончийн даваагаар наашаа давж орж иржээ. Энэ үеэр нь манжууд тэднийг олзолж, голлох ноёдынх нь ар гэрийг барьцаанд авч, биеийг Бээжинд аваачсан. Энэ нь дөрвөдийн ноёд манжид бууж өгөх алхам болсон байдаг. Дөрвөдүүдийг гурван Цэрэн ахалж Манжид орсон гэдэг. Яг голлосон ноёд нь Сэвдэй, Абу бууч нар. Дөрвөд нь дотроо гурван хэсгээс бүрдэнэ. Зүүнгарын цагт гурван "Анги” байсан, тэдний үргэлжлэл. Хожмын дөрвөдийн зүүн гар болох Далай хан аймгийг Цэрэн, баруун гар Зоригт хан аймгийг Цэрэн-Увш, баядыг Цэрэнмөнх нар удирдаж байсан юм.
-Эдгээр нь Зүүнгар улсын хаахна нь суурьшиж байсан юм бол…
-Дөрвөд, баядууд Зүүнгарын нутагт байхдаа Алтайн өврөөс эх авдаг Эрчис мөрний урсгал дагуу, Зайсан нуурын ар талаар тариа тарьж, мал адгуулдаг баян чинээлэг аймаг байсан. Баядууд наад талаар нь Алтайн урианхайтай залгаж нутагладаг байсан. Монголын баядууд өөрсдийгөө "Бид ойрадууд юм уу, Бид зүүн талаас ирсэн юм биш үү” гээд байдаг. Тийм биш ээ. Миний мэдэхийн сүүлийн таван зуун жилийн түүхэнд дөрвөд, баяд хоёр нэг дор байсан. Хамгийн гол нь баяд, дөрвөдийн ноёдууд бол нэг угсааныхан. Буу илдэнгийн харьяат нь баяд, Далай тайшийнх нь дөрвөдүүд. Далай тайш, Буу илдэн гэдэг ах дүү хоёр бол Эсэн хааны үр удам. Дээрээ Цорос аймгийн ноёдтой нэг эцэгтэй гэсэн үг. Цоросын ноёд гэвэл Галданбошгот, Галданцэрэн нар шүү дээ.
-Баяд, дөрвөд бол эртний монгол аймгууд биз дээ. Яагаад Ойрадын дунд орчихов?
-Ойрадууд бол Монголын уугуул овог аймгуудын нэгдэл. Хэл соёл, язгуур нь бүгд монгол. Улс төрийн шалтгаанаар л Ойрад гэдэг нэрийн дор улс гэр байгуулж, соёлыг бүрдүүлж бие даасан түүх бүтээсэн хүмүүс. Ойрад соёлыг бүрдүүлэгч нь баяд, дөрвөд, захчин, торгууд гээд олон аймаг байна. Баяд, дөрвөд хоёр нэг угсааныханд захирагдаж ирсэн нэг түүхтэй ард түмэн. Дотроо овгийн давхцал ч их байдаг. Ер нь ах дүү төрөл аймгууд. Дөрвөдүүд нь нирун, баяд болохоороо дарлиган язгууртай. Хоёулаа л эзэн богд Чингис хааны харьяатын үр сад. Түүхэнд толгой аймгаараа дөрвөд гэдэг нэрээр явж ирсэн. Саяхнаас дөрвөд, баяд гэж ялгараад байна. Эд 1753 онд Алтай давж орж ирээд Манжид баригдан Манжийн албат болов. Гол ноёдод нь манжууд цол хэргэм өгч, хошуу чуулган хуваасан. Тэгээд