Тэгвэл 2020 оны тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар "Тавантолгой-Гашуунсухайт зэрэг төмөр замын царигийн асуудлыг "Нууцын зэрэглэл” бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн байна. Иймд иргэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тухай мэдээгүй өнгөрчээ.
Уг хаалттай хэлэлцсэн асуудал нь УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол юм. Тодруулбал, тус тогтоолд, "Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байжээ.
Гэтэл дээрх тогтоол нь "Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц 04 тоот дугаартай дүгнэлт гаргажээ. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авч, дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байгаа юм. Иймд төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөж, Тавантолгойн нүүрс "шороо боллоо” гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлж эхлээд байна. Магадгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулсан цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хардах иргэд ч цөөнгүй байна.
эх сурвалж: http://isee.mn/n/27397
