Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд "Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцжээ. Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарчээ. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдгийг туршилтаар баталсан тухай "Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцуулсан байна. Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна. Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, баруун бүсэд 97 мянга, зүүн бүсэд 53 мянга гаруй өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу "ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь "Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