одоогийн Баянхонгор аймгийн нутаг дахь Түйн гол, Заг, Байдрагийн бэлчирт нутаглуулсан. Дөрвөдүүд тариа тарьж үзсэн боловч тэндэхийн газар хатуу байсан учраас аж ахуй, эдийн засгийн хувьд хэцүү байдалд оржээ. Тэгээд Манжид өргөдөл өгч "Биднийг хуучин нутаг, Алтайд маань буцаагаач ээ. Эсвэл Ховдын их арлын орчим суурьшуулаач” гэсэн. Хариуд нь Их арлын орчимд сууж болно гэсэн хариу өгсөн. Тэд баярлаад нүүж байтал Зүүнгар улсад бослого гарчээ. 1755 оны Амарсанаагаар тэргүүлүүлсэн алдарт бослого. Тиймээс манжууд дөрвөдүүдийг Зүүнгартай нийлүүлэхгүйн тулд дахин Хангай руу буцаасан. Энэ мэт наашаа цаашаа явсан их үймээнд дөрвөдүүд туйлдан ядарч эхэлсэн. Хоёр жил тэднийг энд тэнд нутаглуулж байгаад 1757 онд Увс нуурын орчим суулгасан түүхтэй. Өнөөдрийн Увс аймгийн ихэнхийг тэд бүрдүүлж байна. Баян-Өлгий, Ховдод нэг хэсэг бий. Дөрвөд, баядын үр хойчис нь өвгөд дээдсийн ядан зүдэн амьд үлдэх эрхийн төлөө тэмцсэн тэмцлийг ойлгож түүх соёлоо ариунаар мандуулаасай гэж хүсэх байна. Дөрвөдийн дотор бас хотон угсаатан бий. Хотонгууд өөрсдийгөө Галданбошготтой холбодог. Галданбошгот манжтай байлдахдаа Оросоос их хэмжээний цэргийн тусламж авлаа гэж сүр бадруулжээ. Манжийн элч ирэхэд замын хоёр талаар хотон цэрэг зогсоожээ. Өндөр хамартай тэднийг хараад манжууд үнэмшиж, Галдантай байлдаж чадахгүй тав зургаан жил болсон гэдэг яриа бий.
-Хотонгуудын гарал нь хаанаас үүдэлтэй хэрэг вэ?
-Хотон бол Тэнгэр уулын өмнөөс гаралтай ард түмэн. Зүүнгар улс уйгар, киргизыг өөртөө нэгтгэсэн улс байсан. Бас л Зүүнгарын ард иргэдийн үр хойчис гэсэн үг. Тариалангийн соёлтой. Одоо Увс аймгийн Тариалан суманд бөөнөөр амьдарч байна. Хөдөлмөрч, ажилсаг, эв найртай, дуутай хууртай ард түмэн. Дан ганц Галдангийн үед орж ирсэн гэж үзэж болохгүй юм аа. Овгийн бүрэлдэхүүн, аман уламжлалаас нь авч үзвэл хойно, хойноосоо нэмэгдэж ирсэн, бас дөрвөдийн нүүдэлтэй нэг хэсэг нь ирсэн, бас зөвхөн уйгар иргэд үзэж боломгүй. Монгол түрэг угсааны аймгуудын холилдсон хүмүүс гэлтэй. Өөрсдийнхөө уугуул хэл, соёлыг гээгээд дөрвөдийн соёлыг өөрийн болгож авсан. Ер нь дөрвөдийн уугуул соёлыг хотонгуудын дотроос хайхад илүүдэхгүй.
-Захчин аймгийн тухай ярих уу?
