| |
Хил давж казино тоглодог жишгийг Х.Пүрэвсүрэн дарга үргэлжлүүлэв
Улсын сан хөмрөг улайж, цалин тэтгэврээ арай ядан тавьж, Засгийн газар нь хэрэндээ чардайж байгаа энэ цаг уед яам, агентлагийн дарга нар гадаадад томилтоор зугаалж, казино тоглосон шиг явна.
Тодруулбал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Х.Пүрэвсүрэн саяхан бололтой, гадаадын нэгэн казинод тоглож байгаа бичлэг сошиал ертөнцөөр тарсан нь шуугиан дэгдээгээд байна. Х.Пүрэвсүрэнгийн хувьд өмнө нь Сангийн яамны
Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг АН-ын квотоор хашиж байгаад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар очсон байдаг.
Тэрбээр, "Зоос” банкийг дампууруулсан хэрэгт нэр бүхий дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулсан нэг нь байсан юм. Харин мөрдөн байцаалтын явцад түүний гэм буруутайг нотлоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Монгол Улсын хуулиар дотоодод казино тоглох хориотой ч гадаадад очиж тоглож болохгүй гэсэн заалт байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд нэр бүхий зочид буудалд казино тоглож байгаад хууль хяналтын байгууллагад саатуулагдлаа гэсэн мэдээлэл мэр сэр гардаг ч тэгсхийгээд замхарсан тохиолдол цөөнгүй. Тиймдээ ч төрийн өндөр албан тушаалтнууд энэ мэт асуудалд орохгүйн үүднээс дотоодод гэхээсээ БНСУ, Сингапур руу хилийн дээс алхаж казино тоглох нь бий.
Харин энэ удаад тэдний жишгийг Х.Пүрэвсүрэн дарга үргэлжлүүлсэн бололтой. Хувь хүн, хууль ёсны газар нь очоод үйлчлүүлж байгааг буруутгаж боломгүй ч төсөв хүндэрсэн үед төрийн өндөр албан тушаалтан казино тоглоод явж буй нь ёс зүйн талаасаа байж болохгүй үйлдэл мөн үү гэвэл үгүй. Тэр тусмаа хаа хаанаа зардлаа танаж, бүсээ чангалахыг уриалах болсон эю үед улсын сан хөмрөгийг бүрдүүлэх учиртай яамны газрын дарга нь казино тоглох завтай яваа нь өөрөө ёс зүйн хувьд томоохон зөрчил юм.
С.Сүлд
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин