| |
Р.Гончигдорж хууль зөрчин нэг асуудлаар хоёр завсарлага өгөв
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж
байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл
үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх
байсан ч "Шударга ёс” эвслийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүсч,
түүнийг нь хурал даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ёсоор болгосон
юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар
хууль зөрчсөн үйлдэл хэмээн тодотгосон. УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.6-т зааснаар Нам, эвслийн бүлэг тодорхой нэг асуудлаар завсарлага
авч болох бөгөөд завсарлагын хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байна
гэжээ.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болохоор хуульд тусгажээ. Харин Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглосон байна.
Өршөөлийн хуулиар МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвсэл үүнээс өмнө нэг удаа завсарлага авсан бөгөөд тус эвслийн зүгээс Өршөөлийн хуулийн хоригт гол шалтгаан болоод байгаа авлига албан тушаалтай холбоотой 350 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа 100 гаруй хүний нэрийг ил гаргахыг шаардаж завсарлага авч байв.
Гэвч өчигдөр хурал даргалагч хууль зөрчин байж дахин завсарлага өглөө. Тиймээс уг асуудал Үндсэн хуулийн цэцэд очих нь тодорхой болов.
Н.Намуун