-Цорос аймгийн мэдэлд байсан аймгийн нэг нь захчин. Захчин бол Зүүнгарын Галданцэрэн хааны үед шинээр 12 отог байгуулахад үүссэн ард түмэн. Зүүнгар улс нь өргөжин тэлэхийн хэрээр шинэ отог байгуулж, засаг захиргаа, дотоодын бодлогоо чангаруулсны үр дүн нь Захчин. Хилчин гэсэн утгатай үг гэдэг. Захчингууд Тэнгэр уулын үзүүрээс Турфаны хотгор, Гас ам, Хами, Бархөл гээд хойшлоод Алтайн үзүүр хүртэл Манж, Ойрадын хилийг хамгаалах үүрэгтэй байгуулагдсан. Цоросын тайж Мамууд захчин отгийг толгойлж байв. Захчинг байгуулахдаа Дөрвөн Ойрадын дөрөв, таван аймгаас бүгдээс нь татаж оруулсан, нэг ёсондоо интернациональ аймаг. Овгийн им тамга, овоо тахилга, ураа дуудлага зэргээс нь харвал хошууд аймгийнхан нэлээд оролцсон байх. Дөрвөд, цорос, торгууд, хойдууд ч бий. Захчингууд хилийн дагуу сунаж байрласан хил манагч болохоор цаанаасаа хүн ардыг нэмж өгөн хүчийг нь байнга зузаатгаж байжээ. Манжууд Ойрадыг эзлэхийн тулд их хэмжээний цэргийн хүчээр, олон замаар олон удаа дайрсан. Бид урьд нь тэмдэглэж байсан даа. 1719-1733 хүртэл хүчирхэг Манж өөрсдөө зардлыг нь дийлэхгүй болтлоо, хүчин мөхөсттөл ойрадтай байлдсан. Тэр их байлдаанд тэсч гарсан, голыг нь үүрсэн ард түмэн бол захчингууд. Манжууд "Захчин аймгийг буулгаад авчих юм бол бид Зүүнгарыг эзэллээ” гэж тооцож байжээ. Манжид баригдсан, эзлэгдсэн захчин бол тухайн үедээ тав хуваасны нэг нь. Бусад нь нөгөө л хядлагад өртсөн. Эднийг манжууд Улиастайн амбанд харьяалуулж байгаад Ховдын амбаны мэдэлд өгсөн. Тэр үеэс одоогийн байгаа нутагт нь суулгасан. Өнөөдөр Ховд аймгийн Зэрэг, Манхан, Мөст, Алтай, Үенч гэсэн таван суманд амьдарч байна. Ихэнх сурвалжид Алтайн захчин гэсэн байдаг нь амьдарч байсан нутгаар нь нэрлэсэн хэрэг. Бас хөрш аймгууд нь захчид гэдэг юм.
-Алтайн Урианхай бас цорос аймгийн харьяанд байсан уу?
-Цоросын мэдэлд байсан аймгуудын нэг нь Алтайн Урианхайчууд. Манжийн үед долоон хошуу байсны гурав нь мончок буюу тува урианхай, дөрөв нь монгол урианхай. Урианхайчууд эртний дарлиган аймгийн хойчис. Ойрадын үед Алтайн нуруунд амьдарч, Галданцэрэнгийн дүү Шуну баатарын хойчис захирч байжээ. Алтайн нуруу бол байгалийн том хил юм. Алтайн нуруунд 12 сүв буюу хүн давж болох даваа байдаг. Үүнийг л сэргийлж сахиж чадах юм бол хэн ч давж гарахгүй цайз юм. Урианхайчууд Алтайн нуруунд нутаглаж 12 сүвийг сахиж байжээ. Өндөр уулын бүсэд амьдарч байсан дайчин баатарлаг уламжлалтай ард түмэн. Эдний тухай нэг түүх байдаг. 1716 онд Зүүнгарын хаан Цэвээнравдан итгэлт жанжин их Цэрэндондовт цэрэг захируулж Төвдийг эзлэх дайн хийсэн. Тэр цэрэг хэн ч өмнө нь давж байгаагүй өндөр уулсыг давж Лхас хотыг хойд талаас нь дайрч эзлэсэн юм. Тэр дайчдын гол хүч нь урианхайчууд байв. Тийм л дайчин ард түмнийг 1755 онд манжууд эзлэн үслэгийн алба буюу булга, суусрын арьс бэлдэж өгөх үүрэгтэйгээр уул нутагт нь суулгаж Ховдын амбанд захируулжээ. Манжийн эсрэг тэмцсэний хариуд их хүнд албыг тэдэнд оноосон юм. Алба хүнд хэцүү байсан учраас Манжийн үед урианхайчууд ядуу хүмүүс болж хувирсан. Тэд бүр албаа дийлэхээ болиод хасагуудад газраа түрээсэлж, оронд нь булга суусрын арьс авч Манжид өгч байсан. Хасгууд нэмж суурьшсаар байгаад эцэст нь хасагт нутгаа алдав шив дээ. Алтайн урианхайчууд одоо Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Булган, Алтанцөгц, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан зэрэг суманд бөөнөөр сууж байна. Ихэнх нутагт нь Хасагууд ирээд сууж дээ. Мончок урианхай бол Тува нарын нэг хэсэг нь. Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт суманд байна. Тэд түрэг гаралтай ч өөрсдийгөө Зүүнгар улстай холбодог.
Цоросын аймгийн шууд удам бол өөлдүүд. Өөлд гэдэг бол ойрад гэдэг нэрийн манж хазгай дуудлага. Заримдаа нийт ойрадуудыг хэлнэ, зарим үед зөвхөн цоросыг заадаг, хоёр утгатай хэрэглэдэг нэр л дээ. Монголд өөлдүүд нэлээн тархмал суурьшсан. Хамгийн бөөн хэсэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байна. Цамбагаравын өөлдүүд, Дамбий тайжийн өөлдүүд гэж нэрлэсээр иржээ. Галдан хаан 1688-1697 онд халхын нутагт Манжтай дайн хийгээд ялагдсан. Хүн ард нь тал бүрт сарнисан. Нэг хэсэг нь Зүүнгарын улс руугаа буцаж, нөгөө нь манжид олзлогдсон. Манжууд олзолсон өөлдүүдийг Түйн голын орчимд, тэндээсээ нүүлгээд Халх голд, Хөлөнбуйрт, өвөрмонголын гүнд хүртэл энд тэнд суулгасаар эцэст нь Хангайн нуруунд, Сайн ноён аймгийн нутагт хатуу хяналтанд суулгасан. Тэднээс нэг хэсэг нь тасарч Цамбагарав уулын орчимд 1764 онд иржээ. Үлдсэн нь хоёр хошуу хүн ард Хангайн нуруунд байгаа нь одоогийн Архангай аймгийн Өлзийт, Хотонт суманд болон Өгий нуур, Батцэнгэлд нэг хэсэг байна даа.
-Баянхонгорт бас өөлдүүд бий байх аа…
-Баянхонгорт баахан өөлдүүд бий. Галданбошгот Манжтай дайлалдах цагт Халхын ихэнх аймаг хошуу говь гатлаад урагшаа нүүсэн. Халхын нутаг эзгүйрлээ гэсэн үг. Ганцхан Ламын гэгээн Лувсанданзанжанцаны харьяатууд нүүгээгүй гэдэг мэдээ бий. Учир нь Ламын гэгээн Галданбошгот хоёр багадаа Төвдөд нэг багшийн шавь нар байсан учир нүүгээгүй гэсэн яриа бий. Галдан Манжтай дайн хийж байхдаа ядарсан, зүдэрсэн, шархадсан олон хүнээ Ламын гэгээний нутагт үлдээсэн нь Баянхонгорын өөлдүүдийн нэг хэсэг гэж өөрсдөө ярьдаг. Тиймээс өөрийгөө өөлд гэж тодорхойлдог Тангадын Галсан гуай шиг хүмүүс нилээд бий. Лавтай бидний мэдэж байгаагаар Галдан өөрийнхөө ээжийн хойдын буянд зориулж тэр нутагт суварга босгож байсан байна. Ээж Юм-Ага хатан 1687 онд нас барсныг хүү нь хойноос нь буян үйлдэж байсан гэдэг. Энэ мэт зүйл саяхнаас тодорч байна даа. Ер нь өөлдүүд их тархсан байдаг. Дарьганга угсаатан үүсэхэд хүртэл оролцсон шүү дээ.
-Хойдуудын үр хойч Монголд байна гэсэн. Одоо хаана амьдарч байна вэ?
-Монголд гурван хэсэг газар Хойдууд байна. Хойд гэхээр Хойдын Амарсанаатай холбож ойлгож болно. Амарсанаагийн бослого дарагдсан гэдэг нь хойдууд устаж үгүй болов гэдэгтэй бараг адил сонсогдож байгаа биз ээ. Хойдын Дамиран тайж Дөрвөдийн гол ноён Цэрэнгийн хүргэн байжээ. Хадам эцгээ бараадан Дамиран, Лувсан гэх ноёдын хоёр хошуу Улаангомын хойгуур ирж суужээ. Одоо тэд өөрсдийгөө хойд гэдэггүй. Дөрвөд дотор уусаж, одоо бол Зүүн засгууд, Баруун засгууд гэж өөрсдийгөө нэрлэжээ. Дараагийн нэг хэсэг хойд нь мянгадууд. Энд Хотгойд гэдэг ард түмний талаар бас ярих хэрэгтэй л дээ. Судлаачид Хотгойдыг халх, ойрад хоёрын дундаас үүссэн гэдэг. Үнэхээр тийм бололтой, овог, соёл ёс заншил зэргээс нь харагдана. Оросын судлаачид саяхныг хүртэл тэднийг түрэг гаралтай гэж үздэг байсан. Сүүлийн үед судлаачид "Түрэг биш юм аа. Харин Хотгойдыг үүсгэсэн Алтан хан тэргүүтэй ноёд тува, хаказ, киргизыг эрхшээлдээ оруулах явцад түрэг гаралтай овгууд орж ирсэн юм байна” гэж үзэж байна. Хотгойдын үндсэн 6 отгийн нэг мянгадууд Чингүнжавыг баригдсны дараахан дарлагдаж байна, хавчигдаж байна гэж зарга мэдүүлж байгаад баяд, дөрвөдтэй нутаг солилцож Ховд голын хөвөөнд суусан юм. Тэднийг хойдын Их мянган гэдэг отгийн үлдэгдэл гэдэг бөгөөд одоо Ховд аймгийн Мянгад суманд сууж байна. Хотгойд угсаатан бүрдэхэд ойрадын хойд аймгаас оролцсон, сүүлд тасарч нүүсэн гэж багцлаад ойлгож болно. Говь-Алтай аймгийн Шарга суманд өөлд гэж нэрлэгддэг хүмүүс бий. Зэргэлдээ нутгийнхан л тэгж нэрлэсэн байх. Угтаа тэд бол хойдууд байгаа юм. Зүүнгарын үед наашаа орж ирсэн хүмүүс. Засагт хан аймагт хавсрагдсан хошуу.
-Торгууд, хошуудын тухайд…
-1771 онд Ижил мөрнөөс буцаж ирсэн ноёдын нэг Шэйрэн тайж. Ижлээс ирсэн торгууд, хошуудуудыг хоорондоо хол 5 газар хуваан суулгасны нэг нь Булган голын торгуудууд. Угтаа Шэйрэн тайж 1755 онд 10 мянга шахам хүн амыг дагуулан ижилийн Халимагт зугатаж очсон. Харин буцаад 16 жилийн дараа буцаж нүүж ирсэн нь энэ юм. Ховд аймгийн Булган суманд амьдарч буй торгууд угсаатан бол манжийн үед 2 хошуу байв. Бид тэдний тухай өмнө нь нилээд ярьсан шүү дээ. Тэдэнтэй хамт Буянхишиг гэдэг ноёноор толгойлуулсан хэсэг Хошууд ирж суусныг сүүлд хошуу болгожээ. Хошуудууд Ховд аймгийн Булган сумын Баянгол багт 80 орчим өрх буй. Монгол даяар бол нийтдээ 200 гаруй өрх байна гэж өөрсдөө хэлж байсан. Цөөхүүлээ учир бүртгэл сайн байгаа нь лавтай. Тэд 240 жил хамт суусан торгуудаасаа бас ялгагдана. Тусгай тахилгатай, овгоо эрхэмлэдэг тийм хүмүүс байна лээ.
Ийм л угсаатны 11 бүлэг байна. Бүгдээрээ ойрад соёл, зан заншлыг илэрхийлдэг ард түмэн. Манжууд Зүүнгарыг устгаад түүний нутаг дээр засаг захиргааны 2 томоохон нэгж байгуулсан нь Шинэ хязгаар буюу Шинжаан, нөгөө нэг нь Ховдын хязгаар. Ховдын хязгаарыг нийтдээ 32 хошуутай байгуулж байсан. Алтаннуурын урианхай 2 хошуу 1860-аад оны Орос-Манжийн хил тогтоолтоор хилийн цаана гарчихсан, тэлэнгэдүүд шүү дээ. Хан хатны урианхай ч гэдэг. Тэд Ховдод хамаагүй болсноор 1925 он хүртэл нийт 30 хошуу Ховдын хязгаарт байлаа.
-Манжууд Ховдын хязгаарын тухайд ямар бодлого барьж байсан бол?
- 1762 онд Ховдын хязгаар гэж байгуулан Ховд хотыг шинээр Буянт голын хөвөөнд барьсан. Манжууд дарангуй цэрэг суулгаж засаг захиргааны нарийн зохион байгуулалт хийсэн. Ард иргэдийг хошуунаасаа гарах эрхгүйгээр хатуу хяналт тавьсан. Манжууд тэднийг нэгдчих вий гэдгээс их айж байжээ. Ховдод манж ногоон тугийн цэргийг байнга байрлуулж харгалзан, сэргийлж байлаа. Манжийг эсэргүүцэн 100 жил байлдсан хүмүүсийн үр сад учраас эмээх нь аргагүй юм л даа.
-Ойрадуудаас сэргийлж ямар арга хэмжээ авч байсан бол?
-Хамгийн түрүүнд тэдний нум сумыг хураасан. Дөрвөд нутгийн овоог засч янзлах ажлаар би хэдэнтээ явж байсан. Овооны голоос сумны зэв маш ихээр гардаг. Олон янзын хийц хэлбэртэй, XVIII зууны үеийн байлдааны зэв. Хүмүүс нандин зүйлээ овоонд өргөдөг шүү дээ. Ойрадуудаас Алтайн урианхайчуудыг нум сумтай нь үлдээсэн байдаг нь үслэгийн албатай холбоотой. Одоо зөвхөн Урианхайд сурын харваа, нум сумын ойлголт үлдсэн юм.
Ховдод манжийн хааны хөрөнгөөр Түгээмэл амаржуулагч хэмээх том сүм байгуулсан. Олны дунд Ховдын шар сүм гэж алдартай болсон. Өмнө талд нь 4 үсгээр бичсэн гэрэлт хөшөө босгосон байжээ. Хөшөөнд амар тайван байхыг сургасан үг бичсэн байдаг. Ховдын хязгаарт сүм хийд, лам нарын тоог эхэн үедээ хатуу барьж байв. Ойрадуудын дунд хутагт хувилгаан тодруулахыг хориглосон. Нэг тугийн дор, нэг хүчирхэг хүний дор нэгдчих гээд байсан учраас ийм бодлого барьсан л даа. Ойрадууд хутагтай болох гэж Банчин богдод олон удаа хандсан гэдэг, зөвшөөрсөнгүй. Халхад бол хутагт хувилгаад олон тодорсон байдаг шүү дээ.
-Зүүнгар улс мөхөөд Манжуудад бууж өгч, дагаар орсон улс гэж Ховдын хязгаарын ойрадуудыг ерөнхийд нь ойлгож болохгүй юм байна!
-Манай түүх бичлэгт энэ үеийн түүхийг бичихдээ голдуу манж, хятадын түүхийн баримт сэлтийг гол болгоод доторх үгүүдийг нь ашиглаад байна. Бид хоорондоо хамгийн муу санаагаар хийгдсэн, эсвэл муухай сэтгэл, ёс заншлыг манж арга, манж зан гэх зэргээр жигшин хэлэлцэж, ярилцдаг. Хорон муу санаатай манжууд ойрадуудыг зүсэн муугаар харааж, өөрсдийн хийсэн үйлээ зөвтгөн бичдэг. Тэнгэрийн хүмүүжүүлэх, түвшитгэн тогтоох, эзний хишиг хүртээх гэх зэргээр аллага хядлагаа зөвтгөнө. Дагаж оров, хишиг хүртэв, бууж өгөв хэмээн нэрлэж аргагүйдэн мухардаж амь насаа хадгалагсадыг гоочлоно. Монголын ойрадууд Манжид зүгээр л буугаад өгсөн ард түмэн гэж ойлгож болохгүй. Бүх талаар тэмцээд бараагүй юм. Энд нэг жишээ дурдъя. 1756 оны үед дөрвөдийн Батболд, Бүдсэн, Мөнхболд, Буянтөгс тэргүүтэй долоон ноён хуучин нутаг руугаа зугатсан байна. Илийн голд манжууд хөөж ирээд тэргүүлэгчдийг нь хороож, малыг нь хураан, хүн ардыг нь тараасан. Цэрэгт нь явахгүй гэсний төлөө дөрвөдийн Нэмэх тайжийг Бээжинд аваачиж хороогоод албат ардыг тарааж хаяжээ. Хүч нь бөөгнөрөөд байна гэж үзээд дөрвөдийн Басан тайжийг Хөлөнбуйрт аваачиж суулгасан гэх мэт харгис бодлого барьж байсан болохоор аргагүйн эрхэнд номхорсон байна. Тиймээс зүгээр л бууж өгөөд, дагаар ороод байсан юм биш. Ноёдын ар гэр, үр хүүхдийг нь дандаа барьцаалдаг. Үр хүүхэд, гэр бүлээсээ хол байж байгаад нас барсан ноёд ч олон байна. Алтай давж ирсэн энэ хүмүүс шинэ нутагт идээшихгүй их хэцүү байжээ. 1758 онд Баядын Баран, Мөнхтөмөр тэргүүтэй 6 тайж Алтай нутгаа санав гээд оргож яваад баригдаад алуулж, албат иргэдийг нь ийш тийш тарааж байх жишээтэй. Тэдний дуу хуурын аялгуунд нүүдэл суудал, өвгөд дээдсийнхээ баатарлаг эх оронч тэмцэл, хуучин нутгаа санасан утга агуулга их бий. Ойрадад 360 эхтэй дуу байна гэдэг. Давхцахгүйгээр шүү дээ. Нутаг ус, ард үлдсэн ах дүүгээ санасан дуунууд зонхилно.
"Илийн шар тохойд
Инзагатай марал идээшлэнэ
Инэг бичхэн чамдаа
Ирээд ирээд золгоно” гэдэг Или голоо санасан дуу байна. Хуучин нутаг болох Эрчис мөрөн /ойрадууд Ээвэн гол гэдэг/, Или, Тэхэс нутгаар би явж байсан. Өндөр, мөнх цаст уулс, уулсын дундах ногоон хөндий, түргэн бөгөөд ус ихтэй голууд. Илийн хөндий бол шаасан гадас ургах газар. Санахаас өөр аргагүй нутаг юм байна лээ. Одоо хүртэл уйтгарлан дуулах дуунд нь дайтаж, байлдаж, зовж явсан зураглал бэлхэнээ бий.
"Тэхэс голын усан
Тэмээний хүзүүгээр тагпна
Тэнцүүрээд суугсан ах нар
Үүхэн сархадаан чилээгийт” гэсэн гуниг уйтгарт тэдний дуу миний чихэнд сонсогдох шиг болдог юм.
-Ийнхүү Ховдын хязгаарт Манжууд Ойрадуудыг суулгажээ. Тэднийг ирэхээс өмнө Ховд, Увс нуурын орчим ямар аймаг амьдарч байсан юм бэ?
- Энэ бүс нутагт 1502 он хүртэл ойрадууд сууж байв. Ойрадууд цаашлаад Алтайн нуруу Тэнгэр уулын хооронд, баруунш Балхаш нуур хүртэл нутаглаж байсан. Ховд орчмын нутаг Галдангийн үед ойрадын мэдэлд лавтай байсан. Дараагаар Манжийн мэдэлд нэг хэсэг байлаа. 1733-1739 онд Ойрадууд Манжтай хил тогтоох гээд нэлээн маргаан болсон. Эцэст нь 1739 онд хил тогтоохдоо Алтайн нурууны зүүн талын нутгийг "Султгах газар” болгосон. Өөрөөр хэлбэл хоёр талаас хэн нь ч нутаглахгүй гэсэн утгатай. Тиймээс 100-200 км-ын өргөнтэй хүн ард нутагладаггүй бүс байжээ. Тийм нутагт л ирж сууж дээ.
-Ховдын хязгаарын газар нутаг нь XX зуун хүртэл байгуулагдсан хэвээрээ байсан уу?
- Манжийн ноёрхлын сүүлчээр Ховдын хязгаарт Оросын нөлөө их болсон. Консул суудаг, худалдааны пүүс олон болсон. Алтайн өвөр, баруун биеийг багтаасан их том нутагтай байсан юм. Ховдын хязгаарт Оросын нөлөө ихсээд ирэхээр манжууд сэргийлж 1907 онд хоёр хувааж, Алтайн, Ховдын гэсэн алтайн нурууны наана, цаана хоёр хязгаар болгон, тусад нь амбан захирагч суулгасан. Үүнээс болж олон жил ойрадууд наашаа цаашаа нүүдэл, суудал болсон. Үүний хор уршиг 1940-өөд оны сүүл хүртэл мэдэгдсэн шүү дээ. "Үхэхдээ үхэр буугаа тавив” гэгчээр манж сөнөхдөө хүртэл ойрадад хор хийсээр түүхийн тавцангаас буусан даа.
-Одоо Монголд хичнээн Ойрад монголчууд байна вэ?
-Монгол Улсад албан баримтаар 300 мянган ойрад монголчууд бий. Зарим судлаачид 400 мянга гаруй байна гэдэг. Хүн амын тооллого үндэс угсааг зөв тодорхойлж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хамгийн олон тоотой нь дөрвөдүүд 100 гаруй мянга байна. Баяд 80 мянга гаруй, 30-аад мянган захчин байна гэх мэт. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдахад Ховдын хязгаарын 30 хошуу бүгд өргөдөл гаргаж Монгол улсдаа нэгдсэн. 1911 оны хувьсгалын нэг гол үр дүн өнөөгийн Монголын дүр төрх бий болсон явдал шүү. Тэдний зарим өргөдөлд "Хойчийн өдөр ац учир үгүй” гэсэн байдаг. Хойчийн өдөр хоёр санаа агуулахгүй гэсэн үг. Хариуд нь "шашин соёл, үндэс угсааг чинь хамгаална. Чингисийн монголчууд нэг туурга дор үүрд аж төрнө” гэсэн сайхан үггэй зөвшөөрөл Богд хаанаас хэлсэн. Тэр ерөөлөөр Монголын ойрадууд улс Монголынхоо төлөө хүчин зүтгэсээр иржээ.
Ярилцсан Д.ОЮУНТУЯА
"Өдрийн сонин”№ 140 (3217) 2009.06.08