|
Видео

Шинэ мэдээ

Богд уулын “Нууц товчоо”

 Богд уулын “Нууц товчоо”Бидний багш хэл бичгийн ухааны доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш ”Монголын шинэ түүхийн эрэл сурал, сэжим сэжүүр бүр Өндөр гэгээн рүү очно” хэмээн хэлдэг байлаа. Түүн лүгээ адил Богд уул ч гэсэн өөрийн байр суурь, нэр хүнд, өөрийн нууц товчоотой. Нийслэл гэсэн үг монгол хэлэнд ойртол нягтрал, найрсал, эвийн зангиас гэж хүртэл тайлсан нь байдаг. Шинэ цагийн монголын түүхийг 1921 оноос бус 1699 оноос эхлэн тоолох ч түүхчид бий. Энэ нь юу вэ? гэвэл Монголын шинэ үеийн түүхийг Өндөр гэгээнээс эхлэн тоолж буй хэрэг юм. Тэртэй тэргүй Д.Сүхбаатар тэргүүтэн хийгээд өнөөдрийн ардчилагчид ч энэ хотыг буй болгоогүй. Харин энэ түүхийг үргэлжлүүлэгчид залгамж нь байлаа. Харин түүх хэрхэн эхлэв?
 
Монгол улсын төв цэг зүүн тийш 400 гаруй км хэлбийжээ. Тэнгэрийн од газарт буусан мэт хэмээн яруу шүлэглэлийн жишээ болж байсан Эрдэнэзуу хийд элс шороонд дарагдан үлдэв. Нэгэн цагт хүчирхэгжин мандаж байсан Халхын Түшээт ханыхан цогт эрдэнээ аван, зүг буруулан зугтах болсон шалтгаан нь харийн түрэмгийлэгчид бус харин гадныхны хатгаасаар элэг нэгтнээ уулгалан довтолсон Галдан бошигт байлаа. Галдан бошигтын энэ болчимгүй үйлдлийн түүхэн үр дагаварт бид Түшээт хан, Сэцэн хааны эзэмшил, бэлчээр, ан гөрөөний сав байсан Байгаль нуураа үүрд алдсан юм.  1699 онд Өндөр гэгээн тэргүүлэн Халхын ноёд өссөн төрсөн нутагтаа хөл тавив. Энэ удаад тэд манж нарын нэгэнт байгуулчихсан байсан цэргийн суурингийн ойр ирэв. Энэ бол бидний өнөөдрийн хэлдгээр Амгалан хавьцаа. Ингээд Богд уулын Шажин хурахын аманд лам нар нь, Төр хурахын аманд ноёд язгууртнууд хуралдаж, нутаг хошуу, засаг захиргааны шинэ хуваариа батлав. Мэдээж хэрэг энэ бүх үйлсийг Богд хан уулыг бүрнээ шинжиж, түүнд үйлс хэргээ даатган залбирч, тахиж тавиглав. Тэд энэ уулнаас амар амгалан, хөгжил цэцэглэл эв нэгдлийг гуйсан билээ. Энэ түүх 1911 онд ч дахин давтагдсан бөгөөд мөн л ноёд нь Төр хурахын аман, лам нар нь Шажин хурахын аманд хуралдаж, Монгол улс тусгаар тогтнохоор шийдсэн юм. Анх удаа өдгөө Төмөр замынхан наадмаа хийдэг Хонхорт эрийн гурван наадам хийж, Өндөр гэгээнд даншиг өргөв. Мөн энд анх удаа шагай харваж, Хонхорын нуурын тойром гарав. Мөн энэ л уулыг түшсэн наадам цэнгээнээс монгол бөх өнөөгийнхөө дүрмийг тогтов.  Богд уулыг тайж тахих, даатгах залбирах явдал тогтмол боллоо. Хүрээ сайд Юндэндоржийн өргөн мэдүүлснээр Манжийн хаан зарлиг гарган, анх түрүүн Богд уулыг тахих болов. Тахилгад Халхын ноёд бүгд оролцох болсон бөгөөд энэ нь тэдний уулзаж, хоорондоо ойлголцох цорын ганц боломж байлаа. Энэ үед дөрвөн уулын сав газрыг хятад шинжээчээр шинжүүлэхэд: "Энгэр газар нь хүүрээр дүүрнэ Хотгор газар нь шавраар дүүрнэ Үүрээд даахгүй  Үлээгээд хийсэхгүй их новштой газар болно” хэмээн хэлжээ. Ийм ч шинжээний улмаас хүн малын хөлд бэлчээр нутгийг нь талхилуулахгүй хэмээн үе үе нүүж явсан байдаг. Манжийн хааны тахилгын бичигт "Богд уул чамд хан цол өгье. Чи бол Зуун модны тулаанд онц гавьяа байгуулж, цэргийн түшиц болсон онц гавьяатай төдийгүй Халх Монголоос татварлан авдаг агт морьдыг хураах 72 хошууны төв зангилаа учир” хэмээн онцлон тэмдэглэжээ.
 
Энэхүү тахилгын бичгийг шар торгон дээр бичин, тахилгын үед галд шатаан тэнгэрт өргөдөг байжээ. Амгаланбаатар гацаа байгуулагдсанаас хойш II Богдын шарилыг хадгалах Дамбадаржаа хийдийг босгов. Яваа яваандаа энэ бол Манж чин гүрэн болоод Орос улсын харилцааны чухал зангилаа болов. Өнөөдрийн Улаанбаатар хотоос Эрхүү хот ортол 1400 километр орчим. Тэхий дунд нь Улаан-Үд хэмээх суурин буй болов. УБ хотоос Бээжин хүртэл 1400 орчим километр. Тэхий дунд нь Замын-Үд хэмээх өртөө буй болов. Одоо их мэдэгчид үүд хаалга аятай Замын-Үүд гэж бичих болжээ. Богд хан уулыг дархалж, бэлчээр нутаг сав газрыг нь ч хамгаалсаар... Богд уулын бараа харагдах газар, амьтны амь таслах, хүн цаазаар авахыг хориглож, ургамал бэлчээр, ан амьтныг нь хамгаалав. Халхын Их хүрээг ч лам нар Дэмчиг бурхны 24 орны нэг, Ханд хажидын орон, дагинас охин тэнгэрүүдийн заларсан дагшин газар хэмээн далай их монгол нутагт зарлан тунхаглав. Барга нар ирж, өөрсдийн аймгийг байгуулав. Сүм хийдүүдийг сүндэрлүүлэн босгож, хот мандалын хэлбэртэй тойрог хэлбэртэй архитектор бий болгов. Үүний улбаа нь одоо ч Их тойрог, Бага тойрог гэсэн нэртэй гудамжууд үлджээ. Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог энэ бурхны хот руу эрдэмтэй чадалтай лам хувраг, эрдэнэстэй баялагтай улс цуглав. Хүрээний зах шиг баян тансаг зах байсангүй. Шүр сувд, ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч байсан гэдэг. Өнөөдрийн Нарантуул бол хажууд нь гуйлгачингуудын зах шүү дээ.  1911 оны Богд хаант Монгол улс байгуулагдсан, Гамин Хүрээг эзэлсэн, Барон Унгерн Хүрээг гамингаас чөлөөлсөн, Улаан Орос Хүрээнд орж ирсэн гээд цагийн байдал шалдар булдар, улирлын байдал ороо бусгаа болох бүрт Богд хан ууланд даатган залбирч өмөг түшгээ болгож, аврал ивээлийг нь хүртэж ирэв.  1923 онд VIII Богд Жавзандамба түүний амьдралын сүүлийн чухал шийдвэрүүдийн нэгийг  гаргав. Шашин төр 2 тусгаарлачихаад, салхи хаашаа ч эргэж мэдэх байсан үе. Богд хан ууланд "Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан” цол олгов. Нийслэл хүрээнээс Монголын хил хязгаар хүртэлх бүх уул усны ”Хаан” хэмээн өргөмжлөв. Төрөөс сайд томилон, лам хуврагуудаар ном хуруулах, бүхэл үхрийн мах 3, бүхэл хонины мах 15-аар тахиж, тахилгыг өргөн дэлгэр хийн, Монгол улсын хийгээд монгол түмний амгалан жаргаланг сахиж, гай барцадыг арилган, цаг бусын үхэл хагацал, өвчин тахлыг арилгаж, хур бороог цагт нь буулгаж, цэнгэлэн жаргаланд умбуулахыг хүсэн гуйдаг болов.  За ингээд үлгэрээ зогсоомоор байвч үлгэрүүд үргэлжлэнэ. Богд уулыг тойрон 2-3 өдөр гороолдог байв. Ингэж гороолвол 3 жилийн нас хайрладаг гэж итгэдэг байв.
 
1937 оны хэлмэгдүүлэлтийн үед ч энэ хууль хүчинтэй байв. Ялтнуудыг Богд уулын бараа харагдахгүй Шар хад, Хамбын овоонд цаазаар аваачиж байв. Саяхан хүртэл Хүрхрээд байсан зусланг коммунистууд татан буулгаж Богд уулыг хамгаалдаг байсан төдийгүй буга согоо Чингисийн талбайд амар амгалангийн суулт хийдэг байлаа.      Богд хаан уулын Нууц товчоо энэ юм. Угтаа Хан-уул дүүрэг биш Хаан-уул дүүрэг юм байгаа юм. "Богд уулаараа бойтогоороо өшиглөх” гэдэг үг бол Богд ууланд ээлгүй хандсан хүн яав ч сайнаа үздэггүй гэсэн утгатай. Н.Алтанхуяг сайд байхдаа Богд уул руу авирагчдад зориулж, сүүдрэвч, жорлон хүртэл барьж байсан байх. Үр дүнд нь Бурхан халдун таалаагүй төөрүүлсэн. Өрөвдөөд л амьд үлдээсэн л дээ. За тэр ч яахав. Хаврын тарчиг энэ цагт Богд уулаар хамаагүй битгий тэнээрэй. Амьтны нялх үр төл айж ичнэ. Шинэ засаг гараад хорьж цагдаж байгаа нь ч зөв. Богд ууланд оршин суугчдаас өндөр татвар авах хэрэгтэй. Тэр мөнгөөрөө ДАРХАН ЦААЗ-аа биш гэхэд амьтан ургамалыг нь судалж, хамгаалъя. Монголын бүх уул усны хаан энэ ууланд хүнээс гадна амьтад ч хүртэл амьдрах эрхтэй юм. Илүү дэлгэрэнгүй энэ бүхнийг үзэхийг хүсвэл Монголын Төвд судлалын цувралын XVII боть ”Газрын шинжийн судар” номоос эхээр нь үзэж болно. Зөвхөн Гандан хийдийн урд үүднээ байх ”Номуун соёл” дэлгүүрт л зардаг юм шүү.  Богд уулын ”Нууц товчоо”-г бодлын чагтага тасраад ийнхүү бичив.
 
Г.Ням-Очир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler