| |
Видео
Шинэ мэдээ
ШАР ДӨРӨЛЖ ХЭМЭЭХ ГАЗРААС ХҮН БҮР АЙДАГ
Хүн ил тавьдаг оршуулгын газар ямар л олигтой байх билээ. Эл газраас болж галзуурсан ч хүн байдаг гэх яриа байдаг юм билээ. Нэгэн айлын охин хонь хариулж яваад аятайхан суран чөдөр оллоо хэмээн баярлаад эрээн зүйлс бариад авсан чинь хүний гургалдай байсан гэдэг. Түүнээс айж цочсон айлын хүүхэд галзуурч хэлгүй болсон түүхтэй. Мөн машин зам яг тэр газрын урдуур явдаг бөгөөд шөнийн цагаар явах жолоочдын үстэй толгой арзайж, сэрвээнийх нь үс босдог гэж ярьдаг юм билээ. Нэгэн удаа сумын наадам үзчихээд орой болсон хойно гэр рүүгээ 69 машинаар явж байсан Батынхны зам дээр эгэл биш хүн гар өргөөд зогсож байсан гэдэг. Ээж нь учир мэдэх хүнтэй "Миний хүү нүдээ аниад дайраад гараарай. Наадахь чинь эгэл биш хүн шүү” гэж хэлээд дайрсан гэдэг. Гэртээ яаж ирсэнээ ч тэд санадаггүй гэдэг юм. Тэр хүний хувьд өрөөсөн гаргүй, сахал үсэндээ баригдсан шалдан, цус нөжиндөө хутгалдсан хүн байсан гэдэг. Мөн сургуулийн хүүхдүүд нэгэн удаа хөдөөнөөс аргал түүгээд шөнө трактороор ачаад ирэхдээ яах аргагүй Шар дөрөлжийн замаар ирсэн аж.
Гэтэл тракторын урдуур нь баахан шалдан хүмүүс гараа өргөөд гүйлдээд байсан гэлцдэг. Мөн шөнийн цагаар тэр хавиар явахаар жаахан хүүхдийн уйлах чимээ, хөгшин хүмүүсийн ёолох чимээ ерөөсөө тасардаггүй юм. Морьтой явж байвал морийг тушчихдаг гээд янз бүрийн зүйл их л сонсогддог билээ. Миний нагац ахыг адуу хайгаад тэр хавиар явж байтал морь зогтусаад урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй болчихсон гэдэг. Ах маань ийм үед айж сандарч, балмагдаж болдоггүй юм гэсэн. Мэддэг мэгзэм, тарниа уншаад салтаа доогуураа шороо самрахаар салдаг юм гэнэ лээ гэж бодоод юу ч бодолгүй, айлгүй буугаад мэгзэмээ уншаад шороо самартал морь нь зүгээр яваад өгсөн гэдэг. Элдэв янзын зүйл их л дуулддаг юм билээ.
Бас нэгэн удаа хөдөө төрөхөөр өвдсөн эмэгтэйн дуудлагад мотоциклиор явж байсан ах, дүү хоёрын урдуур баахан тайлаг тэмээ туйлаад ороод ирэхэд жолоо барьж явсан ах нь ухаан алдаж унаад бөөн юм болсон гэдэг. Энэ мэтчилэн сүнс сүүдэртэй газрууд цөөнгүй байдаг ч сүнс гээч юм шоглох ёстой хүнээ шоглохоос зарим тохиолдолд хүнийг ерөөсөө тоодоггүй юм гэнэ лээ гэх яриа ч олны дунд байдаг аж.
Эх сурвалж: http://mongoliax.mn/v/298