"Эрдэнэс Тавантолгой"-н охин компанийн удирдлагаар Х.Наранхүүг томилох тухай шийдвэр ТУЗ-д ирээгүй

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сард энэ талаар тайлбарлахдаа, "Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа. Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр зөвлөлдсөн. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Мөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мөн тэр үеэр "Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх тогтсон стандарт гэж байгаа. Монгол Улсын хувьд төрийн өмчит компаниа анх удаа гаргах гэж байгаа учраас дотооддоо бичиг баримт, нөөцийн мэдээлэл, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежментийн чиглэлээр тогтоосон дүрэм, журам, акт гээд бүх асуудлаа зохицуулах ёстой. Ингээд бүгдийг нь орчуулганд өгдөг. Олон улсын шинжээч, санхүүгийн стандартад нийцсэн хэлбэрт оруулдаг. Охин компани байгуулаад, охин компаниасаа IPO гаргаж, тэндээсээ хөрөнгө босгох хувилбараар түлхүү ажиллаад явж байна. Компани дээр олон улсын дөрвөн зөвлөх, санхүүгийн шинжээч, аудитын байгууллага ажиллаж байгаа. Охин компани байгуулагдсан тохиолдолд манай IPO хариуцсан нэгж болон гаднын байгууллагууд тийшээ шилжиж ажиллана" гэсэн.
Тэгвэл хэвлэлээр "Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсон тухай мэдээлэл гараад буй. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахад "Ийм мэдээлэл манай компанийн ТУЗ-д ирээгүй байна” гэсэн юм. Ингэхээр дээрх мэдээлэл албан ёсны болоогүй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS.MN
