|
Видео

Шинэ мэдээ

ҮЭ-ИЙН 101 ДЭХ ЖИЛЭЭ 101 ДЭМЖИГЧТЭЙГЭЭР УГТЛАА

 

ҮЭ-ИЙН 101 ДЭХ ЖИЛЭЭ 101 ДЭМЖИГЧТЭЙГЭЭР УГТЛАА

 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон анхан шатны ҮЭ-ийн хороодод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах идэвхтнүүдээ хууль эрх зүйн сургалтыг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын анхан шатны хороодын идэвхтэнүүд хамрагдсан байна. Тус холбооны дарга Б.Мягмартай энэ онд хийх ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа. 

-Итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд ямар үүрэг өгч байна вэ? 
-Ажлын байрны эрсдэлийг бууруулах, арилгахад ҮЭ-ийн сонгуультнууд итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн оролцоог хангах зорилгыг холбооноос тавьж байна. Тиймээс нэн түрүүнд тэдэнд байгууллага дээрээ ХАБЭА-н чиглэлээр хяналт тавих, санал санаачилга гаргах, зөвлөн туслах, шаардлагатай тохиолдолд ажил олгогчид шаардлага тавьж ажиллахад мэдвэл зохих эрх зүй болон практик жишээ бїхий сургалтад хамруулж байна. Энэ хїрээнд ХАБЭА-н чиглэлийн ажлыг аж ахуйн нэгж байгууллага дээр зохион байгуулах, эрсдэлийн үнэлгээг багаар хийх, эрүүл мэндийн салбарын хэмжээнд мөрдөж буй стандарт аргачлал, аюулгүй ажиллагаанд хувь хүний оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвээр мэргэшсэн багш нараар хичээл зааж батламж олголоо. 

-Энэ онд ямар ажил амжуулах гэж байна?
-Хөдөлмөрийн харилцаа, салбар, мэргэжлийн онцлог, түүнд тулгамдаж буй асуудлууд өдрөөс өдөрт огцом хувьсан өөрчлөгддөггүй шүү дээ. Тийм болохоор салбарын ҮЭ-ийн холбооноос ҮЭ-ийн байгууллагын үндсэн үүрэг болох гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж ирсэн болон салбарын ҮЭ-ийн холбооноос баримталж ирсэн бодлогоо чамбайруулан үргэлжлүүлнэ. Бид жил бүр тодорхой асуудалд бодлогоор анхаарч үйл ажиллагааны үндсэн чиглэлдээ тусган хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил Эрүүл мэндийн ажилтныг эрдэслээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээндээ чамлахааргүй үр дүнд хүрсэн. 

-Тухайлбал: 
-Эмч эмнэлгийн ажилтнууд бусдыг эмчилж эдгээгээд өөрсдөө өвчилж эргээд халдвар "дамжуулагч” болж байгаа эмгэнэлтэй, харамсалтай жишээ сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтанд бий болсон нь нуух аргагүй зүйл. Тиймээс манай холбооноос энэ байдалд дүгнэлт хийж гишүүдээ, сүрьеэгийн эмч мэргэжилтэн, ажилтнаа ажил үүргээ гїйцэтгээд, ажлын байрнаасаа халдварт өвчин авдаг байдлыг бууруулья, арилгая тэдний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллахаар өнгөрсөн жилийн үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Энэ хүрээнд аймаг, дүүргүүд болон ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн зарим сүрьеэгийн тасгуудаар явж эмч, ажилтнуудын ажиллах нөхцөлтэй газар дээр нь танилцсан. Тэгэхэд манай тасгийг халдвартай гээд эмнэлгийн дарга ч орж ирдэггүй гээд нулимс гаргах хүн ч байсан. Тиймээс үндэсний хэмжээнд энэ мэргэжлээр, энэ тасагт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг хамруулсан улсын хэмжээний зөвлөгөөнийг бид санаачлан зохион байгуулсан. Оролцогчид тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж холбогдох албаныханд шаардлага, санал хүргүүлж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан. Улмаар энэ чиглэлийн ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэхээр салбарын хэлэлцээртээ тусгаж, Засгийн газрын тогтоол гарснаар тэдний цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн.

