| |
Монгол бахархалын өдөрт: Чингис хаан-Тэмүжин мэндэлсэн нь
-Монголын нууц товчооны 59 дүгээр зүйлд "Тэр цагт Есүхэй баатар татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэжээ.
Чингис хааны төрсөн тухайд Монголын нууц товчоонд (Цаашид "МНТ” гэнэ) дээрхээс өөр мэдээ байхгүй. Түүнийг дэлгэрүүлэн бусад сурвалж бичигт тэмдэглэснийг харгуулан тайлбарлавал:
Нэг. Төрсөн газрын тухайд
Энд дурдагдаж буй Дэлүүн болдог гэдгийн "Болдог" гэдэг нь "Дов, толгод, довцог, гүвээ” гэсэн үг. Дэлүүн болдог хаа буй талаар олон домог, таамаг байдгаас ихэнх судлаач одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй гэдэг дээр санал нэгдсэн байна.
Тухайлбал, Ононы баруун гараас зүүн хойш чигтэй, гол РУУ түрж тогтсон Дэлүү мэт хэлбэртэй том хошуу. Умард уртрагийн 49° 03’ 143’, зүүн өргөргийн 111 ° 38’ 546’ хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982, 8 метрийн өндөрт оршино. Энэ газар нь Чингис хаан ба түүний өвөг дээдэс, үр хойчсын уугуул үндсэн нутаг юм. Тиймээс энэ бол Тэмүжиний мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газар мөн гэжээ.
Гэхдээ зарим судлаач Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Хурх голын савд буй Ламын ухааг Дэлүүн болдог нэртэй байсан гэдэг.
Бас Оросын судлаачид Чита мужийн нутагт Онон голын доод урсгалд "Делун болдак” гэдэг газар бий гэдэг. Гэхдээ одоогоор үнэмшилтэй баримт нотолгоо байхгүй байгаа юм.
Хоёр. Тэмүжин хэмээх нэр өгсөн тухайд
Тэр цагт улс, аймаг бүр хүүхдэд нэр өгөх өвөрмөц ёс заншилтай байсан ба жишээ нь Түрэгийн зарим аймаг гэхэд хүүхэд төрөх үед гаднаас хамгийн түрүүнд орж ирж таарсан хүний нэрийг өгдөг байсан гэдэг. МНТ-нд өгүүлснийг үзвэл тэр цагт боржигинууд байлдаанд дийлдсэн дайсныхаа баатар эрс, тэргүүлэгч ноёдын алдар нэр, цол хэргэмийг хураан авч ноёд, баатадын зэргээс хасч буулгаад, сая төрсөн хүүхэддээ шилжүүлэн өгдөг нэгэн заншилтай байж.
Хүүхдэд нэр хайрладаг өөр дэг ёс ч бас байсан нь эргэлзээгүй. Тиймээс Есүхэй баатар татаарын цэргийн тэрхүү нэрт ноёны "Тэмүжин” хэмээх өргөмжит нэрийг хураан авч хүүдээ өгсөн нь тэр байжээ.
Түүнээс гадна "гартаа шагайн чинээ нөж атган төрсөн" нь тэр үеийн монголчуудын бэлгэдлээр аугаа их баатар төрж буйн шинж тэмдэг байв.
Гурав. Төрсөн он цагийн тухайд
МНТ-нд Тэмүжиний төрсөн он цагийг үл дурджээ. Гэвч судлаачид бусад сурвалж бичгийн мэдээг үндэслэн төрсөн өдрийг нь тогтоосон байна. Харин саяхныг болтол нэгэн хэсэг их хааны төрсөн оныг судлаачид 1154,1155, 1161, 1162, 1167 гэж таван өөрөөр ярьж бичиж, тэмдэглэж байв.
Төрсөн сар, өдрийг нь ч мөн нанхиад, түвд тооллын аргаар бодож аргын "4 дүгээр сарын 16”, "5 дугаар сарын 3", "5 дугаар сарын 31" гэх мэтээр тодорхойлж ирсэн билээ.
Гэтэл тэр үед монголчууд хүний төрсөн өдрийг эхээс мэндэлсэн өдрөөр нь бус, харин эхийн хэвлийтэй холбож байсан хэлхээс холбоо тасарч, эхээс хамаарахгүйгээр бүрэн бие даасан хүн болсон гэдэг утгаар хүй нь цөглөсөн өдрийг онцгойлон тэмдэглэдэг ёс заншилтай байжээ. Тиймээс монголчууд Их эзэн Чингис хааныхаа хүй цөглөсөн өдөр буюу төрсний баярыг найман зууны турш жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.
Тухайлбал, Хубилай сэцэн хаан өвөг эцэг Чингис хааныхаа хөөнцөг (хүй) цөглийдсөн өдрийг тохиолдуулан жил бүр торийн их тайлга тахилга хийж байх зарлиг тунхаглаж, тэрхүү ёслолыг хариуцах хүмүүсийг тусгайлан томилж дархалсан түүхтэй.
"Тасман тайлга” гэж нэрийддэг тэрхүү тайлгыг одоог хүртэл Ордос дахь Чингис хааны онгоны дархадууд хариуцан гүйцэтгэдэг. Чингис хааныг төрсөн даруйд дулаан өлгий хийж онгон ямааны арьсан тасмаар (нарийн сураар) боож мялаасныг дурсгаж тийн "Тасман тайлга" гэж нэрлэсэн гэдэг.
Ер нь Чингис хааныг "Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн" гэж олон сурвалжид тэмдэглэсэн байна. Тиймээс 2012 онд Монгол Улсын Ерөнхийлегч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж "Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжпэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй!
...Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай! хэмээн тогтоожээ.
Доктор, профессор Жамбын Базарсүрэн