| |
Монголын гадаад сурталчилгаа монголчуудыг гутаахад чиглэж байна
Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх онд Монгол Улсад болно. Үүний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсыг гадаадад хэрхэн сурталчлах тухай хөтөлбөр боловсруулахаар болжээ. Ер нь Монголын тухай ямар сурталчилгаа өмнө нь байсан, гадныхан бидний юуг нь илүү сонирхдог тухай ч авч үзэж. Судалгаагаар Монгол орон, монголчуудын талаарх дараахь мэдээллүүдийг гадныхан хамгийн их сонирхон үздэг байна.
Цаатнууд. Монголын тайгад амьдардаг цаатнуудын тухай гадныхан хамгийн их сонирхдог байна. Цаа буга бол тэдний гол хэрэглээ. Унана, ачина, сүүг нь ууна, махыг нь хэрэглэнэ. Хөхөө өвлийн тачигнасан хүйтэнд урцанд амьдарч, хүүхдүүд нь хөл нүцгэн цасан дээр гүйлдэх тэдний ер бусын амьдрал. Амьтны арьсаар хийсэн гутал, малгай сэлт нь тайгын хүйтнийг давахад тусалдаг бол гадныханд тэд цармын өндөрт амьдардаг зэрлэг хүмүүс шиг харагддаг. Тэгж л ойлгогддог.
Ардын урлаг: Монголын ардын урлаг тэр дундаа хөөмийг гадныхан их сонирхдог. Манай хөөмийчдийн өмссөн зүүсэн нь ч этгээд сонин болохоор анхаарал татдаг биз. Эртний баатруудын өмсгөл зүүлт мэт дээл хувцас өмсөж, сүртэй том үслэг малгайнууд тавьдаг нь яг хэдэн зууны өмнөөс ирсэн хүмүүс мэт харагддаг байлгүй. Дэлхийд гайхагддаг гэдэг манай уран нугаралт ч бусдыг нүдийг бүлтийлгэдэг. Үегүй мэт үелзэн хөдлөх нугараачдыг тэд жирийн хүн гэдэгт эргэлздэг. Ямартаа л гадны нэг жуулчин бидний тухай "голио мэт исгэрч, могой мэт мурилздаг” гэж ярьсан байхав.
Кино: Монгол киночдодоо үнэндээ гомдмоор санагдах үе бий. Яагаад гэхээр гадны том тэмцээнд оролцохдоо киночид маань Монгол орныг амьдын там гэж харуулахыг хичээдэг мэт. Траншейныхан, том том шуудай хог үүрээд явж байгаа халтар царайтууд, гуйлга гуйгаад сууж буй сэгсгэр үстэй хүүхдүүд, уранхай ноорхой хувцастай настнууд, авлига авч байгаа дарга нар гээд хамгийн муу муухай гэж юу болохыг яруу тодоор кинондоо харуулдаг. Хонь гаргаж байгаа үйлдлийг нэг бүрчлэн үзүүлж ч байх шиг. Нэг, хоёрдугаар сарын Улаанбаатарын харанхуй хөшгөн утаа ч кино хийх нэг сэдэв нь. Энэ мэт яавал Монголыг дэлхийд муухай харагдуулчих вэ хэмээн уралдаж байгаа мэт хамгийн хэцүү, болохгүй бүтэхгүйгээр нь кино хийнэ. Мэдээж, дэлхийд байхгүй тэр хатуу хэцүү, гаж амьдралыг харуулсан тэдэнд шагнал өгнө. Өөрсдийгөө дэлхийн хэмжээнд явна хэмээн сагсуурцгаана.
Уул уурхай: Сүүлийн жилүүдэд уул уурхайтай холбоотой мэдээлэл их цацагдах болжээ. Харамсалтай нь дандаа сөрөг мэдээлэл. Монголд очиж уул уурхайд нь хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг нь дээрэмддэг, эзнийг нь барьж шоронд хорьдог. Монголын төр дээрэм хийдэг гэх мэтээр урсана. Үүнийг уншсан хүмүүс биднийг тал нутагт амьдардаг зэрлэгүүд мэтээр төсөөлдөг.
Хувцаслалт: Манай тамирчид олимпод оролцохдоо нээлтийн үеэр ер бусын сонин хувцас өмсөн гарч ирдэг байсан нь сүүлийн үед арай гайгүй болоод байгаа. Амьтны арьсан том том малгай өмсөөд ч гарч ирж байх шиг. Монгол бөхийн өмсгөлтэй тугаа мандуулаад ч алхаж байх шиг. Энгийн үедээ түвшин сайхан хувцасладаг хэрнээ дэлхийн улсуудын тэр том наадмын үеэр хачин гайхам хувцас өмсдөг нь ч юув. Испанид болсон загварын шоунд манайхан оролцохдоо бас л бусдын нүдийг орой дээр нь гаргасан тухай яриа бий. Зуны улиралд болсон загварын шоунд бусад улсууд хөнгөн нимгэн хувцас сурталчилж байхад манайхан нэхий дээлээ өмсөөд гараад ирсэн гэдэг.
Бидний тухай ийм л гаж буруу мэдээлэл дэлхий нийтэд хамгийн их цацагддаг. Заримыг нь бүр бид өөрсдөө түгээхийг яана. Үүний үр дүнд Монгол Улсыг, монголчууд биднийг гадныхан юу гэж боддог вэ? Захын хүн л "Чи намайг Монголд очвол морьтой тосох уу. Та нар хичээлдээ мориор явдаг уу. Танайд машин байдаг уу. Монголчууд интернэт гэж мэдэх үү. Халуун усанд орж болох уу” гэж асуудаг. Тэд биднийг морь унаж, малын арьсаа нөмөрсөн бүдүүлгүүд гэж боддог учраас ингэж асуудаг юм. Халуун орны ширэнгэнд амьдардаг хүн иддэг зэрлэг омгийнхон мэтээр төсөөлдөг учраас ингэж ханддаг юм.
Бид энэ бүх гадаад сурталчилгааг байнга л шүүмжилж, Монголоо монголоор нь дэлхийн хүмүүст таниулах ёстой хэмээн бичиж ирсэн билээ. Хариуд ардын урлагаа мууллаа, уран бүтээлчдээ шүүмжиллээ гэх мэтээр баахан ад үзэнгүй хандлагууд ирдэг юм. Харин аз болж Ази, Европын улсуудын дээд хэмжээний уулзалт манайд болохоор төлөвлөгдсөнөөр Монголын гадаад сурталчилгаа ямар байгааг үнэнээр нь харах боломж олдов. Хараад бодит байдалтай нүүр тулгарч байгаа нь энэ.
Одооноос эхлээд бид дээрх шиг хар бараан мэдээлэл, сөрөг сурталчилгааг хааж, гэрэл гэгээтэй бүхнээ дэлхийд сурталчилъя. Монгол бол хөгжиж буй орон, монголчууд бол дэлхийн соёлт хүн төрөлхтний нэг юм гэдгийг ойлгуулж залруулах хэрэгтэй. Газар нутаг, цаг агаарын нөхцөл нь л өөр болохоос Монгол Улс бол Зүүн Европын орнуудтай бараг ижилхэн шүү дээ. Бид НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улс. Дэлхийн олон оронтой дипломат харилцаатай. Нийслэлд нь дэлхийн брэндийн дэлгүүрүүд албан ёсоор ажилладаг. "KFC”, "Burger King” гээд дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ ресторануудтай. Интернэт, гар утастай. Алдарт Форд, Бенз, Тоёота, Аудигаас эхлээд бүхий л загварын машинууд гудамжаар нь давхилдаж байдаг улс шүү.
Монголчууд бол орчин үеийн хүмүүс шиг костюм өмсөж, цаг зүүдэг, франц сүрчиг хэрэглэдэг, гаж буруу царайгүй, өндөр ч биш, нам ч биш ард түмэн. Өөрөөр хэлбэл, бид бусад шиг л орчин үеийн хүмүүс.
Монголчуудыг төлөөлүүлэн гадаадад сурталчилдаг цаатнуудыг бидний үр хүүхэд төдийгүй өөрсдөө ч бид төдийлөн сайн мэддэггүй. Хөөмийлж, уран нугардаг хүмүүс монголчуудын дунд тийм ч олон байдаггүй. Бид амьтны арьс нөмөрч, энд тэндээсээ үс ноос унжуулан гудамжаар алхдаггүй. Хүн амын тун цөөн хувь нь гуйлга гуйж, хог түүдэг. Энэ бол дэлхийн ямар ч улсад байдаг л зүйл. Харин бидний алдаа бол тун цөөхөн байдаг зүйлээ монголчууд бүгдээрээ ийм мэтээр дэлхийд сурталчилдагт байгаа юм. Тэр хэрээр гадныхан монголчуудыг бусдаас гаж, стандарт бус ард түмэн гэсэн ойлголттой болжээ.
Дэлхийн улсууд өөр өөрийн нэрийн хуудас болсон алдартай сайхан кинотой байдаг. Манай уран бүтээлчид ч тийм киног бие биенээсээ өрсөн хийх уралдаанд мордох цаг нь болжээ. Монголыг дэлхийд муухай харагдуулах, бүдүүлэг, хүн төрөлхтнөөс гаж харагдахуйц, үндэстнийг гутаасан кино хийсэн хүмүүст өндөр татвар тавьж шийтгэж баймаар санагдана. Уран бүтээлчид, киночид, гэрэл зурагчид ч цаашид бүтээл туурвилдаа энэ бүхнийг тусгаж анхааралдаа аваасай.
Адель шиг, Селена Гомес шиг, Жастин Бибер шиг авьяастай дуучид Монголд бий. Тэднийгээ олж, дэмжиж, дэлхийд гаргах, Монголын нэрийн хуудас болгох, сурталчилгаа хийх боломж дүүрэн бий. Монголыг монголоор нь дэлхийд таниулах тийм л мэдээлэл, сурталчилгааг одооноос хийх, түгээх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Д. Оюунтуяа