-Энэ нэмэгдэлд нийт хэр хэмжээний мөнгө төсөвлөсөн бэ?
Уг нэмэгдэлд зориулж 2017 онд 436 сая, 2018 онд 1,2 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгуулсан. 

-Чамлахааргүй амжилт. Гэвч тэд дахиад цалингаа нэмүүлэх хүсэл байсаар байх шиг?

Цалингаа нэмүүлэх тєдийгүй хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага зөвхөн манай салбарынхны хүсэл биш ажил хөдөлмөр хийж байгаа хүн бүрт л байгаа шүү дээ.

-Энэ онд ямар ажилд түлхүү анхаарах вэ?
-Энэ талаар бид ирэх 7 хоногт тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Салбарын ҮЭ хүчирхэг байхын үндэс нь анхан шатны хороод ажлын туршлага, санаачилгатай байх явдал. Анхан шатны хороодынхоо үйл ажиллагаа, чадавхийг нэг түвшинд хүргэх, идэвхтэн сонгуультнаа цаг үеийн мэдээллээр хангах, гишүүддээ хүрч ажиллах ажлыг төлөвлөж хийнэ гэж бодож байна. 
Салбарын ҮЭ-ийн холбооны 2017-2020 оны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудаа хэрэгжүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөлийг хангах, хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох тєдийгүй, улсын болон салбарын хэлэлцээрт туссан олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. 

-Та МҮЭХ-ны ээлжит XXII их хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Та мөрийн хөтөлбөртөө анхан шатны хороодын дарга идэвхтнээ өмгөөлөн хамгаалах талаар заасан байсан. 
МҮЭХ, салбар аймаг гээд аль ч ҮЭ оршин тогтнох үндэс нь анхан шатны ҮЭ-ийн хороо хүчирхэг байх. Гэвч хүчирхэг байна гэдэг нь ямар байхыг хэлж байгаа гэж та бодож байна. Анхан шатны хороод гишүүдийн тоо, ажилтнуудын цалингийн хэмжээнээс хамаараад санхүүгийн хувьд харилцан адилгүй. Гэхдээ бүх гишүүдийн татварын 70 хувийг анхан шатандаа зарцуулдаг. Гэхдээ хөрөнгө мөнгөний хувьд хүчирхэг бие даасан байх боломж байхгүй гэдэг нь тодорхой. Үүнээсээ болоод ҮЭ-ийн ажил, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах ажилдаа өөрийгөө бүрэн зориулсан идэвхтэн сонгуультнууд ажил амьдралаараа хохирч үлдэх нь элбэг. Тэр бүр гомдлоо гаргаад байдаггүй ч бусдын төлөө ажилласныхаа төлөө ажил олгогчид нүд үзүүрлэгдээд зогсохгүй дарамтлуулж ажлаасаа халагдаж байгаа тохиолдол байна. Ийм тохиолдолд ажил олгогч дарамтлалаа гэж нотлох аргагүй ч бодит байдал тийм л байгаад байдаг жишээ олныг дурьдаж болно. Зарим анхан шатны хороодын дарга нар ийм төрлийн гомдлоо аймаг салбарынхаа ҮЭ-ийн удирдлагад гаргаж улмаар үл ойлголцоход хүрч байгаа тохиолдол ч бий. Үүнийг шийдвэрлэх арга зам нь эрх зүйн хувьд ҮЭ-ийн эрхийн тухай хуулиар ерөнхий бий. Харин МҮЭХ-г бүрэлдүүлж байгаа эд эс нь анхан шатны хороод учраас МҮЭХ тэдний өмнө үүрэг хүлээх ёстой. Энэ талаар том зорилго тавьж үе шаттай хэрэгжүүлэх гарцыг олж харж байгаа учраас МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

-Идэвхтэн сонгуультны нийгмийн асуудлыг шийдвэрлэх МҮЭХ-ны тэргүүлэгчдээс гаргасан 1990-ээд оны тогтоол байдаг шүү дээ? 
-Тиймээ. Гэвч тэр тогтоолын дагуу тэтгэмж авсан идэвхтэн сонгуультан хэд байдаг юм бэ. Анхан шатны хороодод ажиллаж байгаа сонгуультан байтугай аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга нар маань ч тэр тогтоолын хүрээнд нийгмийн баталгаагаа хангах боломж байхгүй шүү дээ. Энэ талаар ээлжит бус XXI их хурлын төлөөлөгчид хэлж л байсан. Тогтоол бий хэрэгжүүлэх боломжтой л гэсэн хариултыг их хурлын индрээс дарга нар хэлж байсан. Бид үйл ажиллагаагаа чадавхжуулья гэвэл чадварлаг боловсон хүчинтэй байх ёстой. Чадварлаг хүнтэй байя гэвэл тэдний өмнө МҮЭХ үүрэг хүлээх хэрэгтэй. 

-Сонгуульд ялагдсан болохоор мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байхгүй байх. 
-Хоёргүй сэтгэлээр дэмжиж байгаа олон хүний итгэлийг дааж явахын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгосон. Би ялагдсан гэж бодохгүй байгаа. Харин ч хувь хүнийхээ хувьд МҮЭ хэмээх их айлын хувьд шинэ зуун буюу 101 дэх жилийг би гэдэг хүн 101 дэмжигчтэйгээр угтсанаа бэлэгшээж байгаа. 

-Таныг улс тєрчидтэй тухайлбал С.Ганбаатартай холбоотой гэсэн яриа гарч байсан. МҮЭХ-ны зарим удирдлагатай холбоотой санхүү, өмч хөрөнгийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэж байсан. Захиалагч нь таныг гэж МҮЭХ-ны зарим удирдлагууд хэлж байсан. 
-Мягмар улс төрийн аль ч хүчний дэмжлэггүй, улс төрөөс ангид ҮЭ-ийн л ажилтан гэдгийг хүмүүс мэдсэн шүү дээ. Ганбаатар ч МҮЭХ-ны нэг үеийн л удирдагч. Түүнээс зарим хүмүүс яагаад тэгтлээ цэрвээд байгааг би мэдэхгүй ээ. Сонгуулийн үеэр үл ойлголцол байсан ч МҮЭХ ээлжит их хурлаараа хөгжлийн зорилтоо баталсан. Бид бүгдээрээ түүнийг хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагааны чиглэлээ болгох үүрэгтэй. Тиймээс одоо хэн нэгнийг миний эсрэг ажилласан гээд гомдоллоод байх бодолгүй байна. Эмэгтэй залуу хүнийхээ хувьд эмзэглэмээр зүйл олон байсан ч гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь МҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн, салбарын ҮЭ-ийн холбооны дарга хүний ёс зүй, үүрэг шүү дээ.

-МҮЭХ-ны удирдлага орчин үеийн ҮЭ түншээд ярилцах хэлэлцэх л чухал. Жагсч хашгирах нь "хоцрогдсон” гэх нь шахуу юм яридаг шүү дээ. Танай салбарын ҮЭ их жагсдаг. 
-Та буруу ойлгосон байлгүй дээ. Жишээ нь манай холбооны X дугаар бага хурлын нээлтэд Х.Амгаланбаатар ерєнхийлєгч "Танай холбоо бол МҮЭХ-г тэмцэл, ажлын үр дүнгээрээ манлайлж байгаа учраас 2016 оны шилдэг гишүүн байгууллагаар шалгаруулсан. Цаашид МҮЭХ өөрийн гишүүн байгууллагуудтайгаа хамтдаа та бүхэнтэйгээ хамтдаа тэмцэж ажиллана” гэж хэлсэн. Тэгээд ч ҮЭ-ийн гишүүд, ард түмэн ч эрх баригчдад хатуу шаардлага тавьж нийгэмд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байгаа учраас тэмцэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч ч байгаа шүү дээ. Албан тоотоор санал, шаардлага хүргүүлээд, хэлэлцэе, шийдвэрлээч гээд байхад хэнэг ч үгүй байгаа тохиолдолд хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрсөн мэт чимээгүй суух ёс зүй надад байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүлл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооныхон тодорхой асуудлаар санал шаардлага тавьж харьцаад ч үг авдаггүй, дэггүй, эрх мэдлээ хэтрүүлэн суугаа эрх баригчидтай тэмцдэг. Тэмцэл бүхэн хамтын шийдвэрт үндэслэдэг. Үр дүнд хүрээгүй тохиолдол одоогоор байхгүй. 
Эх сурвалж: МҮЭ-ийн төв хэвлэл Хөдөлмөр сонин, 2018 он, Д.Тэгш

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler