| |
16 нярайг “хордуулсан” эрхэм гишүүн "Монос"-ын Л.Эрдэнэчимэг Канадад зугаалж явна
Мөн эм импортолдог нөхөд ямар чанаргүй эм тариа оруулж ирдэг, түүнд хэн хяналт тавьдаг вэ гэдэг нь анхаарал татаж байгаа бөгөөд үүний нэг баримт нь дээрх үйл явдал боллоо. "Монос” группийн хувьд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн мэдэлд байдаг. Сардаа хэдэн арван чингэлгээр эм импортолдог гэдэг юм билээ. Гэтэл эрхэм гишүүний энэхүү ашигтай бизнес олон нярайн аминд хүрэх дөхөв. Эмийн бизнес эрхэлж хэдэн тэрбумаар нь олдог Эрдэнэчимэг гишүүн зөвхөн ашгаа бодохоос эмийн зохистой хэрэглээ мэтийг хэвшүүлэхэд санаа тавьдаггүйн гайгаар 16 нярай эндэх дөхөв.
Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар ярихад өөрийн бизнест халтай гэж боддог уу, ямартай ч тэрбээр энэ сэдвээр ам ангайдаггүй. Тамхи гэж баахан ярьсныг эс тооцвол УИХ-ын сэнтийд заларснаас хойш хийсэн ажлаар маруухан. Тэгсэн атлаа 300 сая төгрөгийн үнэтэй машин худалдаж авснаа гайхуулж, хашаа саравчиндаа тарьсан цэцгээ хотын дарга нараар дэмжүүлж яваагаас өөр иргэдийн төлөө хийсэн зүйл бараг байхгүй. Түүний ганц чаддаг ажил нь тамхитай тэмцэх юм гэсэн. Гэвч энэ хатагтайн удаан хөөцөлдөж байж батлуулсан Тамхины тухай хуулийг төгс болоогүй гэдгийг олон хүн шүүмжилдэг юм билээ. Үнэндээ бол тамхи ч эм ч ижилхэн хор. Тамхи хүний биеийг аажмаар хордуулдаг бол эмийг нэг л удаа буруу хэрэглэхэд тэр хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог гэдгийг эрхэм хатагтай мэдэх учиртайсан. Эмийн бизнес эрхлэдгийнхээ хувьд тамхи гэхээс илүү эмийн зохистой хэрэглээний талаар ам ангайсан бол олон нийтээс авах оноо арай ахиу байх байсан биз. Түүний Улаанбаатарыг хэрсэн эмийн бизнес хөдөө орон нутаг руу хүрээгээ тэлээд эхэлсэн. Тэгэхээр хаа сайгүй түүний бизнес хүчээ авч байна гэсэн үг. Ялангуяа өвчлөл өндөртэй манай улсын хувьд эмийн бизнес хамгийн ашигтай нь. Гэхдээ нөгөө талаар хайхрамжгүй хандвал өнөөдрийнх шиг хүний аминд хүрэх зэвсэг болох нь энүүхэнд. "Монос”-ынхны хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж хэдэн хүүхэд эрэмдэг болж мэдэхээр байна. Уг нь эмийн сан хамгийн эмх цэгцтэй, цэмцгэр, төрөлжсөн байх ёстой. Гэтэл хүүхэд, том хүний эмийн хэрэглээг хольж хутгаснаас болоод дээрх хэрэг дэгдэхэд хүрсэн болов уу.
Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн эмийн сан нь тусдаа байдаг юм билээ. Харин манай улсад хамаг юм нь холилдчихсон. Олон жилийн туршлагатай, бусдаас олон салбартай гэдгээрээ "Монос”-ынхон хүүхдийн эмийн сан байгуулчихаж болох л байлаа. Гэвч тэгээгүй. Нөгөө талаар "Монос”-ынхон жинхэнэ мэргэжлийн хүнийг ажиллуулдаг эсэх нь эргэлзээтэй. Аялал жуулчлалын мэргэжлээр сургууль дүүргэсэн хүн "Монос”-д ажиллаж байхтай ч таарсан. Нэг эмийн сангийнхны хэнэггүй зангаас болж 16 нярайн амь дээсэн дөрөөн дээр байна. Бас эцэг, эхчүүдийг сандаргаж бүхэл бүтэн эмнэлгийг хөдөлгөөнд оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй мэргэжлийн хяналт, цагдаагийнхныг хүртэл түргэн авахуулав. Харин энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх бол. Эм буруу тунгаар хэрэглэхийг зөвлөж зарсан эмийн санчид хариуцлага тооцоод өнгөрөхөөс илүү "Монос” компанийн эздэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй бус уу.
Цаашлаад байшингийн булан тойроод л шарилж шиг хаа сайгүй таарч байдаг эмийн санг цөөлөх нэг сануулга боллоо. Эмийн сангийн удирдлагууд ЭХЭМҮТ -д очиж ажилласан. Шаардлагатай эм тариаг гаргаж өгнө гэсэн мэдээллээс илүүтэй энд бизнестэй нь холбоотой таагүй дуулиан дэгдээд байхад утсаа салгаад сураггүй байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Канад улсын Бритиш Колумб мужид хууль судлах нэрээр зугаалж яваа гэх мэдээлэл ч байна.
Эцэст нь манайхаас өөр оронд ийм үйл явдал болсон бол хамгийн түрүүнд тухайн бизнес эрхлэгч өөрөө олон нийтийн өмнө гарч уучлал гуйдаг. Харин манайд байдал эсрэгээрээ. Доод албан тушаалтан нь буруудаж, дарга нь мандаад өнгөрдөг энэ жишиг одоо бүү давтагдаасай.